images

З.Цэвээнравдан: Манай аймгийн 46 мянган хүний 25-26 мянга нь ургийн бичиг хөтөлж байна

Б.Бадамзул

Хөдөөгийн баясгалан

2022-11-16


   Дундговь аймгийн Сайнцагаан сумын иргэн Монгол улсын гавьяат багш, профессор З.Цэвээнравдантай ярилцлаа. Дундговь аймгийнхан ургийн бичиг хөтөлж ураг удмаа мэдэлцэн, цус ойртохоос сэргийлэх болсонд энэ хүний оруулсан хувь нэмэр их юм.

     Би аймгийнхаа нэгдүгээр 10 жилийн дунд сургуульд багшилж байхдаа 1979-1988 он хүртэлх есөн жилийн хугацаанд мэргэжлийн хичээлээсээ гадуур “Монгол ёс суртахуун” гэдэг хичээл зааж байсан юм. Энэ үеэс л сурагч багачууддаа ургийн бичиг хөтөлж хэвшүүлье, ураг удмыг нь мэдүүлье гэсэн санаа төрсөн. Тухайн цагтаа мянгаад хүүхэд залууст ургийн бичиг хөтлүүлжээ. Учир нь, залуу үе аав ээжээсээ цаадах хүмүүсийг бараг л мэдэхгүй, хамаатнуудаа аавын дүү, ээжийн ах гэдэг. Ураг төрлийн маш нарийн нэрс байдгийг мэдэхгүй байлаа. Нөгөөтэйгүүр хөдөө, хотгүй цус ойртсон нь цаашдаа их аюул дагуулахыг ойлгож байв. Тиймээс нутгаасаа эхлэн ургийн бичиг хөтлүүлье гэж шийдээд Сайхан-Овоо сумаас эхлүүлсэн юм. Сүүлдээ аймгийн ЗДТГ, Боловсрол соёлын газар дэмжсэнээр, манай аймгийн 47 мянган хүн амаас 25-26 мянга нь ургийн бичиг хөтөлж байна гэсэн статистик тоо гарсан байна лээ. Тэгэхээр бидний ажил үр дүнгээ өгч байгаа юм байна, цаашдаа олон айл ургийн бичигтэй болох юм байна гэж бодож байгаа.

     Ургийн бичиг хөтлөх олон арга бий. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хулан овогт Ц.Дэлгэрбуян ургийн бичгээ дугуй хэлбэрээр хийсэн байна. Аав, ээжийн талаа тус тусад нь салгаж есөн үеэ нарийн тооцоолж, зургаан зуу орчим хүнийг оруулсан бий. Би өөрийн удмын бичгээ 2020 онд “Баян-шарнууд овгийн удмынхан” ном болгон гаргасан. Уг нь ургийн бичгээ 2006 оноос хийж эхэлсэн юм. Олон хүүхэдтэй залуу гэр бүлүүдтэй холбоо барих, нэг бүрчлэн утсаар ярьж, захидлаар харилцах, настай хүмүүсээс асууж лавлахад их цаг оржээ. Би номдоо шугаман хэлбэрээр хөтөлсөн ургийн бичиг оруулсан нь залууст их ойлгомжтой болсон юм. Шугаман хэлбэрээр ургийн бичиг хөтлөхдөө үе үеэр нь схемчилдэг. Ургийн бичгийг шугаман, дугуй, модон, суварга хэлбэрээр бичиж болно. Залуустаа зөвлөхөд бүх ах дүү төрөл төрөгсдөө аав ээж, ахмад настнаасаа асууж мэдэх хэрэгтэй. Мөн хүргэн бэрүүдээ орхиж болохгүй. Бүх хүнээ тооцож хар зураг гаргачхаад ямар хэлбэрээр хөтлөхөө шийдвэл зохимжтой. Би удам угсааныхнаа ургийн номыг хийхдээ ажил мэргэжил, авьяас, алдар гавьяагаар нь бүлэглэсэн. Арав хорин жилийн дараа манай аймгийнхан төдийгүй улс даяараа ургийн бичиг хөтөлдөг байгаасай гэсэн бодол, төлөвлөгөө бий.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.