images

“Ухаарч амжаагүй бүхний чинь төлөө”


     1996 онд “Айзам-2” хамтлагийн басс гитарчин О.Хүрэлбаатар “81 суваг” нэртэй сонины арын нүүрээс нэг нийтлэл олж уншжээ. Тэр нь хоёр найз бүсгүйн тухай байсан бөгөөд нэг нь хүнд өвчнөөр өөд болдог. Найз нь талийгаачаа дурсаж, хайр дурлалынх нь тухай тэнд бичсэн аж. Тэр бүсгүй нэг залууд чин сэтгэлээсээ хайртай байгаад яаж ч гомдоож, хуурч байсан үргэлж уучлаад, хүнд өвчтэй гэдгээ ч хэлэхгүй чин үнэнчээр хайрласаар дууссан тухай. О.Хүрэлбаатар энэ нийтлэлийг уншаад “Ухаарч амжаагүй бүхний чинь төлөө” дууныхаа үг, аяыг бичжээ. Эхлээд “Айзам-2” хамтлагт дуулдаг байсан Анагаахын дээд сургуулийн оюутан Аззаяа гэдэг охиноор дуулуулсан аж. Дараа нь “Салхи” хамтлагийнхан О.Хүрэлбаатараас зөвшөөрөл авч дуулсан байна. 1997 оны 11 дүгээр сард “Айзам-2” хамтлагийнхан “Аз жаргалын бороо” нэртэй тоглолтоо хийхэд энэ дууг “Салхи” хамтлаг дуулж өгчээ. “Салхи” хамтлаг тухайн үед анхны тоглолтоо хийчихсэн, хит дуу гаргаад олонд багагүй танигдсан байв. Улмаар студид хоолойгоо бичүүлээд энэ дууг олон нийтэд цацахад нэг сарын дотор л хит болсон түүхтэй.