images

Охиныхоо шүдний оромтой шоколадыг идэж чаддаггүйсэн


МУБИС-ийн багш, доктор, профессор Р.Чүлтэмсүрэн зохиолч Д.Намдаг гуайн охин Н.Дарьсүрэнтэй хуучилсныг толилуулж байна.

     Намдагийн Дарьсүрэн гуай өгүүлэх нь: Аав ээж хоёр минь хар нялхаараа л сууж айл гэр болон Төгөлдөр, Maaяа бид гурав төрж элэг бүтэн сайхан байсан гэдэг. Миний ээжийг Найдангийн Гажидмаа гэдэг байлаа. 1936-1939 онд Улсын төв театрт жүжигчин, дараа нь “Үнэн” сонинд орчуулагч байсан, боловсролтой хүн байжээ. Харин нэг л өдөр аав баригдаж шоронд орон бүх юм орвонгоороо эргэж бидний жаргалтай бага нас ч дууссан юм шиг санагддаг юм. Шуудхан хэлэхэд бид гурав бага насандаа эцгийн хайр ивээлийг хүртээгүй юм шүү. Ээж минь тэр үед хэчнээн шаналж байгааг би хүүхдийн эмзэг сэтгэлээр мэдэрч байсан билээ. Аав минь хуучин Арьс өнгөний эмнэлэг байсан орчмын шоронд оpсон юмдаг. Манайх Нэгдүгээр амаржих газрын орчим байдаг байлаа. Yүp шөнийн 4-5 цагийн үед ээж маань жижиг туранхай биeдээ axадсан их юм үүрч аавыг эргэхээр явна. Ээж минь "Үнэн” сонины ажилтан тул тусгай IV дэлгүүрээс картаар бараа авдаг болохоор аль ховор идэж уух юм авч хурааж байгаад аав руу зөөдөгсөн. Хонины сүүл, том шоколад зэрэг өег юм, бас эм, үнэртэй ус их аваачиж өгнө. Арайхийж аваачсан шуудайтай юмыг маань харгалзагч хутгаар хага зүсээд асгачихна. Шалгаж байсан юм байжээ. Үүнийг өгч болохгүй, тэр нь ч их байна гэсээр дөнгөж л тал шуудай юм үлдэнэ. Түүнийгээ өгөх болж аавтайгаа одoo л нэг уулзах нь гэж баярлан даарч хөрсөн ээж бид хоёрыг буутай хүн харгалзан тууж явна. Шоронгийн хуяг очих бүрд муухай харж, бууныхаа жадаар сүлбэчих шахах бүрд хүйт дааж айж зэвүүцэн, бас аавын минь идэх юмыг танана гэж бодохлоор “Муусайн цагдаа та нарыг ёстой том болж байгаад ганц чадна даа” гэж хорсон боддог байж билээ. Toм болоод юун хүн чадахтай манатай. Эмч болж II нэгдсэн тусгай эмнэлэг, Ардын эмнэлгийн хүрээлэнд эмч, эрдэм шинжилгээний ажилтан, эрдэмтэн нарийн бичгийн даргын алба хашиж, насаараа л эмч хүний ёсоор хүнд тус болох сон гэж зүтгэж явлаа. Бас нэг зүйл санаанд тод үлджээ. Төгөлдөр, Мааяа бид гуравт нэг удаа аавтайгаа уулзах зөвшөөрөл олдлоо. Эрээн сатин дээлээр гоёж нүүрээ угаан бөөн баяр очсонсон. Ээж бидний өвөрт, аавдаа өгөөрэй гээд чихэр, боов түнтийтэл чихэж өгөв. Өврөө байн байн дарсаар өндөр модон лангуунд хүрэхгүй, аавдаа ч үнсүүлж чадахгүй шахуу гурван хүн явж дээ. Харин Мааяа дүү минь бага байсан болохоороо хорхой нь хүрсэн юм уу, өвөртөө байгаа шоколаднаас мэрчихжээ. Хожим аав минь “Идэх гээд гаргаад ирэхээр охины минь шүдний оромтой. Яагаад ч хоолой давдаггүйсэн. Удаж удаж өлсөхийн эрхэнд идсэн дээ” гэж хоолой зангируулан хуучилдаг байлаа. Ингээд 1947 онд аав минь шоронгоос гарсан даа.

Эх сурвалж: “Эрдэнэсийн сүмбэр уул” номоос