images

"Вансэмбэрүү цэцэг"


Яруу найрагч Б.Явуухулангийн

"Аглагхан ойн зах сийрээд

Орой нь халзрах уулын тагт

Ариухан горхины эх шургаад

Авиа нь тасрах асганы шилд

Төөлөөд үзвэл бие чацуу

Тоолоод үзвээс нас чацуу

Үзэсгэлэнт хоёр вансэмбэрүү

Үүд хоймрын зайтай ургажээ" хэмээн эхэлдэг "Вансэмбэрүү" шүлэг 1981 онд Зүүнбаяны цэргийн ангид "Вансэмбэрүү цэцэг" нэртэй дуу болжээ. Харин энэ шүлэгт гитар нүдэж ая хийсэн хүн бол тус цэргийн ангид алба хааж байсан байлдагч Д.Даваасүрэн ажээ. Д.Даваасүрэн бол энэ дууг дуулж олонд түгээсэн дуучин Дэмбэрэлийн Дуламсүрэнгийн төрсөн дүү юм. Тухайн үед цэргийн хуаранд "Улаан-Од" зэрэг хэдэн сонин ирэхээс өөр унших юмгүй байж. Тэгтэл нэг өдөр сонины тасархай дээрээс дөрвөн мөр шүлэг олдсонд цэргүүд ая хийж зохиомол дуу болгохоор шийдсэн байна. Харин Д.Даваасүрэн цэргээс халагдаж ирснийхээ дараа хүргэн ах С.Ванданд өнөөх дуугаа дуулж өгснөөр албан ёсны хөгжмийн найруулга, зохиогчийн эрхтэй болгоод эгч Д.Дуламсүрэнгээр нь дуулуулахаар болжээ. Ингээд хэн гэдэг зохиолчийн, ямар шүлэг байсныг олох эрэлд гарч, Б.Явуухулангийн шүлэг болохыг мэдээд дууны шүлгийн зохиогчоор бүртгүүлжээ. Гэхдээ энэ дууны шүлэг, жинхэнэ эхээсээ үг, найруулгын хувьд жаахан өөр бөгөөд дахилтын хэсгийг нэмж зохиосон байна. Ингээд дуу бүтсэний дараа дуучин Д.Дуламсүрэн 1986 онд радиод бичүүлжээ. Тэгэхэд дуучин С.Вандан ард нь гитар дээр аяыг нь тоглосон байна. Мөн энэ дууг яагаад дуулах болсон тухай Д.Дуламсүрэн "Дууны нэрийг анх сонсоод л шууд татагдсан" гэсэн юм. Түүнээс хойш энэ дууг хүү В.Батболд нь дахин дуулсан бол орчин үеийн залууст дуучин П.Баярцэнгэл таниулж, "YouTube" сувагт 10 сая хандалт авсан билээ.

Эх сурвалж: Монголын радиогийн “Дуун увидас” нэвтрүүлэг.