images

“Мөрөөдөл” буюу “Чамайгаа үгүйлнэ”


     Хамгийн сүүлд эстрадын дуучин Ж.Уранчимэгийн дуулснаар бидний сайн мэдэх “Мөрөөдөл” дууны хөгжмийг хөгжмийн зохиолч Ж.Шараа, үгийг зохиолч Л.Чойжилсүрэн бичжээ. Энэ дууг 1966 онд Б.Түмэндэмбэрэл дуулж, Монголын радиогийн алтан фондод ардын цөөхүүл хөгжимтэй бичүүлсэн байна. Тухайн үед Л.Чойжилсүрэн эхнэртээ зориулж шүлэг бичсэн нь ийн дуу болсон бол хөгжмийн зохиолчийн хувьд өөрийгөө сорьж үзэхийг хүссэн аж. Учир нь, 1961-1965 оны хооронд бичсэн бүх дуугаа Б.Зангадад зориулж бичсэн түүнд нэгэн хөгжимчин “Дуу бүр чинь хит болж байгаа нь чамд эсвэл дуучинд чинь байж болох юм” хэмээн нэг л дуучинд дуу хийж өгөөд нэг хэв загварт баригдавзай гэсэн холын бодолтой үг хэлжээ. Түүнийг нь Ж.Шараа гуай ойлгон хүлээж аваад 1964 онд “Миний хөөрхөн дүү” хүүхдийн дуу хийсэн нь цэцэрлэгүүдээр түргэн тарж, түүнд урамшин “Гэгээн өглөө” дууг зохиожээ. Ингээд 1966 онд Л.Чойжилсүрэнгийн “Чамайгаа үгүйлнэ” гэдэг ардын дууны мэт хэв маягтай шүлэгт үндэсний хөгжимд зориулсан ардын ая хийж, түүнийгээ Б.Түмэндэмбэрэлээр дуулуулах нь зохистой гэж бодсон гэнэ. Ингээд дуу ч гарсан даруйдаа олонд хүрч, хожим дуучин Ардын жүжигчин болохдоо хөгжмийн зохиолчийг цайллагандаа хүндэт зочноор урьсан гэдэг. Харин Ж.Уранчимэг энэ дууг дөрвөн удаа шинэчилж дуулснаас гадна “Мөрөөдөл” гэж нэрлэсэн юм. Тэрбээр 1979 онд Монголын анхны эстрадын дууны улсын уралдаанд орж, шилдгээр шалгарснаар дууг дахин дуулж 1980 онд “Баян Монгол” чуулгын анхны пянзанд бичүүлжээ. Учир нь, тус уралдаанд оролцогчид наадмын зохион байгуулагчдаас өгсөн дуунуудаас нэгийг сонгон дуулах бөгөөд шилдэг гурван оролцогч “Баян Монгол”, “Соёл Эрдэнэ” чуулгад нэгдэх, шинэ дуу хийлгэх эрхтэй байсан аж. Тиймээс Ж.Уранчимэг “Чамайгаа үгүйлнэ” дууг сонгон дуулаад, шилдэг гуравт шалгарч “Эх үрсийн элбэрэл” гэдэг шинэ дуутай болжээ. Тэгэхэд Ж.Уранчимэг дөнгөж 20 настай байсан аж.

Эх сурвалж: "25" дугаар суваг телевизийн "Дуу төрсөн түүх" нэвтрүүлэг.