images

"Гоё халиун"


     Хязаалан насандаа улсын наадамд түрүүлж, соёолон насандаа аман хүзүүдэж, бүсийн томоохон наадмуудад түрүү магнайд хурдалсан гоё халиун морийг монголчууд андахгүй. Энэ хурдан хүлэг алдарт уяач Т.Энхтайваных бөгөөд улс, бүсийн наадамд уралдахад нь манлай уяач Г.Сандуйжав уяа сойлгыг нь тааруулж байсан юм. Анх 2002 оны зун уяач Т.Энхтайван Батлан хамгаалах яамны адууг малладаг Алтангадас найзынхаа санал болгосноор Хэнтийн Өмнөдэлгэрт байдаг зураг шиг сайхан адуутай буриад айлд очихдоо гоё халиуныг харсан гэдэг. Тухайн үед гоё халиуныг авъя гэж заасан ч эзэн нь “Хүүхдийн үрээ байгаа юм” гэсэн тул аргагүйдэж дөрвөн адуу худалдаж аваад буцжээ. Тэгэхдээ даагандаа улсад гуравт хурдалсан соёолон хар азаргаараа адуугаа хураалгаад тэр айлдаа бэлэг болгон үлдээж гэнэ. Гэтэл өвөл нь “Морь таалагдсан. Ирэх жил ирж морь аваарай” гэжээ. Ингээд дахин очихдоо гоё халиунаа авч, тэр жилдээ улсын наадамд сойход түрүүлсэн байна. Тэгвэл өнгө зүс, хурд, давхилаараа гайхагдсан гоё халиуны тухай дуу хийхийг нэг бус улс санал болгож байсан гэдэг. Харин тэр дундаас бүтээл болгож чадсан нь яруу найрагч Н.Лутбаяр ажээ. Тэрбээр 2004 онд Г.Сандуйжавын уяан дээр очиход аварга зээрд, гоё халиун байж таарсан бөгөөд аргагүй сайхан морьд харааг нь булааж байсан гэдэг. Тэгээд дуу хийхээр шийдэж бал цаас бариад гоё халиуныг шинжиж тэмдэглээд зогсож байхад нь Т.Энхтайванд гоё халиун өвөл борлож, намартаа намрын мэт өнгөтэй болдог зүсээ хувилгадаг морь гэх зэргээр сонин содон шинжүүдийг хэлж өгч байсан аж. Ингээд шүлэг бэлэн болоход хөгжмийн зохиолч М.Хатанбаатарт очиж “Би гоё шүлэг бичсэн. Чи гоё ая хийгээрэй. Энэ гоё дуу болох ёстой шүү” гэжээ. Энэ үгнээс ч болсон уу ихэд сүрдэж шүлэгт ая хийжээ. Тэгэхдээ Н.Лутбаярын шүлэгт ямар ч засвар оруулаагүй бөгөөд үг бүрийн утгад тааруулж сэтгэл хөдлөл илэрхийлсэн ая хийсэн байна. Тэдний хувьд өмнө нь морины тухай дуу хамтран хийсэн, цаашид ч энэ зүгийн дуу хийхээр тохирцгоосон байсан аж. Харин дууг хэнээр дуулуулах вэ гэхэд М.Хатанбаатар “Надад У.Далантайгийн хоолойгоор сонсогдоод байгаа” гэж, түүн рүү утас цохин хэлэхэд шууд зөвшөөрсөн гэдэг. Дуугаа огт хараагүй, сонсоогүй ч энэ саналыг хүлээн зөвшөөрсөн нь нэг найз нь гоё халиуны тухай байнга ярьдаг байсных гэнэ. Гэтэл нэг орой дуу бичлэгийн студиэс нь “Наадам дөхлөө. Энэ дууг хурдан хийе. Өнөө орой хоолойгоо бичнэ” гэснээр М.Хатанбаатар У.Далантай руу утас цохьжээ. Тэгэхэд СУИС дээр Г.Хайдав багштай хамт байсан дуучин “Тэгье. Намайг ирээд авчих уу” гэснээр нотоо ч огт харж байгаагүй дуучин аяыг төгөлдөр хуур дээр нэг удаа тоглуулж сонсоод, хоёр дахь дээр нь зэрэгцэж дуулаад шууд хоолой бичлэгт оров. Ердөө хоёр, гуравхан удаа бичээд бичлэг дууссан гэдэг. Үүний дараа уран бүтээлчдийг Төв аймгийн Долоон гэдэг газарт морины сунгаан дээр очиход тод манлай уяач Ц.Дуламсүрэн сонсож үзээд хит дуу болно гэжээ. Тэрбээр морьдоо хэр зэрэг давхихыг урьдаар хэлсэн нь дандаа онодог тул тэд ч ихэд бэлгэшээжээ. Ингээд дуу ч гарсан даруйдаа олон түмэнд танигдаж хит болсон юм. Харин хожим 2010 онд Т.Энхтайван алдарт уяачийн болзол хангахдаа клип хийлгэжээ. Тэрбээр морьдынхоо бичлэгийг хийх сонирхолтой учраас дүрсний арвин нөөцтэй байсан аж. Монголын алдарт хурдан хүлгүүдийн нэг гоё халиуны тухай дуу ийн бүтжээ. Энэ дууны бүтсэн түүхийг хуваалцахдаа уяач “Харахад өндөр том биш ч гуалиг сайхан биетэй гоё халиун минь угшлаараа эрлийз юм. Энийг нууж хаах шаардлагагүй. Үнэнээрээ байх хэрэгтэй. Эцэг нь Читагийн Буриадын морин тойруулгаас орж ирсэн” гэж байв.

Эх сурвалж: ТМ телевизийн “Дууны жигүүр” нэвтрүүлэг.