images

Умаахан


Сэтгүүлч Хүрэлбаатарын Умаахан нэрийнхээ тухай манай сайтад ярилаа.

    Би Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд 1998 онд төрсөн. Төрж өссөн нутагт минь Онгийн хийдийн туурь бий. Тус хийдэд манай буурал өвөөгөөс эхлүүлээд олон мяндагтан суудаг байжээ. Гэхдээ яг миний нэрийг хайрласан хүн бол Сайхан-Овоо суманд аж төрж буй Б.Бархүү хэмээх 80 насны босгыг давсан, амны тарни уншлагатай сайхан буурай бий. Манай аав эхээс зургуулаа. Тэдний тав нь хүү бөгөөд энэ таван хүүгийн хүүхдүүдэд эв нэгдлийг бэлгэдэж “Умаахан Банзаргүрүү Бадамсэд хум” гэх тарнийн үгсийг хувааж өгсөн юм билээ. Би аавынхаа хамгийн том хүү тул надад Умаахан, удаах үеэл дүүд минь Банзаргүрүү, тэрний дараахад Бадамсэд хэмээх нэрс оноогдоод буйн учир энэ. Зөвхөн миний нэрийг салган авч үзвэл төвөдөөр “ариун” гэсэн утгатай юм билээ. Хэдийгээр ховор содон нэр мэт сонсогддог боловч Үндэсний статистикийн хорооны 1212.мн вэбсайтын нэрийн жагсаалтаас харахад Монгол улсад найм байдаг. Манай аймагт л гэхэд Б.Умаахан гэж хурандаа цолтой хүн бий. Мөн түүнээс гадна дээр дурдсан буурай өөр нэгэн айлын том хүүд яг энэ нэрийг хайрласан байдаг. Яг ижил нэрийг нэг хүнээс хүртсэн тэр ахтай бага байхдаа хамтдаа хурдан морь унадаг, улмаар “том Умаахан, жижиг Умаахан” гэж дуудуулдаг байж билээ. Одоо тэр ах амьдралд хөлөө олчихсон сайн сайхан яваа дуулддаг. Умаахан гэдэг нэрийг төдийлөн хугасалж, хоч өгч дуудах боломжгүй учир бүтэн заяатай явах хүн гэж ээж минь хэлдэг. Гэхдээ энэ нэрийг мэддэг аймаг сумын хүмүүсээс бусдад их л ховор содон сонсогддог учир гайхаж, доод тал нь гурвантаа лавлаж асуух нь бий. Тэр ч бүү хэл "Чи төвөд хүн үү, надад хийморийн сан тавиад аль" гэсэн хүмүүстэй ч таарч л байлаа. Ахлах, дунд сургууль, оюутан ахуй насандаа зарим үе тэнгийн нөхдөдөө нэрээрээ шоглуулдаг байсан учир заримдаа их гоморхоно. МУИС-ийн 120 хүүхэдтэй лекцийн танхимд сууж байхад багш нэр дуудаж ирц авахад 100 гаруй оюутан ярсхийтэл эргэж харсан ч удаа бий. Арай жаахан байхдаа нэрээрээ шоолуулахаар нойл ороод л уйлчихдаг байлаа. Гэхдээ одоо энэ нэрэндээ учиргүй хайртай. Нэр хугарахаар яс хугар гэж сайхан үг байдаг шүү дээ. Энэ нэрээ, эцгийнхээ Хүрэлбаатар хэмээх нэрийг муу зүйлтэй хутгахгүй юмсан л гэж хичээж явна даа.

    Сонирхуулж ярихад, содон нэртэй хүний амьдрал хүртэл содон л байдаг юм байна гэж бодох болсон. Би өөрөө хувь тавилан гэдэг зүйлд итгэдэг учир содон л хувь тавилангаар амьдраад буй мэт санагддаг юм. Тэр нь бодсон санасан бүх зүйл минь сэтгэлчлэн бүтдэгтэй ч холбоотой байж мэднэ.  Харин сэтгүүлч болоод Eguur.mn, Ubn.mn сайтуудад олон ч сурвалжилга, ярилцлага бэлтгэж нийтлүүлсэн. Зарим нь авторыг маань харчихаад “умай сэтгүүлч минь" гэж доромж маягаар бичсэн сэтгэгдэл цөөнгүй харж л байлаа. Гэхдээ би эхийн умайг тийм муухай зүйл гэж боддоггүй учир хүндээр хүлээж аваад сэтгэл санаагаар унаж байсангүй. Ер нь ч тэгээд эхийн умайнаас унаагүй хэн байх билээ дээ.