Монгол улс анх удаа "Хуурай боомт" байгуулна
Чихэнд чимэгтэй
2024-01-10
Зам тээврийн хөгжлийн яам Улаанбаатар хот болон Замын-Үүд, Хөшигийн хөндий, Алтанбулаг, Сайншанд, Бичигт, Чойбалсан, Ховд гэсэн байршлуудад "Хуурай боомт" байгуулахаар болсон тухайгаа өнгөрсөн онд мэдээлсэн. Тэгвэл эдгээрээс хамгийн түрүүнд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутагт ийм боомт байгуулах шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гаргалаа. Хуурай боомт гэдэг нь авто зам, төмөр зам, агаарын тээвэр зэрэг тээврийн бүхий л төрөл хөгжсөн, ачаа боловсруулах хүчин чадалтай, олон улсын шинж чанартай тээвэр логистикийн төв юм. Тэгвэл уг шийдвэрийн дагуу "Хуурай боомт"-ын ТЭЗҮ, зураг төсөл боловсруулахад шаардагдах хөрөнгийн тооцоог гаргаж, шийдвэрлэх арга хэмжээ авахыг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгажээ. Харин ТЭЗҮ, зураг төслийг энэ оны хоёрдугаар улиралд багтаан боловсруулж дуусгахыг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод, Засгийн газрын холбогдох гишүүдэд боомт байгуулахад хөрөнгө оруулах, хамтран ашиглах чиглэлээр гадаад, дотоодын түншүүдтэй хэлэлцээ хийх ажлыг даалгасан байна.
Манай улс далайд гарахын тулд хуурай замаар ОХУ-ын нутгаар дамжин Алс Дорнодын далайн боомт хүртэл 3800 км, БНХАУ-ын Тяньжин боомт хүрэхэд 1870 км туулдаг. Тиймээс олон улсын худалдаанд тээвэрлэж буй барааг ачиж буулгах, хадгалах, хяналт шалгалт хийх болон холбогдох гаалийн хяналт, бүрдүүлэлтийг хэрэгжүүлэх олон улсын чанартай хуурай боомт байгуулах зайлшгүй шаардлагатай юм. Мөн БНХАУ болон ОХУ-ын хоорондох Ази болон Европыг холбосон хамгийн дөт зам, эдийн засгийн газарзүйн байршил зэрэг давуу талууддаа түшиглэн олон улсын чанартай хуурай боомтуудыг хөгжүүлэх боломжтой ажээ. Хуурай боомт байгуулснаар эдийн засгийн өсөлтийг хангах, дамжин өнгөрөх ачаа тээврээс ашиг хүртэх (транзит, реэкспорт, экспорт, импорт), сав баглаа боодол өөрчлөх, хагас боловсруулах, брэнд шилжүүлэх зэрэг хуурай боомтын үйл ажиллагаанаас ашиг хүртэх, бүс нутаг болон орон нутгийг хөгжүүлэх, хүн амын хэрэгцээт бараа бүтээгдэхүүний хангамж нэмэгдэх ач холбогдолтой.
Эх сурвалж: Монгол улсын Засгийн газар
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.