images

АНУ-ын сэтгэцийн эмнэлэгт олон жил хоригдсон Мексикийн уугуул иргэний ээдрээт түүхээр кино хийжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-06-10


   Дөч гаруй жилийн өмнө ойлгомжгүй үг хэллэг хэрэглэсэн гэх шалтгаанаар АНУ-д сэтгэцийн эмнэлэгт хоригдсон Мексикийн уугуул иргэний эмгэнэлт түүхийн талаар BBC мэдээлэв. 1930 онд төрсөн Рита Патино Кинтерогийн бодит түүхээс сэдэвлэсэн “Muki Sofalilili Aligue Garwich Nirugame” нэртэй кино саяхан Мексикт гарчээ. Түүний нэр нь омгийнх нь уугуул хэлээр "Од ба уулсын эмэгтэй" гэсэн утгатай аж. Рита нь Мексикийн хойд хэсэгт орших Чихуахуа мужийн Ларамури омгийн уугуул иргэн байсан бөгөөд бүжиглэх, дуулах дуртай, эмийн ургамал гойд сайн таньдаг, хонь маллаж амьдардаг нэгэн байсан аж. Харин 1983 онд тэрбээр төөрч АНУ-ын хилийг даван Канзас мужийн нутаг руу орсон байна. Тухайн үед АНУ, Мексикийн хилийн хамгаалалт одоогийнхтой харьцуулахад хамаагүй сул байсан тул тэрбээр өөр улсын нутагт орсноо ч мэдсэнгүй. Төөрч гол мөрөн, уул хөндийг туулан явахад хувцас хунар нь урагдаж, хөл гараа хүртэл гэмтээж, өлсөхийн эрхэнд ойролцоох сүмээс түүхий өндөг хулгайлан идэж байгаад цагдаа нарт баригдан саатуулагджээ. Тухайн үед зөвхөн уугуул хэлээрээ ярьдаг, англи хэл мэддэггүй байсан Рита цагдаа нарт учир байдлаа тайлбарлаж чадсангүй. Цагдаа нар түүний үгийг ойлголгүй харин ч гадаад төрх, биеэ авч яваа байдал, хэл яриагаар нь шизофрени өвчтэй гэж үзэн сэтгэцийн эмнэлэгт хүргэсэн байна. Эхэндээ шүүх Ритаг гурван сар эмнэлэгт хэвтүүлж, дараа нь сэтгэцийн байдлыг нь хянан үзэхийг үүрэг болгожээ. Гэсэн хэдий ч гурван сарын дараа түүнд өмгөөлөгч олдсонгүй. Эмнэлгийн ажилтнууд Ритатай харилцах боломжгүй байсан тул түүнийг хаанаас ирсэн хэн болохыг тогтоож чадаагүй байна. Хариуцлагагүй ажилтнуудын буруугаас болж тэрбээр сэтгэцийн эмнэлэгт ийн хоригдсоор 1995 онд буюу 12 жилийн дараа Канзас мужийн Хүний ​​эрхийн төвийн ачаар эмнэлгээс гарчээ. Хүний эрхийн төвөөс түүнд зөрчигдсөн эрхээ сэргээж, хохирлоо нэхэмжлэхэд нь туслуулахаар Ториа Мроз хэмээх өмгөөлөгч томилж өгсөн байна. Ингээд олон жилийн дараа гэртээ эргэж ирсэн хойноо сэтгэцийн эмнэлэг болон түүнтэй зүй бус харьцаж байсан 30 ажилтны эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд 2001 он хүртэл үргэлжилсэн шүүх хурал түүний хүссэнээс хамаагүй бага буюу 90 мянган долларын нөхөн төлбөр олгожээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.