images

Хүүхдийн төрсөн өдрийг хөдөө тэмдэглэхийн сайхан нь юундаа вэ?

Ж.Ариунгэрэл

Хөдөөгийн баясгалан

2022-11-08


     Хоёр жилийн өмнө хотоос хөдөөд очиж суусан сэтгүүлч, хуульч Ч.Бат-Уянга хүүхдийнхээ төрсөн өдрийг суугаа сумандаа жил дараалан тэмдэглэжээ. Ноднин Хөвсгөлийн Хатгалд, өнөө жил Булганы Хутаг-Өндөрт. Энэ тухай тэрбээр Фэйсбүүк хуудсандаа бичихдээ “Хөдөөний төрсөн өдөр илүү гоё” гэсэн байна. Яагаад ингэж хэлэх болсноо Ч.Бат-Уянга ийн тайлбарлажээ.       

1. Хотод газар сонгох гэж алаан. Зочид хотын хэдэн талаас цуглах тул дундын газрыг тооцдог. (Эцэг эх, асран хамгаалагчдад төвөг болохгүйн үүднээс). Суманд бол угаас жижигхэн тул ийм зүйлд санаа зовохгүй.

2. Зочдынхоо эцэг эх, асран хамгаалагч нэг бүр рүү залган урих, зөвшөөрөл авах гэх мэт процесс өрнөнө. Мэдээж аюулгүй байдлын үүднээс ингэх ч ард нь хүргэж өгөх-авах улсынх нь цагийг асууж, төлөвлөгөөнд нь тусгуулж  буй. Хөдөө бол очиж аваад  буцааж хүргэж өгсөн ч, хүүхдүүд өөрсдөө ирсэн ч бай, аль нь ч хамаагүй. Угаасаа ойрхон, аюулгүй, санаа зоволтгүй. Бас голцуу нэгнээ таньж мэдэцгээх тул заавал нэг бүрчлэн залгаад хотынх шиг нүсэр юм болохгүй. Өнөөдөр ч, ноднин ч хүүхдүүд өөрсдөө гүйгээд ирэв.

3. Бэлэг. Хотод эцэг эх, асран хамгаалагч нь хүргэж ирэх тул тэдний сонголтоор шахуу үнэтэй, чамин бэлэг өгсөн байдаг. Эвгүй санагддаг байлаа. Хүнд төвөглөөд байгаа мэт. Тэгсэн хөдөө үнэн хөөрхөн. Хамгийн таалагддаг хэсэг нь энэ. Хүүхэд яг өөрсдийнхөө төсөв, сонголтоор бэлэг бэлдэнэ. Үзэг, харандаа, тэмдэглэлийн дэвтэр, захиа, Алпенгоулд гэх мэтээр. "Дараа бэлэг өгье" гээд хүрээд ирэх нь ч хөөрхөн. Ноднин ангийнх нь хоёр хүү дундаасаа өгч байна гээд тоолж ирээд л 2700 төгрөг бэлэглэсэн нь үнэн өхөөрдөм санагдаж билээ. Халаасны мөнгөнүүдээ нийлүүлэхгүй юу. Хүүхэд хүүхдээрээ нь л сайхан шүү дээ.

4. За тэгээд түгжрээн дунд юм амжуулах гээд бүтэн өдрийн юм болдог нь ойлгомжтой байх аа. Тэгсэн энд ёстой тийм юм байхгүй ээ.

5. Хүүхэд томорч буйнх байх, хуучин бол зочдынхоо юунаас харшилтайг урьдчилан асууж цэснээс хасах, хараа хяналт тавьдаг байв. Хүнсний харшил элбэг хэлдэг байлаа. Сүүлийн 2 жил тийм юм болсонгүй. Угаас хөдөө харшилтай хүүхэд ховор байдгаас ч юм болов уу?!!

Ч.Бат-Уянга нь хуульч мэргэжилтэй, эмэгтэйчүүдийн нийгмийн асуудлаарх хэд хэдэн төсөл хэрэгжүүлсэн, яруу найраг, нийтлэлийн номууд гаргасан, ub.life сайтад булан хөтөлдөг нийтлэлч, нийгмийн зүтгэлтэн бүсгүй юм.  

Гэрэл зургийг Unicef Mongolia цахим хуудаснаас

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.