images

Н.Мэндбаяр: Хуримаа хийхдээ эхэр татаж уйлаад байсан хүүг огт мартдаггүй

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2023-11-21


Баянхонгор аймагт өнгөрсөн зун байгуулагдсан Гэрлэх ёслолын ордны дарга Н.Мэндбаяртай ярилцлаа. 

- Монголд хуримын ордонтой аймаг гарын таван хуруунд багтахаар цөөн. Аймагт ийм ордон байгуулна гэдэг амаргүй ажил учраас тэр биз. Танай ордны хувьд энэ ажил хэрхэн бүтэв? Өнгөрсөн богино хугацаанд хэдэн хос хуримаа хийгээд байна?

- Юуны түрүүнд манай ордон орон нутгаас санаачилга нь гарч төсөв зардлаа шийдвэрлүүлэн байгуулсан гэдгээрээ онцлог юм. Анх 2017 оны зургаадугаар сард шав нь тавигдаж 2019 онд барилгын ажлыг эхлүүлсэн байдаг. Цар тахлын улмаас барилгын явц удааширсан хэдий ч 2022 оны 12 дугаар сард Улсын комисст хүлээлгэж өгсөн. Орон нутгийн хөгжлийн сангийн хоёр тэрбум төгрөгийн санхүүжилтээр боссон, нийт 1400 м/кв талбайтай хоёр давхар, шилэн фасад бүхий гурван том танхим, зоогийн газар, оффисын долоон өрөөтэй ордон. Баянхонгор аймгийн төв, хонгорчуудын шүтээн Эрдэнэмандал хайрханы нөмөрт энэ оны долоодугаар сард үүд хаалгаа нээсэн юм. Одоо 18 хүнтэй. Өнгөрсөн дөрвөн сар шахмын хугацаанд энд 57 хос гал голомтоо бадраагаад байна. Үүний 16 нь малчин айл. Мөн Улаанбаатар, Дархан, Өмнөговь, Дундговь аймгаас хосууд манайхыг зорьж ирж хуримаа хийсэн. Одоохондоо бүрэн тохижиж амжаагүй байгаа ч алхам тутамдаа сайжруулаад явж байна.

- Алтан, мөнгөн хурим хийв үү?

- Гэрлэх ёслолын ордонд хуримласан анхны гэр бүл орон нутагт ажиллаж амьдарч байгаа Э.Ариунболд, Д.Анхбаяр нар байлаа. Харин 30 жил ханилсан Д.Баянмөнх, Л.Батсүх нар мөнгөн, 60 жил ханилсан Ш.Гомбосүрэн, Д.Долгорсүрэн нар алтан хуримаа хийсэн. Орон нутгийн цагдаагийн байгууллагад олон жил ажилласан хүний гэр бүл мөнгөн хуримын эзэд байсан бол алтан хуримын эзэд анх аймгийн төвд Галуут сумаас нүүж ирээд танилцаж байсан юм билээ. Гурван хуримыг бүгдийг үнэ төлбөргүй зохион байгуулсан. Төлбөртэй алтан, мөнгөн хуримын захиалга одоохондоо орж ирээгүй байна. Цаашдаа бүтэн өнчин юм уу, нийгмийн ямар нэгэн асуудалтай хүмүүс зориод ирвэл төлбөр авахгүй. Харин анхны төлбөртэй хуримыг долоодугаар сарын 14-нд авсан юм байна.

-Хуримын ёслолоос гадна ямар үйлчилгээ үзүүлж байна вэ?

- Улсын хэмжээнд 7-8 Гэрлэх ёслолын ордон байдаг юм билээ. Улаанбаатар, Дархан хот, Өвөрхангай, Дорнод аймаг гэх мэт. Тэднийг судлаад үзэхээр ихэвчлэн орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой газар менежмэнтийг нь хариуцдаг юм байна. Тэгэхээр хуримлагч хосуудаас хүсэлтийг нь авч ёслолыг нь үйлдэж өгөөд гаргачихдаг гэсэн үг. Өөр үйлчилгээ бараг байхгүй. Харин бид анх гэр бүл үүсгэж байгаа хосуудыг бүртгэж авахаас эхлээд сургалт орох, гэр бүлийн зөвлөгөө өгөх арга хэмжээг явуулдаг. Тэгээд заавал найман модуль сургалтанд хамрагдаж, гэрлэлтээ батлуулсан байх ёстой шаардлага тавина. ”Улаанбаатар” их сургуулийн Гэр бүлийн тэнхимийн багш, доктор Б.Оюун-Эрдэнэтэй хамтран гэр бүлийн тухай найман модуль сургалт боловсруулаад байна. Найман модуль сургалтад угийн бичиг яаж хөтлөх, хүүхдээ яаж хүмүүжүүлэх, гэр бүлээ хэрхэн төлөвлөх, эрэгтэй эмэгтэй хүмүүс яагаад зөрчилддөг, гэр бүлийн төсөв гэж юу вэ, асуудал бэрхшээлийг яаж эерэг аргаар даван туулах вэ гэсэн агуулга багтаасан. Нэг давхартаа хосын болон ганцаарчилсан зөвлөгөө өгнө. Энэ бүгд ерөөсөө л урт удаан хугацааны аз жаргалтай, бат бөх, амар тайван гэр бүлийг бий болгохыг зорьсон хэрэг.

Гэрлэх ёслолын ордныг хариуцаж буй Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хамт олон.

- Тэгвэл ёслолын арга хэмжээг хэрхэн зохион байгуулж байна вэ?

- Бид хуримлагч хосуудыг ах, дүү найз нөхөдтэй нь хамт гурван танхимаараа оруулаад гаргадаг. Хосууд шатаар өгсөөд гол танхимд орж ирээд цагаан эсгийн дээгүүр ерөнхий удирдаачийн өмнө явж очно. Харин хос хоёрыг дагалдан яваа хүмүүс бэргэн, хүргэний талаараа ялгарч зогсоцгооно. Ерөнхий удирдаач энэ үед ерөөлийн үгээ хэлээд хосуудыг гэрлэлтийн тангараг өргүүлдэг. Дараа нь батламжаа авсан хосууд бөгжөө солилцоход морин хуурч, уртын дуучин ая дууны мэнд дэвшүүлдэг. Ингээд нар зөв тойроод  хүндэтгэлийн өргөө рүү ороход хосуудыг ерөөлч угтаж аваад бэлгэ дэмбэрэлтэй үгээр сайн сайхныг ерөөнө. Мөн энэ өргөөнд голомт бадраах галын ёслолоо үйлдэнэ. Үүний дараа ордноос дурсгалын бэлэг өгч, эндээсээ дахин зочдын өргөөнд явж ороход идээ будаа зассан ширээн дээр зочдыг урьж суулган сүү амсуулж, тавгийн идээ тойруулдаг. Энэ үед хос дуучин хуримын ерөөлийн дуу дуулж өгдөг. Сүүлд нь Хуримын ордны даргын алба хашиж байгаа миний бие албан ёсны  баталгааг нь гардуулж өгнө. Эргээд нар зөв тойрсоор гол хаалганы харалдаа шатан дээрээ дурсгалын зургаа татуулаад ёслол өндөрлөж байгаа юм. Энэ үед бол хуримлагч хос, ар гэрийнхэнд эд зүйлсээ хямгадаарай, өндөр настан, бага насны хүүхдэдээ анхаарал тавиарай, согтуу хүнд үйлчлэхгүй шүү, архи, тамхи хэрэглэхгүй шүү гэсэн шаардлагыг байнга тавьдаг.

- Ажилчид хуримын зохион байгуулалтад ямар ямар үүрэгтэй оролцдог вэ?

-  Баянхонгор аймаг маань Хөгжимт драмын, “Тэмүүжин” гэсэн хоёр театртай. Бид энэ хоёр театрын хөтлөгч, морин хуурч, уртын дууч, ерөөлч, хос дуучинтай гэрээгээр хамтарч ажилладаг. Манайхан бол хаалгач ч хийнэ, аягач ч хийнэ. Иймд бид саяхан Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хүний нөөцийн асуудлаа шийдүүлэхээр санал оруулчихсан байгаа. Тэр журам батлагдвал ордондоо цагийн ажилтан авч ажиллуулна. Хурим өдөр болгон болохгүй ч оргил үеэр энэ журмыг хэрэгжүүлэх юм. Нэг хуримыг дагалдаад 80-130 хүн орж ирдэг. Намрын дунд сарын 17-ны бэлгэт сайн өдөр гэхэд л 14 хурим боллоо. Бидний нөхөд үүрийн дөрвөн цагт ирээд таван цагаас эхний ёслолоо аваад тасралтгүй үргэлжилсээр орой 19 цагт сүүлийн хуримаа оруулж 20 цагт өндөрлөж байгаа юм. Зөвхөн хаалгач, аягач гэхэд л хоёр хоёр хүн ажиллах жишээтэй. Сайн өдөр хуримаа хийсэн нийт 28 хосыг гэхэд шууд зочдын өрөөндөө цуглуулаад гэр бүлийн зөвлөгөө, сургалтаа орсон.

Эрдэнэмандал хайрхны өвөрт байрлах Гэрлэх ёслолын ордон.

- Үнэ тарифаа яаж тогтоосон бэ?

- Найман модуль сургалт төрийн үйлчилгээ учир үнэ төлбөргүй. Харин Хуримын ордноос бүрэн үйлчилгээ авах үнийн дээд хязгаар 999 мянган төгрөг. Үйлчилгээнээс хамаараад үнийн сонголттой. Уран бүтээлчдийн цалин хөлс, хуримын ёслолд хэрэглэгдэх эд зүйлс, бэлэг сэлт, жаазтай том зураг, жижиг 10 зурагтай альбом, зочдын өрөөнд тавих тавгийн идээ, ааруул ээзгий гээд л чимхлүүр зүйлс бүгд багтдаг. Сүүлд нь бид гол өргөөнд ороод батламжаа авч, бөгжөө солилцоод морин хуурч, уртын дууч, хөтлөгчтэй ёслолоо хийгээд гарахад 680 мянган төгрөг болгож журамдаа өөрчлөлт оруулсан. Өөрөөр хэлбэл, гурван өргөөгөөр бүгдээр нь орох юм бол 999 мянган төгрөг төлнө  өө гэсэн үг. Зөвхөн ерөөлгөөд галаа тахиулаад гарах юм бол 190 мянган төгрөг болж байсан. Ихэнх хос “Бүрэн дүүрэн үйлчилгээгээ аваад гарья аа, ёстой хямдхан байна” гэдэг. Бид бол авах ёстой цалингаа л авна. Харин амралтын өдөр, баяр ёслолоор ажиллавал илүү цагийн цалин бодуулна.  

- Нэг хуримд хэр хугацаа зарцуулж байна?

- 30-40 минут болдог. Хүмүүс зураг авхуулах, хурим эхлэх бэлтгэлээ базаахдаа бага зэрэг удна. Хариуцлагатай байх талаас нь шаардахгүй, урсгалаар нь хаячих юм бол хурим хоорондоо мөргөлдөх гээд байдаг. Тиймээс зохион байгуулалт яс байх хэрэгтэй.

- Ордныхоо гадаах орчныг хэрхэн тохижуулав?

-  Манай залуус цөөхүүлээ гэлтгүй бүгд л өдөр тутамдаа арчилж тордох, мод цэцэг тарих, цэвэр цэмцгэр байхад гар бие оролцдог. Бид дотоод үйл ажиллагаагаа жигдрүүлээд эхний ээлжинд орчин тойрноо модоор хүрээлүүлье гэж санасан юм. Тэгээд аймгийн Засаг даргадаа хүсэлт тавитал Эрдэнэдаваа гэдэг хүнтэй холбож өглөө. Тэр залуу Эрдэнэмандал хайрханыг моджуулахаар ажиллаж байгаа учраас дуртайяа зөвшөөрч нэлээд мод өгсөн. Мөн аймгийн маань “Өлзийт” сургуулийн мод үржүүлгийн ангийн 20 хүүхэд 5-6 хоног ирж тусаллаа. Дараа нь аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын ажилчид нэг өдөр ирж 50 мод тарьж өгөв. Ингээд сайхан сэтгэлт хүмүүсийн буянаар хэсэг газартаа модтой болоод үлдсэнийг нь өөрсдөө тарьсан. Одоо бол ордныг тойроод 6-7 төрлийн 2000 гаруй модлог болон цэцэгт ургамлууд бий. Ар талд 1500 хайлаас, урд талд ихэвчлэн цэцэглэдэг буйлс, монос, шар хуайс байгаа. Цаашдаа ахиад нэг хэсэг талбайгаа хосуудын төгөл болгоно гэж төлөвлөсөн. Удахгүй гэрлэсэн залуус маань өөрсдийн нэрээр мод тарих боломжтой болно. Тэр модоо хамтдаа хайрлаж, арчилж авч явах болохоор ихээхэн дурсгалтай хэрэг болох юм. Саяхан бид моддынхоо өвлийн цэнэг усалгааг хийсэн. Ямар ч байсан хүний хөлд үрэгдэлгүй 80 хувь нь амьдарсан байна лээ.

- Доторх тохижилтын тухайд онцлох зүйл гэвэл?

- Энэ бүтээн байгуулалт манай аймгийнхны санаачилга, зүтгэлээр боссон. Тийм ч учраас доторх тохижилтыг нутгийн урчуудаараа хийлгэсэн. Ордны ёслолын өргөөний хаан хатан сэнтий, сийлбэртэй ширээг Баянхонгор аймгийн Политехник коллежийн мужааны багш Лхасүрэн урласан. Энэ залуугийнх гэр бүлээрээ гарын уртай улс. Лхасүрэнгийн дүү бурханч Угтаа лам гэхэд ёслолын өргөөний төв хаалга, багануудын сийлбэр, хээ хуарыг хийсэн юм. Харин “Өвгөн морин хуурч” зургийг Баянхонгорын сийлбэрч багш Булганбаатар маань зурсан. Одоо бол үүдний өрөөгөө монгол хэв маягаар тохижуулах саналыг Лхасүрэнд тавиад байгаа. Бид ордноо чимэхээр тасалгааны 300 цэцэг тарьсан. Гол хаалганы өөдөөс харсан шатыг дагуулаад 50 цэцэг өрсөн байгааг үзэж болно. Үүдээр орж ирэхэд 30-аад цэцэг угтана. Манайхан ч өөрсдийн өрөө тасалгаандаа цэцэг тавьж, ажиллахад таатай уур амьсгал бүрдүүлсэн.

Мужааны багш Лхасүрэнгийн урласан хаан хатан сэнтий, сийлбэртэй ширээ

- Одоо ачаалал хэр байна вэ?

- Одоо хуримын цаг намдсан байна. Манай алба хаагчид өнгөрсөн сард хангайн 10 гаруй сумдаар яваад ирсэн. Говийн сумдаар мөн явж байгууллагынхаа үйл ажиллагааг сурталчлан ордноо танилцуулна. Сумын төв, хөдөө амьдарч байгаа гэр бүлүүдийг зорьж очиж найман модуль сургалт ороод, захиргаа, хурлын төлөөлөгчидтэй нь хамтран ордондоо авчирч ёслол хийх уриалга дэвшүүлсэн. Үүнийг хамгийн түрүүнд Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат дэмжиж Эрдэнэцогт сумын зургаан багийн хамтран амьдрагч 30 залууг сургалтад хамруулж, гэрлэлтийн тангараг өргүүлж, хуримын ёслолыг нь үйлдэхээр болоод байна. Цаашдаа өвөл, хавар, зуны ачаалал багатай улиралд сумдад байгаа залуучуудад урам өгөх, ордонтойгоо танилцуулах, үүрэг хариуцлагыг нь ойлгуулах ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа. Мөн сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээгээ ч авч явна.

- Ордон нээгдсэнээс хойш танд онцгой сэтгэгдэл төрүүлсэн хурим хэзээ, хэрхэн болов?

- Ёслолын өргөөнд ороод тангаргаа өргөөд бөгж солилцсоны дараа хосуудыг бие биендээ хайраа илэрхийлээрэй гэх үед хөгжилтэй зүйл их тохиолдоно. Зарим нөхрүүд ямар ч сэтгэл хөдлөлгүй, олон хүний өмнө ичингүйрээд зогсчих юм билээ. Тэгж байх хооронд эхнэрүүд нь шууд хоёр хацрыг нь татаж ирээд хошуугаа цорвойлгоод үнсэнэ. Зарим нь Хурдан үнсээч дээ” гээд нөхрөө загнаж сандаргана. Эмэгтэйчүүд маш сэргэлэн болохыг тэндээс харж болно. Гэхдээ эрэгтэйчүүд их уян байдаг юм байна. Баярлаж байгаа нь илүү харагддаг. Эхэр татаж уйлаад л байсан хүү одоо болтол миний санаанаас гардаггүй. Тэнд байсан хүмүүс бүгд дагаж уйлаад л. Манайхан ч өөрийн эрхгүй буруу зөрүү харж байгаад л дагаж уйлаад байдаг. Хүний амьдралын хамгийн баяр жаргалтай мөч үнэхээр мөн. Ингэж гоё хуримаа хийхийг минь миний аав, ээж үзэхгүй яав аа гэх үед хүний сэтгэл яах аргагүй хөдөлдөг юм билээ. Хурим болгон л өөр өөр онцлогтой байдаг даа. Иймээс бид ч одоо хүний амьдралын ийм чухал үйл явдлыг яаж зөв, хариуцлагатай зохион байгуулах вэ гэдэгт суралцаад л явж байна.

- Та өөрийгөө манай уншигчдад танилцуулаач.

- Би пионерийн ахлах удирдагч мэргэжилтэй. Улсад нийтдээ 32 жил ажилласан. Одоо бол Баянхонгор аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт ажиллахын зэрэгцээ хүүхдийн эрхийн улсын ахлах байцаагчаар ажилладаг. Манай байгууллага Баянхонгор аймагт Гэрлэх ёслолын ордон ашиглалтад орсон цагаас хойш үйл ажиллагааг нь хариуцаж байна.

- Ярилцсанд баярлалаа.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.