images

“Хөх торгон дээл”


    Ардын хувьсгалын анхны долоогийн нэг Дансранбилэгийн Догсом төр, нийгмийн гавьяат зүтгэлтнээс гадна ардын дуу мэт уламжлан ирсэн “Хөх торгон дээл” дууны зохиогч юм. Баруун хязгаар нутагт шинэ засгийн бодлогыг таниулан ухуулахаар Увс аймгийн Чандмань суманд ажиллаж байхдаа Жинжий хэмээх Баяндалайн Бадам гэдэг бүсгүйтэй танилцаж айл болжээ. Гэвч 1926 оны зун намын ажил алба нь дуусч Улаанбаатарт татагдахаар болов. Тиймээс найз Жигжидтэйгээ хамтран нэгэн дууны шүлэг бичжээ. Ингээд шүлэгтээ баруун аймагт тоглолтоор явсан Арнаабазар, Дамдинбазар нараар ая хийлгэв. Тэр дуугаа Хойд Хужиртын хад гэдэг газар Бадамтайгаа уулзахдаа хэлж өгөөд, дээлнийхээ дотоод хормой дахь дугуй хээг тойруулан хайчилж аваад сольж, залгаж оёод салжээ. Гэтэл Бадам хүүхнийг нутгийнхан нь “Улаан хувьсгалчтай нөхцсөн чөтгөр хүүхэн” хэмээж нутагтаа үлдэж суухын аргагүй болсон тул Улаанбаатарт ирэв. Харин Д.Догсом хэдийнэ Москва руу Элчин сайдын яамд ажиллахаар явсан байлаа. Араас нь очиж жил амьдраад нутагтаа ирэхэд “Хөх торгон дээл” дуу хот хүрээнд алдаршин түгсэн байжээ. Хожим 1934 онд дууны бичлэгийг хийсэн гэдэг бөгөөд үе үеийн чуулгын дуучид өдийг хүртэд дуулж ирсэн юм.