images

Гулын Равжаа


Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын өндөр настан Хайнзан гуайн хууч

     Манай хошуунд урьд хулгайч нар нэлээд их байсан юм. Хол газраас адуу хулгайлдаг хүнийг “сайн эр” гээд, ойр зуураас хонь хурга хулгайлдаг хүнийг хаяагаа хадардаг муу эр гэдэг байлаа. Цагаан Чанрав, Хүрэл Дампил, Хүрээтийн Пунцаг гэх мэт сайн эрс байсан. Гулын Равжаагаар л сайн эрчүүд шувтарлаа. Гулын Равжаа 1910 оны орчим Хүрээний шоронд хоригдож байгаад шоронгоос оргоод Хүрээний ихэс ноёдын унадаг сайн морьдыг хулгайлж аваад нутаг хошуундаа хүрээд иржээ. Хүрээнээс түүнийг барих гэж дөрвөн цагдаа улаагаар давхиж ирсэн байдаг. Тэр дөрөв айхтар ширүүн улс байсан гэдэг. Тэдний нэг нь монгол үгийг төвд үсгээр бичдэг Балдан гэдэг хүн байсан гэнэ лээ. Тэд манай нутагт ирээд айлуудаар хэсэж “Гулын Равжаа хаа явна? Та нар үзсэн л байлгүй яахав” гээд баян чинээлэг хүмүүсийг барьж хориод хүлж зодож байгаад хахууль авдаг, хахууль өгөхгүй бол тавихгүй их зовоодог байжээ. Тэд ерөөсөө Гулын Равжааг барина гэж улаагаар давхилдан хүн барьж зодоод, хонь хагалж идээд ард олныг их зовоож байжээ. Ийм юм болж байна гэж Равжаа дуулаад нэг өдөр нөгөө дөрөв айлд хонь гаргаж идээд сууж байтал өөрөө давхиад очжээ. Морин дээрээс ташуураар гэрийн үүдийг сөхөн буугаа гаргаж ирээд “Цагдаа нар байна уу? Наашаа гараад ир. Би Гулын Равжаа байна. Та нар намайг барих гэж яваа юм бол одоо гарч ирж барьж ав” гэж гэнэ. Түүнийг бууг харчихаад цагдаа нар айж, зарим нь орон доогуур шургаж байсан гэдэг. Тэгээд гарч ирэх хүн байхгүй болохоор Равжаа “Та нар гарч ирэхгүй юу? Миний төлөө хошуу олныг бүү үймүүл. Надтай уулзах хэрэг байгаа бол маргааш өглөө Шаргын цагаан толгой дээр нар мандах үеэр уулзъя. Би тэнд байж байна” гэж хэлчихээд давхиад явчихжээ. Маргааш нь цагдаа нар хэдэн хүнээр газарчлуулан нөгөө газар очжээ. Гулын Равжаа тэдний малгайн орон зангилааг тас буудаад байжээ. Равжаа тийм мэргэн бууч байсан гэдэг. Ингээд цагдаа нар барьж чадалгүй буцсан гэдэг.

Ц.Дамдинсүрэн. “Монгол ардын аман зохиолын дээж бичиг” номоос