images

Ягаан ноёны хишиг буян эргэж ирсэн нь


     Өвөрхангай аймгийн Уянга сумын баруун хойд талд хөхрөн дүнхийх сүрлэг нуруудыг Хятрууны хяр буюу Шарилын нуруу хэмээн нутгийнхан нэрлэдэг. Шарилын нуруу гэдэг нь хүн малын хөл хүрэхгүй, онгон дагшин тэр хярд Алтан ургийн хаад ноёд, ихэс дээдсийн шарилыг онголдог байсантай холбоотой ажээ. Да хүрээнээс морин дамнуургаар дамжилж авчирсан Сайн ноён хан Намнансүрэнгийн шарилыг Хан Хөгшиний хүрээнд хэсэг хугацаанд бунхалж байгаад Шарилын нурууны ар цармын тагтад багахан модон сүм барьж зэс авсанд ямба ёслолын хувцас хунар өмсгөн оршуулж нутаглуулсан байна. Хожим шарилын алт мөнгөн эд өлгийн зүйлийг тонож, авсны зэсээр домбо сав урлаад бусдад худалдаж баригдсан идэр насны хоёр эр 1927 онд хошуу тамгын газрын дэргэдэх хар гэрт хоригдож байхад бичээч А.Дашням гуай тэдэнтэй таарч байсан ажээ. Ягаан ноёны шарил тоногдсоноос хойш бороо орж үер буужээ. Үерт урссан зэс авсны таг нь Онгийн голд хөвж яваад сайранд тогтож ил цухуйн хэвтэж байсныг Шуранганы эхээр нутагладаг Дамдиндорж гэдэг малчин хүн олоод Уянга сумын артельд хүргэж өгчээ. Тухайн үед зэс, гууль их ховор байж. Артельд ажилладаг, урьд өмнө нь лам явсан дархчууд “Ягаан ноёны хишиг буян эргэж ирлээ” хэмээн бэлгэшээж тэр зэсээр авдар савны цүү, гоёлын тоног хийж нутгийн олонд тараасан байдаг.

Ширчингийн Баатар “Миний өссөн монгол ахуй” номоос