images

"Цэцэг ичээм"


     Циркийн найруулагч санаачилж, циркийн илбэчин үгийг нь бичиж, циркийн хөгжимчин ая хийж, циркийн алиалагч дуулсан буюу циркийнхний бүтээсэн дуу бол “Цэцэг ичээм” дуу билээ. Одоогоос 20 гаруй жилийн өмнөх нэгэн хавар циркчид Дорноговь аймагт тоглолт хийхээр галт тэргэнд явж байв. Тэгэхэд циркийн найруулагч Ч.Хатанбаатар ""Орчлонгийн сайхан хүүхнүүд”, “Аяны шувууд” гэдэг шиг бүсгүй хүнийг магтсан сайхан дуу хийе" гэсэн санаа гаргажээ. Ингээд илбэчин Ц.Баярсайхан Улаанбаатар-Замын-Үүдийн галт тэргэн дотор үгийг нь бичсэн байна. Тэр шүлгийг Ч.Хатанбаатар барьсаар хөгжмийн зохиолч Г.Эрдэнэбаатар дээр орж, төгөлдөр хуурынх нь дэргэд зэрэгцэн сууж аваад "За дуугаа хийе" гэж. "Үг нь хаана байна аа?" гэхэд нь л сая халааснаасаа нугалсан цаас гаргаж ирээд өгөв. Үзвэл цаасны дээд ирмэгийг ураад авчихсан, нэргүй шүлэг байх юм гэнэ. Гэхдээ анх удаа эмэгтэй хүнийг цэцэг ичээм гэсэн байхыг уншаад сонин сайхан үгтэй дуу юм хэмээн тэд ярилцжээ. Ч.Хатанбаатар ч хөгжмийн зохиолчийг шавдуулж, юм ярьж суусаар 40 минутын дотор ая хийлгүүлж дөнгөв. Энэ тухай Г.Эрдэнэбаатар "Өмнө нь хэд хэдэн дуу хийж байсан. Гэхдээ "Цэцэг ичээм" шиг ая нь тэгж л логик дараалалтай орж ирж байсангүй" хэмээн дурсжээ. Ингээд хоёр гурван цаг болоход хөгжмийн найруулага бүх юм нь бэлэн болсон гэдэг. Ч.Хатанбаатар ч ая бэлэн болсон тэр өдрөө л ноот, фонограммаа бариад студид очиж хоолой бичүүлжээ. Анхны хоолойг нь "Баян Монгол" чуулгын дуучин бичүүлж, Ж.Уранчимэг ард нь хоолой дэвссэн аж. Хожим Ч.Хатанбаатар өөрөө дуулж, гадаадад явж байхдаа бичлэг хийлгэжээ. Өмнө хэлсэнчлэн дууны шүлэг анхнаасаа л "Цэцэг ичээм" гэдэг нэртэй байсангүй. Ч.Хатанбаатар, Г.Энхбаатар хоёр ч "За нэрний асуудлыг дараа больё" гээд ая хийхэд анхаарч, студид очихдоо ч мартаж орхиж. Гэтэл бэлэн болсон дуугаа цацахаар радио дээр очихдоо л гэнэт санав. Учир нь, радиогоос "Ямар нэртэй дуу вэ" гэж асуухад нь санаандаа орсноор нь “Цэцэг ичээм” гэж хэлээд явуулсан байна. Бүсгүйчүүдийг магтан дуулсан циркчдийн хайртай дуу ингэж мэндэлжээ.

Эх сурвалж: "25" дугаар суваг телевизийн "Дуу төрсөн түүх" нэвтрүүлэг.