images

“Гүйгүүл морин”


     1961 онд Налайхын хойд энгэр дэх Хонхор өртөөнөөс галт тэргэнд 300 адуу ачиж Вьетнамд хүргэжээ. Гэтэл тэр адуунаас нэг азарга Вьетнамд буунгуутаа торон хашлагыг даван зугтаж, хоёр жилийн турш эх нутгаадаа гүйсээр 1963 онд эргээд ирсэн аж. Энэ түүхийг Л.Төмөрбаатар хурандаа урьд сонсон биширч байсан ч адуу судлаач Д.Цэгмид гуайн амнаас сонсож сая нэг үнэмшээд “Гүйгүүл морь” дууны үгийг бичсэн гэдэг. Хурандаад Д.Цэгмид гуай “Монгол адуу” номоо бэлэглэж, тэд морины тухай ярилцаж суух зуур “Вьетнамаас морь гүйж ирсэн гэдэг үнэн юм уу?” гэж асуужээ. Хариуд нь “Үнэн байлгүй яахав. 1961 онд Төв аймгийн Баянзүрх сумын хээр азарга Хонхор өртөөн дээрээс ачигдаад 1963 онд нутагтаа гүйж ирсэн юм” гэсэн байна. Тэгэхээр нь “Эхийнхээ гэдсэнд зарагдсан унага эргэж гүйдэг гэж үнэн үү?” гэж лавлахад “Үнэн байлгүй яахав, би үүнийг нэг бус удаа сонссон. Монгол адуу гэдэг амьтан чинь их ухаантай амьтан шүү дээ. Адуу малтайгаа ойрхон байдаг ард түмний онцлог, энэ бол гарцаагүй, хэд хэдэн удаа ийм түүхийг сонссон” гэжээ. Ингэж хэлээд гарсных нь дараа “Гүйгүүл морь”, “Гүйгүүл хээр” гээд хоёр шүлэг бичсэн гэнэ. Өөрөөр хэлбэл, Л.Төмөрбаатар гуай шүлэгтээ, эхийнхээ хээлэнд зарагдсан унага нутгаадаа гүйж ирдэг тухай бичсэн ч уул санааг нь Вьетнамаас Монголдоо эгсэн азарганы түүхээс сэдэвлэжээ. Харин энэ шүлгийг дуу болоход дуучин А.Хосбаяр дуулсан юм. Тэрбээр бага наснаасаа моринд хорхойтой нэгэн бөгөөд сургуулиа төгссөн хойно нэгэн номон дотроос “Гүйж яваа адуу” гэдэг шүлэг үзсэн нь ихэд таалагджээ. Тэгтэл тэр шүлгийг нь нутгийн танил ах нь бичсэн байхыг үзээд бүр ч их баярласан гэдэг. Ингээд очиж уулзаж, дуу болгохоор тохироод хөгжмийн зохиолч Аранзай Б.Бат-Эрдэнээр ая хийлгэсэн байна. Тэгэхэд хөгжмийн зохиолч “Энэ дуу чамд амжилт авчирна” гэж байсэн аж. Түүний хэлснээр ч шинэ дуучны анхны дуу амжилтад хүрчээ.