images

“Бор борын бялзуухай”


    “Бор борын бялзуухай” дууг Халхын Хүүхэн хутагтын зургадугаар дүр Найдансүрэн зохиосон гэх буюу түүнд зориулж зохисон гэдэг. Хүүхэн хутагтын энэ дүр Хан хэнтий уулын аймгийн Мэргэн гүний хошуу, одоогийн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт 1900 оны үед мэндэлжээ. Царай зүс, нуруу туруу хосгүй сайхан, жавхаалаг сэргэлэн хүн байсан гэдэг. Баргын нутагт Сайнхүү гэж нэг олон адуутай баян хүн байжээ. Сайнхүүд их хүнд өвчин тусаад Богдын хүрээнээс Хүүхэн хутагтыг их эрдэм чадалтай хэмээн залж үзүүлсэнд Хүүхэн хутагт “Танай адуун сүрэгт 33 шарга морь байдаг юм байна. Тэр чинь гай зовлон дуудаад байна. Тиймээс түүнийг зайлуулбал амь тань аврагдана” гэж хэлжээ. Гэтэл өнөө баян амь наснаасаа илүү морьдоо хайрлаад зайлуулахгүй байгаад байж. Тэгэхээр нь Хүүхэн хутагт түүний амь насыг аврахын тулд хоёр шөнө отон хүлээж байгаад гурав дахь шөнө нь 33 шарга адууг нь хулгайлан хөөж, Долнуурын хавьд аваачаад худалдчихжээ. Өвчин нь илааршиж эдгэрсэн өнөө баян адууг минь хулгайлав гэж Богдод заалджээ. Тэгээд Богд хутагтыг дуудан авчирч Сайнхүүгийн өмнө ташуурдаж шийтгэхэд, тэрбээр газар элгэдэн хэвтээд, энэ хүний амийг аврахын тулд адууг нь хөөсөн нь үнээн гээд хэдэн тоотой адуу, хаагуур дамжуулан, хаана аваачиж юугаар арилжсан зэргийг нэгд нэгэнгүй тоочин дуулжээ. Дуулж дуусаад өндийхөд нь Хүүхэн хутагтын элгэн дороос нь нэг бор бялзуухай гарч нисчээ. Үүнийг харсан өнөө баян тун ихээр сүслэн биширч заргаа буцаасан гэдэг юм. Гэсэн хэдий ч Хүүхэн хутагт “Төр байсан цагт хулгай бий, зэм байсан цагт чоно бий” хэмээгээд шилийн эрчүүдийн зам мөрөөр орж, хээрээр гэр хийж, хэцээр дэр хийж, баяд ноёдын адууг хөөж, ядуу зүдүү хүмүүст түгээн өгдөг болсон юм гэдэг. Энэ домгийн олон хувилбар бий боловч Хүүхэн хутагтын тийнхүү шилийн сайн эрийн замаар явсан замналаас энэ дуу урган гарсан нь зайлшгүй юм.