images

Б.Туяагэрэл: Эх орныхоо хөрсөнд ургасан үнэт түүхий эдээр бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг хүсэж байна

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-12-21


МУИС-ийн Ахисан түвшний сургуулийн судалгааны 40 гаруй лабораторид ажиллаж буй судлаачдын хийсэн ажлыг үр дүнтэйгээр ашиглахад чиглэсэн Сургалт-Судалгаа-Үйлдвэрлэл” форум даваа гарагт МУИС-д боллоо. Уг форумд хувийн хэвшлүүдээс оролцож лабораториудын шинэ бүтээгдэхүүн, төлбөрт шинжилгээ үйлчилгээтэй танилцаж, хамтран ажиллах талаар ярилцсан юм. Ингээд тус сургуулийн Эмчилгээний хүнс, байгалийн нэгдлийн химийн лабораторийн судлаач, Хими, биологийн инженерчлэлийн тэнхимийн дэд профессор Б.Туяагэрэлтэй ярилцсанаа хүргэж байна. Тус судалгааны профессорын багийнхан 1998 оноос хойш Н.Цэвэгсүрэн багшийн санаачилгаар нэгдэн ажиллаж, үндсэн гурван чиглэлээр судалгаа хийж байна. Нэгдүгээрт, хүнс, эмийн гаралтай ургамлын биологийн идэвхт нэгдлийн судалгаа, хоёрдугаарт, сүү, цагаан идээ, малын мах, үр тарианы судалгаа хийж байгаа аж. Мөн 2015 оноос хүнсний үйлдвэрээс гардаг хаягдлыг дахин боловсруулаад функциональ шинж чанартай эмчилгээний зориулалттай нэмэлт хүнсний бүтээгдэхүүн гаргахаар ажиллаж байгаа ажээ. 

- Танай лаборатори энэ форумд юу юу танилцуулж байна вэ?

- Манай судлаачид 2015 оноос хойш нийт таван патент авсан. Тухайлбал, хамгийн сүүлд шар сүүнээс лактоз, лактулоз ялгах судалгааг хийж үйлдвэрлэлийн технологийн патентыг нь авлаа. Лактулоз нь элэг хамгаалах, өтгөн хаталтыг зүгээр болгох зэрэг олон үйлдэлтэй. Бид яагаад энэ технологиор патент авсан бэ гэхээр шар сүүний үл шингэх байдалд нөлөөлдөг гол агуулга болох лактозыг хувиргаснаар түүнийг ашиглан олон нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн гаргаж авах боломжтой болдог. Шар сүүн дэх лактозыг хувиргахдаа өндөгний хальс ашигласан. Одоогоор лактулозоор баяжуулсан шар сүүнээс энергийн ундаа хийгээд байна. Мөн ингэний хоормогноос уураг тосыг нь ялган гоёог нэмж чихэр хэлбэрт оруулсан. Бидний мөрөөдөл бол говийн үнэт түүхий эд болох ингэний хоормог, гоёотой пробиотик, пребиотикийн хослолтой шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн гарган авах юм. Түүнчлэн шар айрагны үйлдвэрт ашигласан исгэгчнээс гарган авсан b-глюканыг хиам, майонез дээр туршиж үзсэн. Хиаманд нэмэлтээр ашиглахад хиамны тослогийн агууламж багасгаж, илчлэг багатай, биелэг байдал нь сайжирч, майонезанд нэмэхэд өтгөн болж байсан. Мөн эмийн ургамалтай хүлхмэл чихрийн технологийг хөгжүүлэхээр зорьж чихэр өвстэй чихэр хийх оптималь нөхцөл тогтоох туршилтыг хийж гүйцэтгэсэн. Өмнөд Солонгосын хүн орхоодойтой чихэр алдартай байдаг шиг бид эх орныхоо хөрсөнд ургасан үнэт түүхий эд болох хунчир, чихэр өвстэй, сахарын агууламжгүй хүлхмэл чихрүүд хийхээр туршилтууд хийж байна. Манай оюутнууд хийсэн чихрээ үйлдвэрүүдэд санал болгох гээд “Winter Candy” гэж нэрлээд хайрцагт хийгээд савлачихсан байгаа. Бид анх хийсэн судалгааны үр дүнгээ мэргэжлийн сэтгүүлүүдэд хэвлүүлээд л орхидог байсан бол одоо оюутнуудтайгаа хамтраад гарааны бизнес эхлүүлж, инновацийн төсөл хэрэгжүүлдэг болсноор судалгааны ажлаа илүү хөгжүүлж бүтээгдэхүүн болгоё, үнэт найрлагыг нь баяжуулаад дараа дараагийнхаа бүтээгдэхүүнд ашиглаж шинэ нэр төрлийн функциональ хүнс үйлдвэрлэе гэдэг сэтгэхүйтэй болжээ. Иймээс сургуулийнхаа Инноваци, технологи дамжуулах төвийнхөндөө баярлаж явдагаа энэ дашрамд хэлье.

- Танай лабораторийн зохиогчийн эрхээр баталгаажуулсан технологийг хүнсний үйлдвэрүүд ашиглаж бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа юу?

- Бид өөрсдөө үйлдвэрүүдэд хандахаас гадна сургуулиас хамтарсан уулзалтууд хийж байсан. Гэвч тулгардаг нэг асуудал бий. Бид лабораторийн нөхцөлд таван литр шар сүүнээс лактоз ялгаж бүтээгдэхүүн гаргах боломжтой байхад тэд 1-10 тонн шар сүүнээс хэр ихийг гаргаж авах вэ, ямар зардалтай, ашиг нь хэд байх вэ гэдэг асуулт тавьдаг. Ингээд судлаач, үйлдвэрлэгч хоёрын дунд ойлголцлын зөрүү үүсчихдэг. Бид ирэх онд МУИС дээр байгуулагдах "Улаанбаатар" Шинжлэх ухаан технологийн паркад шар сүүний төслөө хэрэгжүүлнэ. Манайх тус паркад эхний ээлжинд хэрэгжүүлэх гурван төслийн нэгээр шалгарсан юм. Тэгэхээр шинэ хагас үйлдвэрлэлийн цехдээ туршилт, судалгаагаа хийгээд технологио илүү боловсронгуй болгочихвол том үйлдвэрүүдэд санал болгоход илүү дөхөм болж тэдний сонирхлыг татах болов уу гэж найдаж байна. Өнөөдрийн энэ уулзалтаас манай лабораторид туршсан технологийг авч хэрэглэх, томруулах боломжийг хувийн үйлдвэрүүд олоод харж чадвал лабораторийн орчинд технологи нь хэдийнэ бойжчихоод байгаа юм.

- Чихэр өвстэй чихэр их сонирхолтой юм. Ийм чихэр хүний биед ямар ашиг тустай вэ?

- Чихэр өвсөнд агуулагддаг глицериний хүчил нь ходооны үрэвслийг намдааж, ханиалга намжаадаг. Энэ ургамал маш олон тангийн найрлагад ордог. Бид эмийн ургамлаар хүлхмэл чихэр хийж байгаагийн нэг шалтгаан нь хүүхдүүдийн чихрийн хэрэглээ их байгаатай холбоотой функциональ найрлагатай чихэр гарган авах технологийг боловсруулахад зорьж байна. Гэтэл гадаадаас орж ирдэг сахаргүй чихэр үнэтэй байдаг. Тиймээс эх орныхоо түүхий эдээр эмийн ургамалтай чихэр хийж хүүхдүүдийн чихрийн хэрэглээг эрүүлжүүлэх, тэдний эм хэрэглэх дургүй байдлыг чихэр хүлхэх таатай замаар зохицуулахыг хүсэж байна. Би өөрөө бага насны хүүхдүүдтэй, чихрийн хэрэглээг нь байнга хязгаарлах гэх мэт олон асуудал тулгардаг учраас энэ асуудлыг шийдвэрлэхэд жаахан боловч хувь нэмэр оруулахыг хүсдэг.

- Цаашдын зорилгууд нь юу юу байна вэ?

- Ойрын ирээдүйд шар сүүгээ масс үйлдвэрлэлд шилжүүлэх зорилготой. Мөн шар сүүнд лактоз, лактулозоос гадна уусдаг үнэт уургууд болох a-лактоальбумин,  альбумин, иммунноглобулин зэрэг булчингийн масс нэмэх, дархлаа дэмжих нэгдлүүд байгааг ашиглах, лактулозыг эмчилгээний сироп болгох сонирхол байна. Түүнчлэн хоормог, гоёотой бүтээгдэхүүнээ зах зээлд хурдхан шиг нийлүүлэхийг хүсэж байна. Хоормог нь витамин С-гээр баялаг, хордлого тайлдаг, чихрийн шижин өвчний эсрэг зэрэг биологийн олон үйлдэлтэй. Гэтэл бид Ингэний сүү тээвэрлэхэд маш хурдан исэж, үнэт чанараа алддагаас шалтгаалан хөдөөнөөс хотод хэрэглэгчид шууд гар дээрээ аваад хэрэглэх боломж хомс байдаг. Тэгэхээр бидний боловсруулсан технологийн дагуу боловсруулан, баяжуулаад хатаагаад хялбар хэрэглэхүйц болгочихвол хүмүүс өдөр тутамдаа хэрэглэж чаддаг болох юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.