images

“Нандин эрдэнэ”


     Одоогоос 40 орчим жилийн өмнө бүтсэн ч өдийг хүртэл үзэгчдийн үзэх дуртай бүтээл хэвээр байгаа И.Нямгаваа найруулагчийн “Нандин эрдэнэ” уран сайхны киноны дуу төрсөн түүхийг хүргэе. Энэ дуу кинотойгоо адилхан нэртэйн дээр мөн л өнөөг хүртэл сонсогчдын хайртай дуу хэвээр үлдсэн билээ. Анх 1985 онд найруулагч И.Нямгаваа яруу найрагч Б.Энхтуяагаар нэгэн шүлэг бичүүлж аваад хөгжмийн зохиолч Г.Пүрэвдоржид ая хийлгэхээр өгсөн гэдэг. Тэгэхэд хөгжмийн зохиолч хэний шүлэг болохыг нь огт мэдээгүйгээр үл барам 30 жилийн дараа л шүлгийн эзэн хэн байсныг мэдсэн аж. Киноны дуу бэлэн болоход дөнгөж сургуулиа төгсөөд ирсэн "Соёл эрдэнэ" хамтлагийн дуучин Ч.Насантогтоход анхны уран бүтээл болгон өгчээ. Энэ дууг гарсан цагаас нь өдийг хүртэл хослон дуулсаг бөгөөд тухайн үед Ч.Насантогтох, Б.Бадар-Ууган нар хамтран дуулсан байна. Харин тэдний ард "Соёл эрдэнэ"-ийнхэн хөгжимдөж байв. Б.Бадар-Ууганыг бурхан болсны дараа хоолойны өнгө ойролцоо "Инээмсэглэл" хамтлагийн дуучин Н.Ганхуягтай хослон дуулжээ. Тэднээс хойш орчин цагийн залууст энэ дууг хүргэсэн дуучид бол "Камертон" хамтлагийн дуучин Б.Эрдэнэбат, С.Сэрчмаа, О.Анхбаяр, Б.Халиун нар юм.

     1985 онд Монголд олон замтай дуу бичигчтэй, тусгай студи байгаагүй. Иймээс Кино үйлдвэрийн хөндий хоосон танхимд "Нандин эрдэнэ" киног зурагтаар гаргаж байгаад тохирох хэсэг тус бүрт нь оруулах аяа шууд төгөлдөр хуур дээр тоглож, дуучид нь дуулж бичжээ. Өөрөөр хэлбэл, одоогийнх шиг дуугаа биччихээд дараа нь кинондоо тааруулж хасаж, танаж нийцүүлэх боломжгүй учраас шууд тааруулж бичсэн гэдэг. Мөн киноны дундуур бүүвэн дуу аялдаг хэсгүүдийг ч Ч.Насантогтох аялж байжээ.

Эх сурвалж: "25" дугаар суваг телевизийн "Дуу төрсөн түүх" нэвтрүүлэг.