images

Уран дархан З.Үржинсүрэн: Дарьгангын дархчууд нэг нэгнийхээ загварыг дуурайдаггүй

Б.Бадамзул

Хөдөөгийн баясгалан

2022-11-11


 Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул, Дорнод аймгийн харьяат, гурван үеийн уран дархан З.Үржинсүрэнтэй ярилцлаа.

     Би Дарьгангын гурван үеийн дархан. Миний аав дархан Зундуй гэж хүн байлаа. Аавыг төрөөд гурван сартай байхад ээж нь бурхан болсон учраас өвөг эцгийнхээ гар дээр өссөн. Өвөг эцэг Уртнасан нь мод, төмрөөр дарх хийдэг хүн байсан гэж нутгийн хөгшид ярьдаг. Аавын төрсөн эцэг нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум, хуучнаар Ёст бэйсийн хошууны Шарав гэж хүн байсан. Уртнасан өвөө охиноо бурхан болчихоор нь Шарав хүргэндээ “Хүүтэй болсон шүү. Зундуй гэж нэр өглөө. Чи залуу хүн энд суугаад яах вэ. Хожим ирж уулзаарай” гээд нутаг хошуунд нь явуулсан юм билээ. Тэр чинь 1918 он буюу Ардын засгаас өмнөх үе шүү дээ. Сүүлд 1964 онд Шарав гуай дал гарсан хойноо манайд ирж өвөлжөөд, эцэг хүү барилдсан юм. Тэр хүн мөн л дархан хүн байв. Манайд ирэхдээ өөрийнхөө гарын багаж, загвараа аавд дурсгасан. Өөрийнхөө загвараар ааваар аяга хийлгээд өөрт нь бэлэг барьсан юм. Би тэр үед зургадугаар ангийн хүүхэд байлаа. Аав тэр аягаа намайг худаг усны инженер мэргэжил эзэмшихэд өвлүүлж өгсөн дөө.

     Аавын өвөө Уртнасан, төрсөн эцэг Шарав хоёр дархан хүмүүс байж. Ингэхээр аав хоёр дахь, би гурав дахь үеийн дархан болж байна. Аав Дарьганга нутгийн үеийн дархчуул дундаа хэд хэдэн юмны анхдагч байсан. Нэгдүгээрт, гангаар дарх хийж ган аяга, дөрөө хийсэн гэдэг. Хоёрдугаарт, анх удаа шаазан мөнгөлжээ. Жараад онд цэнхэр шаазан аяга мөнгөлж байсан юм. Гуравдугаарт, сийлбэртэй гэр сайхан хийдэг хүн байв. Том хүү Нацаг нь цэргээс халагдаж ирэхэд хоёр багана дээрээ туулайтай иж бүрэн сийлбэртэй гэр, мөнгөн эмээл бэлдэж өгсөн. Дарьгангын хэлхээ тоонотой гэрийн загварыг гаргаж тийн хийсэн юм. Бургасан унийг үдээрээр үдэж, тоонотой холбосныг хэлхээ тооно гэнэ. Одоогийн гэр олон унь тоонондоо өлгөдөг бол тэр гэрийн унь тооно хэлхээтэй учраас нүүхдээ хоёр тал болгоод хуваачихна. Тэгээд тооноо унин дээр нь босгочхоод ханаа тойруулаад униа өлгөөд явчихдаг. Унь нь ойчдоггүй, нүүж суухад их тохиромжтой гэр байсан. Энэ талаар өөрөө яриагүй. Нутгийн буурлууд “Танай аав тэгсэн шүү” гэдэг юм. Аав минь “Та нар жаахан юм хийхээрээ би чадаж байна гээд байвал юм сурахгүй. Хүний хийснийг дуурайлгахгүйгээр өөрөө бодож сэтгэж хий. Дархан хүн загвараа гаргачхаад яаж хийхээ оюун ухаандаа тунгаасныхаа дараа эдлэлээ хийвэл илүү чанартай гоё болдог юм. Захиалсан хүн нь чиний хийснийг эдэлж хэрэглээд ирэхээрээ хэр дархан бэ гэдгийг чинь мэдэж үнэлдэг юм шүү” гэж захидаг байлаа. Харин аав минь маршал Х.Чойбалсангийн урилгаар Дарьгангын дархчуултай хамт Улаанбаатарт урилгаар очсон тухайгаа хуучилдаг. Тэгэхдээ төрийн их дархан М.Балдан-Осор, Дондов, Содов гээд газар газрын сайн сайн дархчуултай хамт тусгай байрлаж, гадаадын зочид төлөөлөгчдөд зориулан улсын хэмжээний бэлэг дурсгалын зүйл хийсэн юм билээ. С.Лувсанноров гуай “1943-1948 онд хэд хэдэн удаа БНМАУ-ын Засгийн газрын ерөнхий сайд, маршал Х.Чойбалсан гадаадын өндөр зэрэглэлийн зочин төлөөлөгч нарт өргөн барих бэлэг дурсгалын зүйл хийлгэхээр Дарьгангын алдарт дархан Д.Дүйнхэр, Д.Дамба, М.Балдан-Осор, У.Зундуй, Содов нарыг Улаанбаатар хотод урьж ирүүлэн тусгай гэр сууц гаргаж өгч олон сарын хугацаанд том жижиг хээтэй, цулгуй мөнгөн аяга, хэт хутга олон тоогоор хийлгэжээ” хэмээн номдоо тэмдэглэхээс гадна, хэвлэлд ярилцлага өгсөн байна лээ.

Дархан З.Үржинсүрэнд үе дамжин ирсэн эцгийнх нь хийцийн болон өөрийнх нь хийцийн мөнгөн аяганууд

     Миний хийсэн бүтээлүүд бол тэр сайхан эцгээс удам дамжин өвлөгдсөн авьяас ур ухааных. Түүнээс биш би алт мөнгөний дарханы сургуульд яваагүй. Зах зээлд шилжээд усны аж ахуйн мэргэжил байхгүй болоход 1993 оноос чөлөөт цагаараа дарх хийх болсон. Миний хийсэн бүтээл Япон, Хятад, АНУ-д бий. Дорнод аймгийн захиргаа надад захиалга өгч сайд дарга нарт бэлэглэх дурсгалын зүйл урлуулж байв. Хамгийн анх П.Очирбат гуайг Дорнод аймагт ажиллахад жижиг мөнгөн аяга хийж өгсөн дөө.

     Харин дархан Зундуйн зургаан хүүгийн отгон нь болох миний дүү Батжаргал мэргэжлийн алдартай уран дархан хүн. Дүрслэх урлагийн дунд сургууль төгсөөд Урчуудын эвлэлийн гар урлалын үйлдвэрт ажилласан. Тэр үед дүүтэйгээ хамтарч дархны ажил эхлээд цаашдаа багажаа хувилж олшруулаад явсан. З.Батжаргал 1992 онд анхны ардчилсан Үндсэн хууль батлагдахад Засгийн газрын ордны дор НАХЯ-ны хяналтад дархан С.Сугар, Д.Сосорбарам нартай хамт Монгол улсын төрийн тамга хийж байв. Мөн ардын зураач Д.Амгалан гуайн зургаар Алтан овооны тиг жаягийн дагуу Алтан овооны Батцагаан суваргын алтан ганжирыг Г.Раднаабазар дархантай хамтарч урласан. Бид хоёр Амарбаясгалант хийдийн захиалгаар тав зургаан хөөмөл бурхан хийсэн нь нэлээд том хэмжээтэй.

     Би Дарьганга дархчуудын удам угсааг таслахгүй юмсан гэж хуучнаар Дорнод аймгийн техник мэргэжлийн сургуульд алт мөнгөний дархны хичээл найман жил зааж зургаан анги төгсгөсөн. Тэднээс одоо дарх хийж байгаа олон шавь бий. Тэгэхэд миний хүү Ү.Амартайван дадлагын багш хийж байсан. Манай удмын дөрөв дэх үеийн дархан. Мөн том ах Нацагийн хүү Амартайван дарх хийдэг.

     Дүү З.Батжаргал, хүү Ү.Амартайвантайгаа хамтраад 1996 оноос хойш гурван удаа үзэсгэлэнгээ гаргалаа. Анх ерөнхийлөгчийн ивээл дор “Монгол дархан-1996” дархчуудын бүтээлийн үзэсгэлэн гарсан юм. Тэрэнд дүү маань ямар ч сур ороогүй цул мөнгөн хазаараар, би хоёр будаатай шаазан хээтэй мөнгөлж оролцсон. Бид мөнгөөр хийж болох бүх л зүйлийг үзэсгэлэнд дэлгэж байв.

     Ер нь дархан хүний бүтээл ард түмэнд л байдаг. Дарьганга хийцийн нууцлал нь ердөө загвар давтагдахгүй. Энд таван аяга байхад тавуулаа өөр өөр хийцтэй. Дархан хүн бүр өөр өөрийн багажтай. Өөр хүний багажаар хийвэл томдож, жижигдэнэ. Дарьгангын дархчууд нэг нэгнийхээ загварыг дуурайдаггүй. Эрт урьдаас загвар зохиомжоо боддог. Зохиомжийнхоо дагуу зургаа хийчхээд, мөнгөө хайлж давтаад тодорхой хэмжээний дүрс гаргачхаад яг хээлэхээрээ ямар чимэг тавихаа сонгоно. Тиймээс л загвар давтагддаггүй юм аа. Ямар цагт ямар хүнд юу захиалгаар хийж өгч буйдаа тулгуурлаж зохиомж гаргана. Түүгээрээ л Дарьгангын дархчууд гайхагдаад байгаа юм. Одоогийн залуус их сайхан хийдэг болсон байна. Цутгамал бүтээлийнхээ гоёлын хээг ч сайхан хийж сурчээ. 1990-ээд онд хулхи хийдэг байсан шүү дээ. Энэ хоёр гурван сая хүн дотор гар, нүд, оюун ухааны уртай хүн байгаа цагт аль ч дархыг хийхээр болсон байна.

Дархан З.Үржинсүрэнгийн усан хээ дотор хөдөлдөг хос алтан загас бүхий ёроолтой мөнгөн аяга

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.