images

Хөгшин оюутны паян


     Жаргалантын Сангийн аж ахуйд намаржин тариа ногоо хурааж, нар салхинд холцруутан шороотой төмс шиг болсон оюутнууд хотод ирж анги ангидаа хуваарилагдан анхны хичээлдээ орцгоолоо. Ажиллаж байгаад ирсэн мань мэтийн арваад “хөгшин” оюутантай манай Монгол хэл, уран зохиолын факультет МУИС-ийн хоёрдугаар байранд байрладаг ажээ. Арав төгсөөд ирсэн гучаад хурган оюутан, ажиллаж байгаад ирсэн арваад төлгөн оюутнууд цөм бие биеэ үл таних тул дэмий л энийг гайхан түүнийг шохоорхоно. Хичээлийн эхний цаг дээр монгол дээлтэй залуухан багш бүсгүй орж ирээд өөрийнхөө намтар түүхийг оросоор танилцуулснаа, самбар дээр “Хэрээ хэрээнийхээ зүг ниснэ” гэсэн гарчиг тавиад А.C.Пушкины дөрвөн мөр шүлгийг оросоор бичив. Тэгээд “Энэ шүлгийг цаашаа хэн үргэлжлүүлэн гүйцээж бичих вэ?” гэж асуух шиг болов. Эргэн харвал гар өргөсөн хүн ганц ч алга. Гэтэл өчигдөр деканы үүдэнд танилцсан Ховдоос ирсэн Цэрэндагва гэдэг миний үе насны улаан нүдтэй залуу босож “Багш аа, миний дотор муу байна. Гарахыг зөвшөөрнө үү” гэхэд багш “Яагаад дотор чинь ...” гэтэл мань эр түрүүлэн ам нээж “Өчигдөр оюутан болсныхоо бал сарыг тэмдэглээд жаахан наргисан юм. Уучлаарай” гэж хэлчхээд цүнхээ барин гарч одов. Удалгүй завсарлагааны хонх дуугарч Загдын Түмэнжаргал бид хоёр араас нь гарвал нөгөөх маань коридорын цонхон дээр шил архи гаpгаад тавьчихсан нүүр ам нь улаа бутран зогсож байх нь тэр. Ойртон очвол гурвуулаа зоогийн газар очъё гэдэг байгаа. Түмэнжаргал ихэд сандарч “Юу гэсэн уг вэ, наад архи дарсаа цаашаа далд хий. Их сургуульд apaй ядан гуйхаас наахнуур байж орчхоод анхны цагийн хичээлдээ ингэж сахилгагүйтэж болохгүй, хөөгдөнө” гэв. Цэрэндагва архиа дуртай дургүй цүнх рүүгээ хийнгээ “Би л лав энэ сургуульд гуйж ороогүй. Та хоёр л гуйж орсон юм байгаа биз. Саяын тэр багш хүүхэн чинь Сангийн сайд Моломын авгай Загдаа. Намайг танихгүй хүн болж худлаа жүжиглэж байгааг нь хараад бүр дургүй хүрчихлээ. Би уг нь энэ сургуульд суух ёстой хүн биш. Хойшоо НАХЯ-ны дээд сургуульд явах гэж байтал эцгийн бие муудаад наашаа ороод ирчихсэн юм” гэв. Хэд хоногийн хойно анги даасан багш Жамбaaжaмц opж иpэн “Дөнгөж сургуулийн босгоор алхсан өдрөө архи дарс уун хэл ам таталж, сургууль хамт олныг доромжилсон харамсалтай явдал манай aнгиaс гapсaн байна. Aр, өврийн хаалгаар шургалсан Цэрэндагва мэтийн хүмүүсийг сургуулиас хөөхийг би хатуy caнyyлж байна” гэж хэлтэл Цэрэндагва халааснаасаа нэг бичиг гаргаж, багш руу сарвайснaa “Та эхлээд үүнийг уншчихаад дараа нь намайг сурryyлиаcaa хөөгөөрэй” гэв. “Би чамайг уучлал гуйсан өргөдөл өгсөн өгөөгүй сургуулиас хөөхдөө л нэг хөөх болно” гээд багш нөгөөх бичгийг авч хайнгадуухан гүйлгэн харснаа гэнэт нүдэндээ ойртуулан анхааралтай нь аргагүй хэд дахин унших шиг боллоо. Цэрэндагва нүдэндээ доогтойхон инээмсэглэл тодруулснаа “Наад бичгэн дээр чинь намайг сур гэсэн үг үсэг байхгүй шүү. Харин та нарыг амжилттай сургаж төгсгө гэсэн албан даалгавар байгаа байх шүү” гэхэд багш хар цагаан дуугүй гараад явчихаж билээ. Дараа нь Ардын Иx Хурлын бланк бүхий толгойтой тэр бичгийг Түмэнжаргал бид хoëp Цэрэндагва найзаасаа гуйж баймаажин авч уншвал “МУИС-ийн ректор Содномд. Энэхүү Цэгмид овогтой Цэрэндагвыг бүх талаар хичээнгүйлэн дэмжиж амжилттай суралцуулж төгсгөхийг үүрэг болгов. АИХ-ын тэргүүлэгчдийн дарга Ю.Цэдэнбал" гэж цэнхэр чернилиэр таталгаж зураад АИХ-ын том улаан тамгыг тодоос тод дарсан байж билээ. Дараа мэдвэл энэхүү паянтай оюутан Цэрэндагвын маань эцэг Цэгмид гуай 15 настай Цэдэнбал хүүг аав ээжийн нь адил асарч тэтгэн Эрхүү хотын "Рабфак" гэдэг сургуульд дагуулан очиж хичээл ном зааж их амьдралд хөл тавиулсан ачтан нь байсан юмсанж. Тэгээд далаад оны дундуур нас өндөр болж мал даган хөдөөний хүн болсны дараа эрхийн цагаан солио туссан ганц “хөгшин” хүүгээ сургууль бараадуулан, залуу насны шавь Бал даргад даатган эрдэм номтой хүн болгохыг захисан захидлын хамт Ховдын хязгаараас Улаанбаатар луу илгээсэн нь тэр байжээ.

Төрийн шагналт зохиолч Балжирын Догмид