images

АНУ: Сансарт ажиллахаар бүтээгдсэн робот Чингис хэмээх нэртэй байжээ

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2024-01-08


   Хиймэл оюун ухаан хүн төрөлхтний хэрэглээнд үсрэнгүй нэвтэрсэн өнөө цагаас даруй гуч гаруй жилийн өмнө шинжлэх ухааны энэ ололтыг бага нялх байхад, үүний зарим нэг элементийг робот зохион бүтээхэд ашигласан, тухайн үеийнхээ сод бүтээлийн нэг нь Монголын их хааны нэртэй холбоотой байсан сонин баримт байна. Австралийн эрдэмтэн, робот зохион бүтээгч Родни Брүүкс 1989 онд АНУ-ын Массачүсэтсийн технологийн их сургуулийн профессороор ажиллаж байхдаа НАСА-гийн хүсэлтээр нэгэн робот бүтээсэн нь чухам Чингис гэдэг нэртэй байжээ. Сансрын уудмыг судлахдаа овор жин ихтэй, өртөг өндөртэй судалгааны аппаратуудын оронд аль болох бие даан ажиллах чадвартай, олноор үйлдвэрлэж болох роботуудыг бүтээж ашиглах явдал хэмээн тэрбээр үзэж байв. Мөн онд бичсэн "Fast, Cheap, and Out of Control: A Robot Invasion of the Solar System" хэмээх номдоо тэрбээр энэ санаагаа дэлгэрэнгүй тайлбарласан бөгөөд энэ үзэл санаагаа ажил хэрэг болгох нэг оролдлого нь “Чингис” робот байжээ. Наяад он бол эрдэмтэд роботыг зөвхөн даалгавар биелүүлдэг, суулгасан программынхаа хүрээнд ажилладаг биш харин танил бус, шинэ нөхцөлд дасан зохицдог, тухайн нөхцөл байдалд үнэлгээ хийн шийдвэр гаргадаг буюу хиймэл оюун ухаанд суурилсан робот бүтээхийг оролдож эхэлсэн цаг үе юм. Тэгээд ч ийм робот бүтээж чадсаны нэг тод томруун жишээ нь “Чингис” ажээ.

   Зургаан хөлтэй “Чингис” роботыг шавжны онцлогийг дуурайлган бүтээсэн байна. Шавж бол тархины ажиллагаа сайн биш боловч хөдөлгөөн үйлдэх чадвараар маш өндөр. Энэ шинж чанарыг нь чухалчилснаар Р.Брүүкс роботынхоо удирдлагын системийг хоёрдугаарт тавьж, хөл тус бүр дэх мэдрэгчийг сайжруулжээ. Ингэснээр “Чингис” робот замд таарсан саадыг өөрийнхөө мэдэрсэн хэмжээнд шийдвэр гаргаж давдаг, өөрөөр хэлбэл доогуур нь шургах ёстой гэж үзвэл шургадаг, тойрох ёстой гэж үзсэн бол тойрдог, дээгүүр нь гарах ёстой гэж үзсэн бол давж гардаг чадвартай болжээ. Энэ зарчим нь тухайн үедээ одоогийн хиймэл оюун ухаан байв. Р.Брүүкс “Юу мэдэрсэн, түүндээ зохицуулж үйлдэх” гэдэг онолыг боловсруулснаа уг роботод шингээснээр “Чингис” тухайн үед хүлээж авсан мэдээлэлдээ тулгуурлан хариу үйлдэл бие даан гүйцэтгэдэг болжээ. Өөрөөр хэлбэл уг роботод төв удирдлага гэж байхгүй, зургаан хөл тус бүр дэх мэдрэгч юу мэдэрснээ хоорондоо солилцоод нэгдсэн нэг мэдээлэл болгож, тэрхүү мэдээлэл нь роботын яаж явахыг заах удирдлага болдог байв. Бүхэлдээ энэ робот нь саад бартаа ихтэй орчинд ажиллаж, тэдгээрийг даван туулах буюу сансрын биет дээр судалгааны үүрэг гүйцэтгэхэд туслах зориулалттай байжээ.

   1954 онд Австралид төрсөн Родни Брүүкс Флиндэрсийн их сургууль, Стэнфордын их сургуулийг математик, компьютерийн шинжлэх ухааны мэргэжлээр дүүргэжээ. 1984 оноос хойш Массачүсэтсийн технологийн их сургуулийн судлаачдын эгнээнд элсэж профессор, 1997-2007 онд тус сургуулийн Компьютерийн шинжлэх ухаан, хиймэл оюун ухааны лабораторийн захирлаар ажиллаж байв. Робот, хиймэл оюун ухааны “iRobot”, “Rethink Robotics” “Robust.AI” зэрэг хэд хэдэн компанийг үүсгэн байгуулсан бөгөөд түүний бүтээсэн мини роботууд уул уурхайн өрөмдлөг, хүнд өвчний мэс засалд оролцдогоос гадна Нью-Йоркийн хоёр өндрийн нурангинаас хүмүүсийг аврахад оролцож байжээ. Тухайн үеийнхээ технологийн дэшил болсон роботыг тэрбээр чухам яагаад Чингис хааны нэрээр нэрлэсэн нь тодорхойгүй юм. Одоо “Чингис” робот Вашингтон хот дахь Смитсоны хүрээлэнгийн Үндэсний агаар, сансрын музейд байна. 

Зураг дээр: Р.Брүүкс “Чингис” роботын хамт.

 

         

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.