images

Фидель Кастро шиг сахалтай нөхөр хэн бэ?


     1960-аад он. Зохиолчдын хороо өөрийн гэх байргүй, энэ тэр байгууллагын ганц нэг өрөө царайчилж олон жил нүүсэн дээ. Зохиолчид хөгшин залуугүй өөрийн гэх уран бүтээлийн ордонтой болохын хүслэн болж явсан цаг. Нэг өдөр зохиолчид Энхтайван, найрамдлын байгууллагын хурлын танхимд хуралдав. Тэргүүлэгчдийн байранд сууж байсан Цагаанламын Дүгэрсүрэн дарга нүднийхээ шилийг авч зүүж байгаад хуралдагч бүрийг ажиглан харж сууснаа ”Тэр ард сууж байгаа Фидель Кастро шиг сахалтай нөхөр чинь хэн бэ?” гэхэд С.Удвал дарга хэсэг ажигласнаа “Өө тэр үү? Мишигийн Цэдэндорж гэдэг юм. Зохиолчдын хороо ордонтой болохоос наана сахлаа хусахгүй гэдэг юм” гэв. Тэгэхэд Ц.Дүгэрсүрэн дарга “Эр хүн. Сүртэй эр юм” гэснээ “Ер нь зохиолчид өөрийн ордонтой байх нь зүйтэй” гэлээ. Эрх мэдэлтэй болгон л энэ мэт дэмждэг байлаа. Санхүүжилт дээр очоод гацаж орхино. Зохиолчдын хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөнөөр хэлэлцээд “Утга зохиол” сангаасаа санхүүжүүлэхээр тохирлоо. Яг энэ үеэр Монгол-Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэг голлоод Гадаадтай соёлоор харилцах нийгэмлэгийн төв зөвлөл мөн л өөрийн гэх байртай болохсон гэлцэж байлаа. Бадамын Лхамсүрэн дарга, хоёр талаасаа хөрөнгө оруулж хамтарч ордон бариулъя гэсэн санал гаргаж түүнийг нь хамтран ярилцав. С.Удвал дарга “Дундын хөрөнгөөр бариулсны эцэст ордны аж ахуй хэний маань мэдэлд байх бол?” гэхэд Б.Лхамсүрэн “Найрамдлын нийгэмлэгт л байж таарна” гэлээ. С.Удвал “Тэгвэл бас л бусдыг царайчилдаг хэвээрээ байх нь ээ. Зохиолчид өөрийн хөрөнгөөр бариулсан юм чинь өөрсдөө бүрэн эзэн байвал дээр юмсан” гэлээ. Ингээд л Зохиолчдын хороо байрлаж байсан гурван давхар ордныг “Утга зохиол” сангийн дансыг улайлган байж бариулсан юм. Түүнийг яг гардан бариулах, өрөө тасалгаа, цайны газар зэргийг тоноглох бүх ажлыг Л.Түдэв гардаж байлаа. Ийнхүү 1969 оны өвөл Монголын зохиолчдын эвлэлийн 40 жилийн ойгоор Зохиолчдын хороо өөрийн байртай болж билээ.

Г.Жамсранжав “Миний хувь тавилан” номоос