images

“Хонгорзул”


    СТА, Дуучин Насанцогтын Энхбатын дуулсан “Хонгорзул” дууны үгийг СГЗ Д.Лхагвасүрэн бичиж, аяыг Говь-Алтай аймгийн “Алтай” чуулгын уран сайхны удирдагч, хөгжмийн зохиолч Б.Цэрэндондов хийжээ. Дуучин Н.Энхбат 1999 онд “Алтай” чуулгад ажиллаж байхдаа анх энэ дуутайгаа учирчээ. Тэрбээр хоёр охинтой бөгөөд бага охиныхоо нэрээр ийн дуугаа нэрлэсэн аж. Энэ дууг 2000 оны нэгдүгээр сард Төрийн ордонд Монголын радиогийн Цагаан лавайн эгшиг нэвтрүүлгийн шилдэг дууны наадамд дуулснаар илүү олонд танигдаж эхэлсэн байна. Залгаад хөгжмийн зохиолч, яруу найрагчдын дунд зохиогддог “Морин хуур” наадамд оролцож 85 дуунаас шилдэг 25 дууны нэгээр шалгарсан гэдэг. Тухайн үед Н.Энхбат "Морин хуур" наадамд дуугаа дуулчхаад 1000 км зайд орших Говь-Алтай нутаг руу яваад өгчээ. Тэгсэн хойгуур нь хотод “Хонгорзул” ид хит болж, нутагт нь хүртэл хаа явсан газар  сонсогдох болсон байна. Сонирхолтой нь, 2005 онд дуучин Н.Энхбат гурав дахь бие даасан тоглолтоо хийхдээ 1999 онд “Хонгорзул” дуутай хамт мэндэлсэн Хонгорзул нэртэй хүүхдүүдэд тоглолтынхоо үеэр Мобикомын алт, мөнгөн дугаар бэлэглэнэ гээд зар тараачхаж. Тэгтэл тоглолтын тайзан дээр Хонгорзул нэртэй 65 хүүхэд гарч ирсэн байна.  Басхүү Монголын радиогийн “Ая дууны мэнд” нэвтрүүлгийн ил захидлын буланд нэг өдөр “Хонгорзул” дуугаар 25 захидал уншиж байжээ.