images

Монгол, Хятадын шувуу судлаачид 15 цэн тогоруунд байршил тогтоогч суулгажээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-01-02


   Хурх, Хүйтэний шувуу бөгжлөх сууринд өнгөрөгч оны зургаадугаар сард ирж ажилласан дотоод, гадаадын судлаачид 15 цэн тогоруунд сансрын дохиолол суулгасан талаар Хятадын шувуу судлаач Жя Юифэй "China Daily" сонинд ярьжээ. Тэрбээр Монголын шувуу судлаач, байгаль хамгаалагч, Олон улсын тогорууны сангийнхан, Бээжингийн ойн аж ахуйн их сургуулийн шувуу судлаачид болон хоёр шавьтайгаа хамтран 2023 оны зургаадугаар сарын 20-нд Монголд ирж Хурхад 14 хоног ажиллан 30 цэн тогоруу барьж 15-д нь сансрын дохиолол бүхий байршил тогтоогч суулгасан байна. Ингэхдээ дохиолол зүүх боломжтой эрүүл чийрэг шувуудыг сонгосон аж. Олон улсын шувуу судлаачдын хамтарсан энэхүү хээрийн судалгаа 2013 онд анх эхлээд цар тахлын гурван жилд саатаж, өнгөрсөн зун дууссан нь тэр юм. Тэд анх цэн тогоруунд GPS-тэй төхөөрөмж суулгадаг байсан бол одоо “Beidou” хиймэл дагуулын навигацийн систем ашигладаг болжээ. Өмнө нь тэд 60 тогоруунд байршил тогтоогч зүүсэн бөгөөд түүнээс авсан мэдээлэлд үндэслэн нүүдлийн зам, өвөлжих байршлыг нь тогтоохдоо амьдрах орчин нь нэлээд хумигдсаныг тогтоосон байна. Цэн тогорууны шинжлэх ухааны нэр нь Antigone vipio бөгөөд дэлхий даяар 7000-аас бага үлдсэн, дэлхийн тогорууны зүйлүүд дотроо дөрөв дэх ховор тогоруу ажээ. Иймээс энэ шувуу "Улаан ном"-ын эмзэг зүйлийн жагсаалтад багтсан байдаг байна. Цэн тогоруу нь Монгол, Орос, Хятадын нутагт буюу дэлхийн бөмбөрцгийн 60-90 дугаар өргөрөг хооронд байдаг. Тэгвэл Монголд зуссан шувуудын ихэнх нь намартаа урагш нүүдэллэж Шар мөрний сав газарт багтах Пояан нуурт очсон бол үлдсэн цөөн хэд нь Японы Кагошимад очжээ. Тэд ийнхүү өөр өөр газарт өвөлждөг учраас судлаачид хоёр популяц болгон ангилсан бөгөөд Хятадад өвөлждөг шувуудыг барууны популяц гэж нэрлэсэн байна. Пояан нуурт 2000 оны үед 4000 орчим цэн тогоруу өвөлждөг байсан бол 2009-2011 онд 1000 хүрэхгүй цэн тогоруу өвөлжих болжээ. Энэ талаар судлаач Жя Юифэй ярихдаа “Бид шувуудын амьдрах нөхцөлийг сайжруулахад хангалттай анхаарал хандуулахгүй байгаа нь тодорхой байна" гэсэн байна. Одоогийн байдлаар урд хөршид өвөлждөг тогоруунуудын ихэнх нь Өвөр Монголын Шанд голын бэлчирт хэсэг саатдагийг тогтоожээ. Тэр хавийн цэн тогорууг судлахдаа нутгийн малчдын тус дэмийг авсан бөгөөд тэднийг сургалтад хамруулж цэн тогорууг хамгаалах сайн дурын ажил хийлгэж байгаа гэнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.