images

Маршалын хишиг хүртсэн сэргэлэн эр


     1945 оны дөрөвдүгээр сард маршал Чойбалсан Дорноговь аймгийн сумдаар явж ирээд аймгийн төвийн айлуудаар оров. Нэг айлд ороод гарахад нь шар Ринчин хэмээх сайн эр гадаа тоглож шороотой зууралдан үс сэвлэг нь ширэлдсэн нэг айлын хүүхдийг шүүрэн авч тэврээд өөр нэг хүүхдийг хөтлөн маршалыг тосож очоод “Сайн явж байна уу, маршал аа?” гэхэд маршал ч хариу мэндлэн “Сайн явж байна. Сайхан хаваржиж байна уу?” гэхэд нөгөөх чинь “Гайгүй дээ. Муу нөхөр чинь өтөлсөн хойноо олон хэнз хүүхдэд дарагдаад, бас дээрээс нь өнгөрсөн жилийн ган, зуд нэрмээд тун зүдэрч явна” гэв. Маршал яах аргагүй эртний танилыгаа танихгүй байна гэж бодсон бололтой “Дараа уулзаж тухтай ярилцъя” гээд өврөөсөө түрийвчээ гарган гар эсгэм зуутын хоёр дэвсгэрт гаргаж өгөөд “Би хуягт бригадын зочид буудалд байгаа. Чухал хэрэг байвал очиж уулзаарай” гэжээ. Аймгийн дарга Ёндонжамц “Яая даа чамайг” гэсэн байдалтай Ринчинг хяламхийн харна. Ринчин “За тэгье ээ, маршал аа” гээд мэхэсхийн хоцорлоо. Шар Ринчин бол Дэлгэрэх сумын хүн. Нутгаасаа гараад олон жил сураггүй байснаа газрын гаваас гарч ирсэн юм шиг гэнэтхэн бий болжээ. Корпус командлан захирч явсан ч гэх шиг, японыг хиар цохиж явсан ч гэх шиг, одонгоор шагнуулсан, тэрийгээ авч амжаагүй ч гэх шиг юм ярьж нутгийнхнаа мэл гайхуулна Тэр сэргэлэн эр маршалын сураг сонсмогц маршалтай уулзах онц чухал хэрэгтэй гэж сумынхаа нарийн бичгийн даргаас улааны зар шийтгүүлж аваад өртөөгөөр Сайншанд орж ирсэн нь тэр байж. Түүний энэ паянг Ёндонжамц дарга мэдэж байсан ажээ.

Г.Жамсранжав. “Миний хувь тавилан” номоос