images

Үүдээрээ өнгөрөх залуу зохиолчдыг барьж авах гэж ...


     С.Дашдооров гуайг анх 1988 онд Зохиолчдын хорооны хоёрдугаар давхарт байх ажлын өрөөний нь үүдээр шагайн харж байлаа. Тэр үед Дооров гуай өрөөнийхөө хаалгыг говийн айл шиг цэлийтэл дэлгээд суудаг байв. Говийн айлын дэлгээтэй үүдийг хошлонгоос нь уядаг бол, Дооров гуай хаалгаа том сандлаар торгооно. “Үүдээрээ өнгөрөх залуу зохиолчдыг барьж авах гэж тэр. Таних хүн өнгөрвөл дууддаг юм” гэж надад тайлбарлаж билээ. Дуудна гэдэг нь хатуу идээ авахуулна гэсэн үг байсан юм болов уу. Намaйг хаpин сайн таних болсон хойноо ч “дуудаж" байгаагүй. Хөх суунаг таттал махир гаансаа л хөхөж суудаг хүн байлаа. Хожим би хүү Амартөвтэй нь хамт суралцаж байхдаа Дооров гуай өдөрт л нэг гаанс хэрэглэдэг, нэгийгээ “эзгүйд” бусад гаанс нь ээлжээ хүлээн сар шахам “амардаг” тухай сонсч байв. Гаднаас нь харахад цөлхдүү, хөмсөг хоорондоо морины хурц туурайн ором шиг сорвийг нь харвал адуучин ч юм уу гэмээр энэ боргил эр Европын язгууртнууд шиг чамин чамин гаанстай, тэдгээрээ яг л лордуудын жаягаар хэрэглэдэг байсан юм. Хэн нэгэн махир гаансыг нь сонирхоод зууж үзэж л дээ. Дооров гуай дараа нь учиргүй цухалдан “Трубкэнд минь шүдний ор гаргачихаж” хэмээн ухасхийн босоод алдарт “хаалгач” сандлаа угз татан авч байсансан. Говийн хүн өрөөгөө түгжиж байгаа нь тэр. Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн 60 жилийн ойн үеэр бил үү дээ, Дооровтныг хэд хоног дагаж явах завшаан тохиосон юм. Юу эсийг дуулсан гэх вэ. Бүх арга хэмжээ өндөрлөсний хойно намайг сэмхэн дуудаад “Май” гэхээс өөр үг ч хэлэлгүй, хатуу хавтастай, товхгор зyзaан ном өглөө. 50 насны нь ойгоор хэвлэсэн “Тэнгэрийн заадас” хэмээх шилмэл шүлэг найраглалын түүвэр нь байсан хэрэг. Дотор нүүрэнд нь “Баянхонгорын баахан найрагчдын шүтэгч болон найзлагч муу ахаас нь. Бидний сайн мууг ярих Аюур дүүдээ” гээд аргагүй л гудиггүй, гүндүүгүй эр бичиж дээ гэмээр гарын үсгээ таталсан байж билээ.

Г.Аюурзана. "Утга зохиолын тухай яриа" номоос