images

“Нарыг хайрла”


    “Харанга” хамтлагийн гоцлол дуучин Х.Лхагвасүрэн 2005 онд Түвдэд зочилжээ. Тухайн үед "Түвд Бурхны орон" гэнэ лээ хэмээх хүмүүсийн яриаг их сонссон учир тийш зүглэхийг нэгэнтээ бодох болж. Тэрбээр нэг өглөө гэнэт шийдэн хоёр дүүгээ дагуулан тийш гараад давхичихсан аж. Х.Лхагвасүрэн энэ дуу бүтсэн талаараа 2011 онд news.mn сайтад өгсөн ярилцлагадаа “Ээ бурхан минь, нарыг хайрлахгүй бол бид чинь хэн ч биш. Монголчууд хүртэл "Уяхан замбуутивийн наран" хэмээн дуулдаг. Бид наранд сүүгээ өргөдөг. Тэр өндөрлөгт гарсан аяллаас “Нарыг хайрла” дууныхаа амин сүнсийг олсон” гэжээ. Тиймээс ч энэ дууг 5231 метрийн өндөрт бүтсэн гэдэг. Х.Лхагвасүрэн тэнд байхдаа Түвдэд 55 жил болсон нэг хорчин ламтай уулзсан байна. Аялалдаа тэрбээр банзан гитартайгаа явж байсан болохоор их товчхон, хүн сурахад амархан ая олжээ. Түүнийгээ замын туршид давтаж тоглосоор нутагтаа ирээд дөрөв таван жил болж байж үгийг нь бичиж дуусгасан байна. Ирснээсээ хойш “Харангыг хайрла” гээд л ойр тойрныхондоо нөгөө аяа тоглож өгөөд дуулаад байсан аж. Үгээ яаж эхлэхээ мэдэхгүй байсан тэрбээр монгол хүний зүрхэнд ойр байдгаар нь ээж, эх нутаг хэмээн эхлүүлжээ. Харин удаан эргэцүүлсний дараа эхлээд хүүхдийг хайрлах ёстой хэмээн бодож аяа дуусгасан байна. Тэгтэл яг дуугаа дуусгахтай зэрэгцэн ТВ9 телевизийн “Гэгээн алсын одод” наадам эхэлжээ. Зохион байгуулагчид нь цомоо хийчхээд Х.Лхагвасүрэн дээр ирж энэ дуугаа сүлд дуу болгож өгөөч гэж гуйсан байна. Сонирхолтой нь “Гэгээн алсын одод” наадмын цом нь нар барьчихсан хүүхэд байсан гэдэг.