images

Гулын Равжаа


Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын өндөр настан Хайнзан гуайн хуучийн үргэлжлэл

   ...Цагдаа нар Гулын Равжааг барьж чадаагүй боловч бас л барина гэж давхилдан хүн барьж зоддог, хонь гаргаж иддэг хэвээр байжээ. Нэг өдөр Солгой Ёндонжамц гэдэг хүн тэдний улааг нэхэж. Сэтэртэй саарал морио барьж унаад цагдаа нарын ачаатай морийг хөтлөөд явж байжээ. Өнөөдүүл нь загнаж зодоод болдоггүй гэнэ. Ёндонжамц тэднийг Зүтгээ улааныд аваачаад буулгаж орхиё. Тэр л нэг аргыг нь олох байх гэж бодож явжээ. Зүтгээ улаан гэдэг нь Бүтэмж туслагчийг хэлж байсан аж. Юунаас ч буцахгүй зоригтой, санасандаа хүрдэг, улаан царайтай хүн байсан учраас Сэцэнхан аймагт түүнийг Зүтгээ улаан гэж хочилдог байжээ. Тэгээд цагдаа нарт хэлэлгүй шууд Бүтэмж туслагчийнд аваачаад буулгаж орхив гэнэ. Цагдаа нар түүнийг танихгүй учраас бас л зандарч загнан “Гулын Равжаа хаа байна? Та нар мэдэж байгаа даа. Танайхан цөмөөрөө ялт хулгайчтай хуйвалддаг” гээд бараг байцаах шахуу юм болжээ. Бүтэмж дуугүй л суугаад байж. Хонь гаргаж дайлсангүйд цагдаа нар их ууртай байжээ. Тэгж байгаад Бүтэмж “Та нарыг зайтай завсартай, тохитой газар аваачиж хонуулъя. Манайх зай муутай” гээд тэднийг дагуулаад тамгын жасаанд очжээ. Очсон хойноо Бүтэмж жинстэй малгайгаа өмсөөд хоймор гарч жасааны түшмэлийн олбог дээр суугаад тахрууд дуудан тушааж нөгөө цагдаа нарыг баривчлан байцааж эхэлсэн байна. “Та нар Гулын Равжаатай хоёр удаа дайралдаад барьж чадаагүй гэдэг үнэн үү” гээд гурав дахиа тааралдвал хэрхэн яаж барих гэж байгааг асуухад тэд тоймтой хариу хэлж чадаагүй байна. Бүтэмж “Тэгвэл та нар Равжааг барьж авах гэж яваа улс биш ард олныг айлган сандаргаж, ашиг завшаан хөөцөлдөж, хошуу хотлыг үймүүлж яваа улс байна” гээд тэдний ачаа барааг авчирч задлахыг үүрэг болгожээ. Тушаасан ёсоор тахрууд тэдний ачааг оруулж ирж задлахад мөнгөн аяга, гаанс, хөөрөг, торго дурдан гарч иржээ. Энэ бол Равжааг олж барих нэрээр ард олныг айлган сандаргаж, зодож загнаж байж хээл хахууль болгон цуглуулж авсан эд бараа байжээ. Бүтэмж туслагч тэдний бүх юмыг дансалж хурааж аваад дагалт бичиг хийж цагдаа нарыг Хүрээнд хүргүүлсэн гэдэг. Тэрхүү хурааж авсан эд зүйлсийг эздэд нь буцааж өгчээ. Гулын Равжаа ч сүүлд сүрхий хүмүүжиж хулгай хийхээ больсон гэдэг.

Ц.Дамдинсүрэн. “Монгол ардын аман зохиолын дээж бичиг” номоос