Бенгал найрагч Б.Явуухулангийн бэлгийг 54 жил хадгалжээ
Чихэнд чимэгтэй
2024-01-09
2016 оны өвөл Малайзад болсон яруу найргийн наадмын үеэр Монголын талаас оролцсон Соёл, яруу найргийн академийн хөтөлбөрийн захирал, орчуулагч О.Мөнхнаран Баруун Бенгалаас ирсэн хоёр яруу найрагчтай танилцжээ. Тэдний нэг нь хатагтай О.Мөнхнаранг Монголоос ирсэн гэдгийг сонсоод ихэд дотночилж нэгэн түүх ярьсан байна. Биплаб Маже хэмээн өөрийгөө танилцуулсан зохиолч, яруу найрагч тэрбээр 1970 оны 11 дүгээр сард Шинэ Дели хотод болсон Ази, Африкийн залуу зохиолчдын хуралд хамгийн залуу төлөөлөгч болж улсаа төлөөлөн оролцсон ажээ. Тэр хуралд Монголоос ирсэн нэгэн яруу найрагчтай танилцахад түүнд монгол дууны пянз болон монгол эмэгтэйн дүр бүхий шаазан эдлэл зэргийг дурсгасан байна. Энэ тухайгаа тэрбээр “Нэрийг нь тогтоож чадаагүй тэр монгол нөхрийн бэлгийг нандигнан хадгалж, хэлийг нь мэдэхгүй ч монгол сайхан аялгууг 50 гаруй жил сонсч байна” хэмээн өгүүлжээ. Улмаар олон жил хадгалсан тэрхүү нандин бэлгийнхээ зургийг авч О.Мөнхнаранд илгээснийг үзвэл монгол дууны пянз дээр нь Л.Мөрдорж, Д.Мяасүрэн зэрэг аваргуудын нэр дурайж байв. О.Мөнхнаран нутагтаа ирсэн хойноо тэрхүү монгол найрагч хэн байсан байж болох талаар бяцхан эрэл сурал хийгээд үзтэл их найрагч Б.Явуухулан байсан аж. Б.Явуухулан найрагчийн шүлгийн түүврийг үзтэл "Энэтхэг бүсгүй" тэргүүт шүлгүүдийнхээ доор "1970 он. Шинэ Дели" хэмээн бичсэн байв. Биплаб Маже хэмээх энэ хүн хожим 2019 онд Баруун Бенгал мужийн нийслэл Калькутта хотноо "Монгол, Энэтхэгийн яруу найрагчдын уулзалт" зохион байгуулж монгол нөхдөө халуун дотноор угтан авчээ.
Б.Явуухулангаас бенгал найрагчид очсон нандин бэлэг
Онцгой сонин учрал тохиолоор монгол найрагчдад ихэд дотно сайхан ханддаг энэ эрхэм яруу найрагчийн бэсрэг түүврийг хатагтай О.Мөнхнаран монгол хэлнээ орчуулж “Toono editions” эрхлэн гаргасан байна. Зохиолч, яруу найрагч Биплаб Маже нь Калькуттагийн их сургууль төгсөж, улмаар Москвагийн улсын их сургуульд мэргэжил дээшлүүлжээ. Тэрбээр төрөлх бенгал хэлээрээ яруу найргийн 28, хүүрнэл зохиолын 36, орчуулгын 9, хүүхдийн 6 ном бичиж туурвисан байна. Тэрбээр “Соёл хоорондын харилцаа судлалын олон улсын нийгэмлэг”-ийн ахлах зөвлөх, “Kolkatar Jishu” олон улсын сэтгүүлийн зөвлөх редактороор ажиллаж байна. Ингээд түүний шүлгийн дээжээс орчуулагч О.Мөнхнарангийн орчуулснаар, яруу найрагч Б.Явуухулангийн “Энэтхэг бүсгүй” шүлгийн хамт хүргэж байна.
Биплаб Маже
Би дурсан санана
Балчир ахуйнхаа
Шидэт үдшүүдийн үлгэрийг
Өдгөө ч би тод санана!
Тэр үед тэнгэр баганадсан өндөр барилгууд байсангүй,
Тэр үед Akashvani хэмээх Энэтхэгийн радио байсангүй,
Тэр үед зурагт ч байсангүй
Савангийн дуурь,
Замбараагүй мэдээлэл,
Агаарын бохирдол ч байгаагүй
Зуны үдэш дээвэр дээрээ хэвтээд
Зуун түмэн оддыг олж үздэг байлаа
Тэр л гайхамшигт зүүдний мэт өдрүүд
Удаашруулсан дүрс шиг хөврөн оджээ
Балчир жаалхан нас минь
Нүдний минь гялбаанд үзэгдэнэ
Зүгээр л шүргэлцэхэд хайр
Улам үзэсгэлэнтэй гэрэлтдэгийг
Тэгэхэд би мэддэггүй байжээ
Амьдрал тэр үеэс өөр болжээ
Амьдрал тэгэхэд ямар байсныг
Өдгөө хэн ч мэдэхээ больжээ
Гагцхүү эрх, эрх чөлөө
Үзэл бодлын олон туг
Агаарт ч, тэнгэрт ч,
Тэнгэрийн хаяанд ч хөндөлсөж
Мөнх юм шиг намиран хийснэ
Хайрын шүлэг бичих минь эсэргүүцэл мөнөөсөө мөн
Харанхуй цөвүүн нь дийлсэн энэ хачин цаг үед
Хайрын шүлэг бичих минь эсэргүүцэл мөн юм
Хэн байтлаа өөрийн амьдралд хор уршиг тарих
Тийм шүлэг бичихийг тэгтлээ хүсэх билээ дээ?
Хүслийн жигүүрээр дүүлэхийг хэн ч хүсэхээ больжээ
Хүрээд ирээч, над руу! Хайрын зулыг хамт асаацгаая...!
Б.Явуухулан
Энэтхэг бүсгүй
Энэтхэг бүсгүй цохон дээрээ мэнгэтэй
Инээвхийлэн дальдрах хоёр нүд нь жавартай
Алтан саари нь бэлхүүс орчмоо задгай
Алхахад нь түүгээр цухалзах бие нь булбарай.
Өөлөх өөгүй бүсгүй хүний намбатай
Өрөөлийг баястал ханиа уяраах ааштай
Намуухан дуулах нь нартыг мартуулах гургалдай,
Найган бүжих нь надад баригдахгүй жараахай.
1970 он. Дели хот
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.