images

“Хунт нуур”


    Энэ дууны аяыг хөгжмийн зохиолч, МУУГЗ Д.Цэвээнравдан зохиожээ. Түүнийг 1990 онд Завхан аймгийн Хөгжимт драмын театрт хөгжмийн зохиолч, Худалдаа бэлтгэлийн удирдах газарт авто тээврийн инжeнeрээр ажиллаж байхад нь яруу найрагч П.Батсайхан ая хийлгэх хүсэлт тавьсан байна. Тэрбээр "Завхан нутгийнхаа нуур усны тухай шүлэг зохиогоод чамайг зориод ирлээ. Сайхан ая хийгээд өгөөч" гэжээ. Тэгэхэд нь Д.Цэвээнравдан шүлгээ хүлээж аваад тохиромжтой сайхан ая зохиохын тулд гурван хоног бодож эргэцүүлсний эцэст дараа өдрийн үүрээр санасан аялгуугаа бодлоосоо гаргаж авчээ. Тэрбээр ихэнх дуугаа өглөө эрт дөрвөн цагийн үед бичдэг хэмээн хэвлэлд ярьж байсан аж. Энэ дууг анх дуучин С.Батсүх дуулж, олны хүртээл болгосон бол өдгөө олон дуучид сэргээн дуулсаар байгаа юм. Хамгийн сүүлд гэхэд дуучин А.Түмэн-Өлзий дуулж, клип хийлгэсэн юм. Хожим дууг нь сонсож, өвөрмөц сайхан болсон хэмээн урам өгч байсан хүмүүсийн дотор нэрт хөгжим судлаач Р.Энхбазар байжээ.