Т.Хишигбаатар: Түйн голын дагуу барьсан 100 хүлэмжний ургацаар аймгийнхаа нарийн ногооны хэрэгцээг бүрэн хангалаа
Хөдөөгийн баясгалан
2023-11-24
Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Т.Хишигбаатар аймагтаа өрнөж буй бүтээн байгуулалтын талаар манай сурвалжлагчид ийн ярилаа.
- Танай аймаг Түйн голынхоо дагуу 100 зуны хүлэмжийг нэгдсэн зохион байгуулалттайгаар барьжээ. Иргэдийн тариалан эрхлэлтийг ингэж нэгтгэсний учир юу байсан бэ?
- Бид сүүлийн жилүүдэд хүнсний хангамж, үйлдвэрлэлийн чиглэлээр олон хөтөлбөр хэрэгжүүлж байна. Улсын төсөв, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл тусламж, сайн санаатай хүмүүсийн тусламжаар орон нутагт олон хүлэмж ирдэг. Гэвч тэдгээрийг авсан иргэд хашаандаа эсвэл тариалан эрхэлдэг газартаа 1-2 жил ногоо тарьж байгаад орхичих нь түгээмэл. Үүний шалтгаан нь нэгдсэн мэнежмэнт дутагдалтай байсных юм. Яг бүгдээрээ нэгэн зэрэг улаан лооль тарилаа гэхэд зах зээл дээр мөргөлдөөд бие биетэйгээ үнэ цохилцож борлуулалтгүй болчихоороо ногоо тарихаа больчхдог юм. Тийм учраас бид аймгийнхаа төсвөөр нэгдсэн хүлэмж байгуулъя гэж ноднин жил шийдээд Улаанбаатар руу гарах замд Түйн голын дагуу 100 хүлэмжийг нэг дор байгууллаа. Нэгдсэн хүлэмж байгуулж өгөх нь төрийн мэнежмэнт. Нэг өрхөөс 500 мянган төгрөг гаргуулснаар өрх бүр 1-2 хүлэмж авах боломжтой байхаар зохицуулсан юм. Ингээд Түйн голын 100 хүлэмжийг 70 орчим өрх авлаа. Эдгээр өрхөөс авсан мөнгийг тухайн газрын тог, ус, хашаа хамгаалалт, харуул манаанд зарцуулна. Энэ хураамжийг ганц удаа л авах юм. Харин аймгийн төсвөөс 170 сая төгрөг гаргасан.
- Энэ хүлэмжээ цаашид яаж тордох төлөвлөгөөтэй байгаа вэ?
- Бид аймгаас хүлэмж рүү явах чиглэлд зам тавьж, зогсоол барьж аль болох ложистик руу нь хандуулна. Мөн борлуулалтыг нь дэмжиж өөр хот, аймагт борлуулах боломжийг нь нээж өгөх, тариалсан ургацаа даршлах, лаазлах сургалтад суулгах, шаардлагатай бол даршлахад хэрэгтэй тоног төхөөрөмжийг нь худалдаж авч өгөх төлөвлөгөөтэй. Мөн ирэх 2024 онд аймгийнхаа төсвийн хөрөнгөөр дахин 100 хүлэмж байгуулна. Түйн голын дагуу одоогийн 100 хүлэмжтэй залгаж байгуулах юм. Энэ ажилд аймгийн иргэд ам сайтай байгаагаас гадна Засгийн газрын тэргүүн саяхан манай аймагт айлчлахдаа энэ санаачилгыг дэмжиж, Хүнсний хувьсгалын сайн үлгэр жишээ байна гэж онцолсон учраас үүнийгээ үргэлжлүүлье гэж бодож байгаа. Одоогоор хүлэмжинд хяналтын камер байрлуулахаар бүх материалаа захиалж авчраад байна.
Түйн голын дагуу барьсан зуны зуун хүлэмж.
- Хүлэмжийн ургац хэр арвин байв?
- Манайх 100 хүлэмжиндээ тавдугаар сард ногоо тариалж эхлээд анхны ургацаа долоодугаар сарын 11-нд хураасан. Зах дээр нарийн ногоо зардаг хүмүүстэй уулзахад, энэ намар Улаанбаатар хотоос нарийн ногоо худалдаж аваагүй гэж байна. Тэд “Аймгийнхаа 100 хүлэмжээс хураасан нарийн ногоогоор иргэдийнхээ хэрэгцээг хангаж чадсан” гэдэг сайхан мэдээ дуулгалаа. Хүлэмжийн тариалан эрхлэгчид 28 төрлийн нарийн ногоо ургуулж дөрвөн тонн гаруй ургац хураасан. Манай аймаг газар тариалангийн бүс нутаг биш учраас бүх төрлийн ногооны хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй нь мэдээж. Бид төмсний 30 орчим, хүнсний ногооныхоо ес орчим хувийг аймагтаа тариалдаг байсан юм. 100 хүлэмж байгуулснаар энэ тоо арван хувиар нэмэгдлээ. Манай хөдөө аж ахуйн мэргэжилтэн, агрономчид ийм мэдээлэл өгсөн.
- Өвлийн хүлэмж мөн барьж байгаа юм байна?
- Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар найм, Хятад улсын хөрөнгө оруулалтаар хоёр, ингээд нийт арван өвлийн хүлэмж барьж байна. Энэ хүлэмжийг аймгийн төвөөс хоёр километрийн зайд орших шинэ суурьшлын бүсдээ барьж байгаа. Хоёр хүлэмжийг нь ашиглаад эхэлсэн. Энэ онд багтааж тус бүр нь 1000 м/кв талбайтай өвлийн дөрвөн хүлэмж ашиглалтад оруулах бөгөөд ажлын гүйцэтгэл 85 хувьтай явж байна. Мөн өвлийн хүлэмжийн дэргэд 1000 тоннын багтаамжтай мах, ногооны зоорь барьж байгаа. Гүн хөлдөөх хэсэг, ухаалаг хөргүүртэй, 16 павильон бүхий зоорийн барилгын ажил 80 гаруй хувьтай явж байна. Зоорь барьснаар аймгийн малчид, тариаланчид зориулалтын газар мах, ногоогоо хадгалж зах зээлд шинээр нь нийлүүлэх боломжтой болох юм. Мөн Түйн голын 100 хүлэмжийн дэргэд тус бүр нь 500 м/кв суурьтай хоёр өвлийн хүлэмж барьж байна.
- Хүлэмжинд ногоо тариалах хүмүүсээ яаж сонгосон бэ?
- Аймгийн төвийн Баянхонгор сумын иргэдэд зар түгээж, иргэдтэй ярилцлага хийж шалгаруулсан. Тэгэхдээ хүлэмжийн аж ахуй эрхэлж байсан туршлагатай, эсвэл энэ ажлыг хийх чин хүсэл бүхий хүмүүстэй эрсдэл гарвал өөрөө хариуцахаар гэрээлж олгосон юм. Мөн тэгш оролцоог хангах үүднээс бүх багийн иргэдэд ижил тооны хүлэмж өглөө. 7000 өрхтэй аймгийн төвд зуухан хүлэмж юу ч болохгүй шүү дээ. Хэрэв эхний ургац чанартай гараад ирэх юм бол бид энэ ажлаа дэмжээд хойтон жил зуу, тэрний хойтон зуун хүлэмж гээд л нэмээд байгуулаад явчих боломжтой.
- Ургац сайн авлаа гэхэд өнөө зах зээл дээр мөргөлдөх аюул үүсэхгүй юу?
- Тэр эрсдлийг тооцож, тариаланч өрхүүддээ тарих ногоог нь хуваарилан, борлуулалтыг нь жигд байлгах мэнежмэнт хийсэн юм. Ер нь энэ ажлыг эхнээс нь нэгд нэггүй маш нарийн тооцоо судалгаатай хйихийг зорьсон. Энд хүлэмж байгуулах нь зөв үү, яаж байгуулах вэ, хэнд хүлэмж олгох вэ, хөрсний агрохимийн шинжилгээ, голын үерт автах эрсдэл нь хэр вэ, тог цахилгаанд холбох боломж ямар вэ гээд тэр бүрийг шийдэх нь багийн ажил. Энэ ажлыг хийхэд аймгийн Хөдөө аж ахуйн газар, мэргэжилтнүүд, туршлагатай агрономичид, улсын аварга тариаланчид бүгд оролцсон.
- Хүлэмжний талбайн хэмжээ хэд вэ?
- Зуун хүлэмжний жар нь 6х20, дөч нь 6х12 метр хэмжээтэй. Ингэж хоёр өөр хэмжээтэй хүлэмж хийсний учир нь хятад, солонгос хүлэмжний аль нь илүү ашигтай вэ гэдгийг турших гэснийх юм. Том хэмжээтэй нь хятад, арай жижиг нь солонгос хүлэмжний загвар. Нийтдээ зуун хүлэмжийг 3.5 га талбайд байгуулсан.
- Зуу гэдэг бага тоо биш. Энэ олон хүлэмжний зохион байгуулалтыг хэрхэн хийв?
- Хоёр эгнээ 100 хүлэмжний хоёр захад гүн өрмийн худаг гаргасан. Өрхүүдээс хураасан өнөө 500 мянган төгрөгөө нийлүүлж байгаад энэ худаг, био жорлон, тог цахилгаан, хашаа, хамгаалалтаа шийдсэн. Хоёр буланд нь гаргасан худгийн хажууд таван тоннын багтаамжтай ус хадгалах нөөцийн сав дөрвийг байршуулаад тэндээсээ хүлэмжүүдээ усалж байна. Хүлэмжүүдээ цэгцтэй, замбараатай байгуулсан учраас услахад ямар ч асуудалгүй. Мөн 380 вольтын 300 метр цахилгааны утас татаж, 3.5 га талбайг хашааллаа.
Шинэ суурьшлын бүсэд барьсан өвлийн хүлэмж, мах, ногооны зоорь.
- Танай Хөрөнгө оруулалтын, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дараагийн том ажил юу вэ?
- Яривал их ажил байна. Тухайлбал, аймгийн төвийн бөөгнөрлийг сарниулах зорилготой “Шинэ Баянхонгор” гэж төсөл байна. Бид нийт 320 га газарт дагуул хот байгуулахаар төлөвлөсөн. Тэндээ сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлгээ барина. Одоогоор инженерийн шугам сүлжээгээ бариад бараг дуусаж байна. Мөн дагуул хотын 10 км замын шорооны ажлыг хийж дуусаад одоо асфальтаар хучих ажил үлдсэн. Цэвэр бохир, усан хангамж, эрчим хүч нь эх үүсвэрээсээ оччихсон. Одоогоор тэнд хэдэн айл суурьшихыг бол тодорхой хэлж мэдэхгүй байна. Үндсэндээ 200 орчим айл тэнд суурьших байх. Тэнд суурьших айлууд эзэмшлийнхээ газрыг аваад буугаад эхэлчихсэн. Үүнээс гадна хоёр орон сууц барьчихсан, дахиад ч байр барина. Мөн хаус барих газрыг төлөвлөөд газрыг нь дуудлага худалдаагаар борлуулаад ажил ид өрнөж байна. Бид гурван жилийн дотор дагуул хотоо байгуулаад дуусна гэж төлөвлөсөн. Үерийн хамгаалалтын систем гээд шаардлагатай зүйлсээ хийгээд явж байна. Энэ бол яах вэ, жижиг хэрэг. Манай аймаг нийт хорин сум, 90 мянга гаруй хүн амтай. Одоо сумдын төвийн шинэчлэлийн ажил хийж байна. Зургаа дахь сумаа буюу Бууцагаан, Баянлиг, Өлзийт, Эрдэнэцогт, Галуут сумдыг шинэчлээд одоо Баацагаан сумыг шинэчилж байгаа юм. Энэ шинэчлэл нь сумын төвийн ихэнх, болж өгвөл бүх айлыг дэд бүтцэд холбох зорилготой. XXI зуун гарчихаад байхад Монголын хөдөө одоо болтол утаатай, усаа зөөдөг гэж ярьдаг шүү дээ. Энэ асуудлыг л цэгцлэх гээд байгаа нь тэр. Зургаа дахь сумын төвөө шинэчилж байна гэдэг манай аймгийн хувьд том ололт юм. Дээрээс нь Баянхонгор аймгийн төвийн багуудаа инженерийн шугам сүлжээнд холбох ажлыг наад тал нь 2025 онд дуусгана. Одоогоор дулааны цахилгаан станцаа барьж байна. Өрхүүд 2026, 2027 онд дэд бүтцэд холбогдчихвол амьдралын чанар нь сайжирч, аймгийн төв агаарын бохирдлоосоо сална байх. Ийм том зорилго, чиглэлтэй төслүүд Баянхонгор аймагт хэрэгжиж байна. Мөн бидний дараагийн нэг том ажил бол улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа ингэний сүүний үйлдвэр. Үйлдвэрийн тоног төхөөрөмж бүгд ирчихсэн, угсарч байна, барилгаа барьчихсан. Үйлдвэр 12 дугаар сард ажиллаж эхлээд ирэх оны нэг, хоёрдугаар сард эхний бүтээгдэхүүнээ гаргана. Бид тэмээтэй сумдадаа ингэний ферм, хоршоо байгуулсан. Энэ ажил Монголын эдийн засаг, Баянхонгор аймагт хөдөө амьдарч буй иргэдэд маш том боломж гэж үзэж байна. Ерөнхийдөө 11 литр шингэн сүүг нэг кг хуурай сүү болгож зах зээлд нийлүүлэх юм. Одоогоор манай аймагт ингэний сүү литр нь 8-9 мянган төгрөгийн үнэтэй байна. Бид бүтээгдэхүүнээ гаргахаар энэ үнийг дор хаяж тав нугалж зарах төлөвлөгөөтэй. Үүний үр ашиг нь зөвхөн иргэдэд буюу хөдөө байгаа малчдад очих юм. Манай аймаг тэмээнийхээ тоогоор улсад хоёрт ордог. Үйлдвэр босохоор орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулаад тэр хүмүүст нь ажлаа даатгаад, манай хэлтэс удирдлага, арга зүйгээр ханган ажиллана. Энэ үйлдвэрийг Баянхонгор аймгийн брэнд, тэргүүн зэргийн үйлдвэр болно гэж тооцоолсон.
- Хуурай сүү хийхийг зорьсон шалтгаан нь юу вэ?
- Хятад болон бусад орон руу бүтээгдэхүүн гаргахад тухайн улсын хорио цээрийн дэглэм гэж бий. Өөрөөр хэлбэл, шингэн сүү хилээр нэвтрүүлэх боломжгүй учраас ийм шийдэлд хүрсэн хэрэг. Экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой төсөл юм. Үйлдвэр сүү хүлээн авах, бэлтгэх, хатаах, савлах, уур үүсгэх, дотоод хяналтын лаборатори гэсэн зургаан хэсэгтэй байна. Өдөрт дөрвөн тонн шингэн сүү хатаах хүчин чадалтай.
Ингэний сүүний үйлдвэрийн тоног төхөөрөмж ирсэн байгаа нь.
- Түйн голын хүлэмжнээс гадна танай аймаг усан бассейн, спорт цогцолбор, хуримын ордонтой болсон. Эдгээр бүтээн байгуулалтын үр өгөөж их байгааа байх?
- Усан бассейн барих ажил 2012 онд эхлээд энэ оны гуравдугаар сард дуусаж нээлтээ хийлээ. Орон нутгийнх боловч олон улсын стандартыг бүрэн хангасан бассейн юм. Үүнд, хүүхдийн усан сангаас гадна 330 м/куб эзэлхүүнтэй, таван эгнээ замтай том хүний усан бассейн орно. Уртаараа Монголд анх удаа олон улсын стандартад нийцсэн бассейн болсон. Усан сан маань спортын төв ордондоо байрладаг тул усан бассейн бүхий спортын цогцолбор гэж болно. Спортын ордон нь 550 хүний суудалтай, доороо 70 машины зогсоолтой бол усан бассейн нь 170 хүний багтаамжтай. Манайх энэ ордондоо Монголын Хүүхдийн спортын долоодугаар их наадмыг зохион байгуулахад 4000 орчим хүн элбэг багтаж байна лээ. Тус хүүхдийн наадмыг анх удаа орон нутагт буюу манай аймагт зохион байгуулсан. Мөн энэ ордонд Монгол түмний “Харвуул” наадам, Баянхонгор аймгийн 1000 малчны “Эрдэнэт сүргийн эзэд” зөвлөгөөн, Монголын хөдөөгийн багш нарын хорьдугаар их наадам буюу 1000 багшийн спорт наадмыг хийв. Харин усан сандаа Монголын клубуудын аварга шалгаруулах тэмцээн, Хүүхдийн наадмын усанд сэлэлтийн тэмцээнийг зохион байгуулсан. Гэхдээ усан сангаа тухай тухайн үед ашигласнаас биш одоогоор усаар дүүргээгүй буюу аймгийн хүүхэд залууст үйлчилж эхлээгүй байна. Эхний ээлжинд Улаанбаатарын “Монгени” цогцолбор сургуулиас усан сэлэлтийн хоёр багш гэрээгээр авчраад үйл ажиллагаагаа эхлүүлэхээр бэлдэж байна. Мөн ордныхоо заалыг жилийн 500 мянган төгрөгөөр албан байгууллагуудад түрээслүүлдэг. Долоо хоногт хоёр удаа гэрээтэй байгууллагын ажилчид зааланд тоглодог юм. Манай аймаг нийт 27 заалтай буюу хамгийн олон заалтай аймгуудын нэг. Түүнчлэн энэ спорт цогцолбор байгуулагдсанаар Төрийн албан хаагчийн шинэ орон тоо 15-аар нэмэгдлээ. Энэ том обьектыг цэвэрлэх ажилд дангаараа арван хүн, үүн дээр усанд сэлэлтийн хоёр багш, манаач, заал зохион байгуулагч ажилд аваад байна. Мөн энэ дотор иргэд кафе, цайны газар, фитнесс, спорт хувцасны дэлгүүрүүд талбай түрээслээд ажиллуулдаг. Түүнчлэн спортын наадам, зөвлөгөөн эндээ зохион байгуулахаар аймгийн эдийн засагт эерэгээр нөлөөлж байна.
Хуримын ордонтой болсноор гурван сар гаруйн хугацаанд 55 хос хуримаа хийлээ. Хуримын ордон тодорхой үйлчилгээнүүдийг багтаасан өөр өөр үнийн дүн бүхий багц гаргасан. Хамгийн үнэтэй арваннэгэн үйлчилгээтэй багц нь нэг сая төгрөгийн үнэтэй. Энд манай аймгийн төвийн, сумдын төдийгүй Улаанбаатар хотын, бусад аймгийн хосууд хуримласан шүү.
Баянхонгор аймагт энэ жил ашиглалтад орсон орон сууц.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.