images

Баяртай, “Хөдөлмөр” сонин


     1990 оны гуравдугаар сарын 27. Үдээс хойш С.Жамбалдорж эрхлэгч намайг өрөөндөө дуудав. Ямар хэргээр дуудаа юм бол гэж бодсоор орлоо. “Суу” гэж дохиод, томилолтоор явсан ажлын тухай асуулаа. Би Хэнтийд ажилласан тухайгаа өглөөний шуурхай дээр товч тайлагнасан, өгсөн үүрэг даалгаврын дагуу сурвалжлага, мэдээнүүдээ бичээд өгчихсөн тул нэлээд бардам сууж байлаа. Явсан ажлаа дахин дэлгэрэнгүй ярив. Гэхдээ МоАХ-ны ажлаа бас давхар хийж, очсон газар бүртээ уулзалт цуглаан хийсэн гэж юу гэж хэлэх билээ. Эрхлэгч яриаг минь сонсож сууснаа “Амарсанаа, би чамайг өөр асуудлаар дуудсан юм. Чамайг ажлаа хийхгүй байна гэж сониныхон хэл ам гаргаж байна. Тэгэхээр одоо сонголт хийх цаг чинь болсон. Нэг бол Ардчилсан холбоотойгоо яв, эсвэл болиод зөвхөн сониныхоо ажлыг хий” гэлээ. Би эргэлзэж тээнэгэлзэлгүй “Ардчилсан холбоотойгоо явна” гэв. Эрхлэгч “Тэгвэл энэ сарын 31-ний өдрөөр тасалбар болгож тушаал гаргана. Ажлаа хэлтсийн даргадаа хүлээлгэж өг” гэлээ. Бидний хооронд ийм товч яриа болоод би эрхлэгчийн өрөөнөөс гарлаа. Би 1984 онд сургууль төгсөж ирээд “Хөдөлмөр” сонинд орж зургаан жил ажиллажээ. Энд ажилласан он жилүүд бол миний үзэл бодолд гүн гүнзгий өөрчлөлт гарсан онцгой үе билээ. “Хөдөлмөр” сонин бол МоАХ-ны үйл ажиллагааг анхнаас нь болгоомжтой боловч тууштай дэмжсэн цорын ганц төв хэвлэл. Үүгээр нь би их бахархдаг байв. Бид анхны цуглааны тухай мэдээгээ Зөвлөлтийн "Орбит" сувгийн нэвтрүүлгээс олж үзэж байсан бол хоёрдугаар цуглааны тухай нэлээд дэлгэрэнгүй мэдээллийг С.Жамбалдорж эрхлэгчийн өөрөө бичиж сониндоо нийтэлсэн нийтлэл олон түмэнд хүрсэн билээ. Олон жил дасал болсон ажлын өрөө, танил нөхдөөсөө салан явах болоход сэтгэл санаа жаахан гунигтай. Гэвч харамсах зүйл алга. Удахгүй өөрсдийнхөө “Ардчилал” сонинг гаргаж эхэлнэ. Монголын анхны эрх чөлөөтэй, тогтмол хэвлэлийг үүсгэн байгуулна.

Сүхбаатарын Амарсанаа. “Ардчилсан хувьсгалын тэргүүн эгнээнд” номоос.