images

Халимагийн гурван далбааны учир

Б.Бат-Амгалан

Чихэнд чимэгтэй

2022-11-24


     Монгол түмний үсэрсэн цус, тасарсан мах халимаг түмэн өнгөрсөн зуунд большевикуудын талхинд орж үндэс угсаагаа хадгалан дээдлэх эрхээ хасуулаад, өнөө ч их Оросын хавчилганд тийчилж, өнгөрсөн түүхээ мартаж гээж яваа ч гурван зууны өмнө хөндийрсөн угсаа гарвалын холбоогоо арай ч таягдаад хаячихалгүй сүслэн байгааг өнгөрсөн зууны гурван өөр цаг хугацаанд тэдний бүтээсэн гурван өөр далбаагаар жишээлэн сонирхуулж байна. Оросын Иргэний дайнд цагаантнуудын талд байлдсан халимагуудын ихэнх Югослав, Болгар, Франц руу дүрвэн гарсанаас 20-иод жилийн дараа Зөвлөлтийн бүрэлдэхүүн дэх Халимаг ССР-ийн ард түмэн нутагтаа орж ирсэн Германы цэргийг талархан угтсан төдийгүй Халимагийн морин дивизийг байгуулан оросуудын эсрэг байлдсан, үүнээс 50 жилийн дараа буюу 1992 онд БНХалимаг улс байгуулагдсан энэ гурван үетэй доор үзүүлсэн гурван далбаа холбогдох юм. Аль ч далбаан дээр монголчуудын эртний шүтээн мөнх хөх тэнгэр, мөн есийн тоо гэх мэт бэлгэдэл байх ажээ.    

      1932 онд Прага хотод байгуулагдсан Халимагийн Үндэсний Конгрессоос баталсан Халимагийн далбаа. “Зөвлөлт дэглэмийн үеийн орос бус үндэстнүүдийн далбаа” номд Чехийн судлаач Х.Трэбичкийн бичсэнээр энд “Шар өнгийн дэвсгэр дээр мөнх тэнгэрийг бэлгэдсэн хөх өнгийн тойрог, түүн дээр Чингис хааны цагаан шонхор шувуу халин нисч байгаа”-г дүрсэлжээ. Доор нь Их Монгол улсын үеийн есөн хөлт туг байна.

Дараагийнх нь Элстэйд малын эмчийн дүрээр сууж байгаад Германы цэргийг энд ирэхэд ил гарсан тагнуулч, СС-ийн офицер Отто Долл Халимагийг хэрэг дээрээ захирч большевикүүдийн эсрэг хамтран байлдаж байсан үе буюу 1943 онд бий болгосон Халимагийн далбаа. Мөн адил цагаан шонхор шувуутай бөгөөд есөн хөлт тугийг арай өөрөөр дүрсэлжээ.

   Гурав дахь нь, 1993 онд Халимагийн парламентаар баталсан тус улсын далбаа. БНХалимаг улсын төрийн бэлгэдлийн тухай хуулиас иш татвал “Улаан залаат халимаг-Хальмаг Тангч-Бүгд Найрамдах Халимаг улсын далбаа нь алтан шар өнгийн тэгш өнцөгтийн голд хөх тэнгэрийн өнгө бүхий дугуй дэвсгэр дээр есөн дэлбээтэй цагаан бадамлянхуа цэцэг байна. Далбааны ишний үзүүр нь галын дөлийг бэлгэдсэн хэлбэртэй, түүний дээр эртний Дөрвөн Ойрадын бэлгэдэл хоорондоо нийлсэн дөрвөн дугуй дүрс байх бөгөөд үзүүрийн суурь хэсгээс улаан залаа унжуулна” гэсэн байна. Үндсэн эх нь орос хэлээр буй энэ хуулинд улаан залааг “улан зала” хэмээн монголоор бичжээ. Халимагийн төрийн сүлдийг “Хальмг Тангчин сюлде” буюу сүлд гэдэг бөгөөд оройдоо мөнөөхөн Дөрвөн Ойрадын бэлгэдэл дөрвөн дугуй дүрс, цаашилбал хадаг, улаан залаа, цагаан лянхуа, монгол үндэсний хээ дүрсэлсэн байдаг. Уласай дуулал буюу төрийн дуулал нь "Хальмг Тангчин частр" гэдэг. Частр гэдэг нь шастир гэсэн үг ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.