images

Монгол найрагчийн шүлгийн мөрийг өвөр монгол залуу гар дээрээ шивүүлсэн түүх 

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-10-20


“Болор цом”-ын эзэн яруу найрагч Д.Болдхуягийн нэгэн шүлэг Өвөр Монголд ихээхэн алдартай төдийгүй нэг мөрийг нь гар дээрээ шивүүлсэн хүн ч гарчээ. Энэ талаар шүлгийн эзнээс тодрууллаа.   

- Та “Өвөр Монгол” шүлгээ хэзээ бичсэн бэ? Өвөрлөгч нутагт шүлэг тань хэрхэн түгэв?

- Би энэ шүлгээ 2011 онд бичсэн юм. Өөртөө хадгалж таван жил явсны хойно 2016 онд Бээжинд байхдаа олон нийтэд цацахаар шийдсэн. Тэгэхэд Бээжингийн радиод хамт ажилладаг Э.Эрдэнэсувд маань миний уншсан дээр ая дэвсээд todou.mn сайтад байршуулсан юм. Үүнийхээ дараа “WeChat”-ад тавьтал 24 цагийн дотор хэдэн арван мянган хүнд хүрсэн байв. Өвөр монголчуудын хуурын үлгэр гэж байдаг даа. Яг түүн шиг ая дэвсээд үлгэр шиг болгож түгээсэн хэрэг. Тэгтэл Өвөр Монголын нутаг нутгийн залуучууд миний шүлгийн мөрүүдээс бие дээрээ шивүүлсэн гэх болов. Хэд хоногийн өмнө би Фэйсбүүктээ Хишигтэн нутгийн Хүдэр хэмээх малчин залуугийн зургийг нийтэлсэн юм. Тэр залуу “Өвөр Монгол” шүлгийн "Эзний минь амийг сахиж нойргүй хоносон Хишигтэн" гэсэн нэг шадыг шуун дээрээ шивүүлсэн байна лээ. Бид хоёр уулзаж байгаагүй, саяхан “WeChat”-аар холбоо барьж, мэнд усаа мэдэлцсэн.   

- Та тэр залууг хэрхэн олж мэдэв, зургийг нь яаж олов?

- Би нэг шүлгийн түүвэр хэвлүүлснийхээ дараа C1 телевизийн нэвтрүүлэгт оролцохоор болсон юм. Нэг найз маань шүлгийн номоо танилцуулаад орооч гэж урьсан хэрэг. Тэгээд нэвтрүүлэгт нь “Өвөр Монгол” шүлгээ уншиж өгөөд, Өвөр Монголд хэрхэн түгсэн түүхийг сонирхуулахаар энэ зургийг олж авсан юм. Үүнийг олж авахын тулд Өвөр Монголд амьдардаг найз руугаа холбоо барьсанд манай хүн Хишигтэн нутгийн найз руугаа ярьж, тэр нутгийн малчин залуу Хүдэрийг олж мэдсэн дээ. Тэр залуу бүр “Тоонот” гэдэг гоёл чимэглэлийн тусгай шивээс хийдэг компаниар хийлгэсэн гэж байсан шүү.   

- Шүлгийн тань мөрийг биедээ шивүүлсэн өөр хүмүүстэй уулзаж байсангүй юу?

- Бээжинд амьдарч байхдаа хүнээс “Өвөр Монголын нутаг нутгийн залуучууд өөрийн тань шүлгийг мөр, гаран дээрээ шивдэг болсон” гэж сонссоноос биш яг тийм хүнтэй уулзаж байсангүй ээ. Сургаар олж мэдсэн нь тэр. Харин сая л намайг Хүдэртэй “Wechat”-аар холбож өглөө. Хэдэн хүн тэгж шивүүлснийг мэдэхгүй, залуусын дунд моод болоод байгаа л гэж сонсож байсан.

- Өвөр Монголд таны шүлэг өөрөөр хэрхэн тархаж, олонд хүрч байв?

- Шүлэг бичээд хүний сэтгэлд хүрнэ гэдэг нэг хэрэг. Махыг нь өвтгөөд шивэх хүртэл шийдвэр гаргуулсан гэдэг бас надад өөр санагдаж байсан. Өвөр Монголд байхад нэг удаа ажлын газрын даргынхаа хамтаар нэлээд хүндтэй хүмүүстэй зоог барих боллоо. Цугласан хүмүүсийг эхнээс нь ширээ тойроод танилцуулахад би ч яах вэ, үүд хавьцаа л сууж байлаа. Миний ээлж ирэхэд дарга маань намайг “Өвөр Монгол” шүлгийг бичсэн яруу найрагч” гэж танилцуулав. Тэгтэл Японоос түр ирээд байсан Боржигин Хөхбаатар хэмээх өвөр монгол эрдэмтэн таниад сүйд болдог юм. “Чи тэр шүлгийг бичсэн юм уу, алив дээшээ суу. Би энэ шүлгэнд чинь маш дуртай” гэж байлаа. Ер нь энэ шүлгээ хэлж танилцсан өвөрмонголчууд надтай зургаа авхуулья, ёстой сайхан шүлэг гэж хэлэх гэх мэтээр нааштай сайхан ханддаг.

- Та энэ шүлгээ Өвөр Монголд хэвлүүлсэн үү?

- Шүлгээ биччихээд таван жил дарсан гэж дээр хэлсэн. Анхны хувилбарын маань үг уул нь хатуу, хурц талдаа байсан юм. Тухайлбал:

“Шороон түмэн хятадаас хэл соёлоо өмөөрч

Шор сэрээ бариад дарагдаж явсан Өвөр Монгол

Түүхийн золиос болсон

Доголон нулимстай Өвөр Монгол

Төрийн сүлдэндээ залбираад

Өмөрч уйлдаг Өвөр Монгол” гэх мэтийн үгтэй. Ийм үгтэй шүлгийг Хятадад тараах юм бол толгой цустана. Тийм учраас иймэрхүү эрс шулуун, хатуу мөр, шадуудыг нь дарж зөөлрүүлээд түгээсэн юм. Тэгээд ч яг анхны хувилбар маань надад одоо байдаггүй, хайгаад олоогүй. Олон ч удаа засаж янзлахдаа зарим монгол ястны нэрийг шүлэгтээ оруулаагүй юм. Жишээ нь, “Та бидний сүнсийг элгэндээ нандигнасан ордос” гэх зэрэг. Хэрвээ Өвөр Монголд хоолны ширээний ард ийм үгтэй шүлэг уншвал зарим хүн болгоомжилж, зайгаа барина. Цээжинд үлдсэнээр нь дээрх дөрвөн мөрийг нэмж сая гаргасан “Хэн эс мэднэ” гэдэг шүлгийн түүвэртээ оруулж хэвлүүлсэн.  

   Би Хятадад монгол бичгээр хоёр ч шүлгийн ном гаргасан хүн. Өнгөрсөн онд Бээжингийн Үндэсний хэвлэлийн хороонд “Амраг шанзны аялгуу” нэртэй түүврээ хэвлүүлсэн. Тэгэхэд миний номыг хэвлүүлж өгсөн хүн “Өвөр Монгол” шүлгийг тань номонд оруулах боломжгүй байна. Та ойлгож байгаа биз дээ?” гэсэн юм. Тэрийг ойлгож цөхөх юм байхгүй л дээ, мэдээжийн хэрэг. Харин монгол бичгээрх эхний ном маань 2012 онд Хөх хотод гарсан юм. Тэр номд энэ шүлэг бас байхгүй. Шүлэг маань Өвөр Монголд аудио хэлбэрээр тараад, хүрэх ёстой хүмүүстээ хүрсэн нь хангалттай гэж боддог доо.

  Ингээд яруу найрагч Д.Болдхуягийн "Өвөр Монгол" шүлгийг хүргэж байна.

Өвөр Монгол

 

Хаан эзнийг минь алтан хэвлийдээ тээсэн

Хацар гоо Өэлүн эхийн төрхөм Олхонууд

Хаяа хярхаггүй зовлонг хамтдаа туулсан

Хатдын манлай Бөртийн овог Хонгирад

 

Хавт Хасарын үрс мэргэн харваач Хорчин

Хатгалдахын цагт оройлж ордог Урад, Мангууд

Эртний өвөг Бодончирын хойчис баруун, зүүн Баарин

Эзний минь амийг сахиж нойргүй хоносон Хишигтэн

 

Харцгай шувууны жигүүр болон одоход нь

Харууслын шүлэг дуудсан Гилгүүдэй баатрын Сөнид

Тахил тайлга таслаагүй Эзэн хорооны Дархад

Та бидний сүнсийг элгэндээ нандигнасан Ордос

 

Авга нарын дээдэс бөх Билгүүдэйн цээжинд

Ахыгаа харвуулсан гуниг амтагдсаар байсан атал

Хага цавчуулсан мөрнөөсөө халуун цусаа савируулж

Хасаг тэрэг үүрч ирсэн бие сэтгэлийн тэнхээ

 

Үймээнт он жилүүдэд үхрийн баас шиг цувуулсан ч

Үнэнч чанараа гээгээгүй Лигдэн хутагтын Цахар

Хожуу үеийн хаадын голомт шийрлэсэн нутаг

Хатан голын хөндий, Алтан хааны Хөх хот

 

Язгуурын хэл аялгууг ацаг шүдэндээ хадгалж

Яалт ч үгүй үлдээсэн худам монгол бичгээр

Шандугийн шар талд харууслын дуу зохиож

Цамцан дээрээ бичсэн үнэн зүрхний гуниг

 

Үхэгт хаан Батмөнхийн зургаан түмэн монгол

Урианхай, Халх, Цахар, Еншөөбү, Түмэд, Ордос

Дөрөөн дээрээ өндийж бичсэн түүх

Дөчин дөрвөн түмний дөрвөн сая үрс

 

Гартаа бүлтэй бөхчүүдтэй Үзэмчин хошуунд төрж

Гангын урсгал хашсан ухаант гүн Гомбожав

Аниргүй цэнхэр зэрэглээнээс хоосон чанарыг таньсан

Алшаа лхаарамба Агваандандар мэргэдийн оройн чимэг

 

Эрдмийн оргилд завилсан Ванчинбалын хөвгүүд

Эрдэнийн сэнтийд заларсан Лувсанцүлтэмийн Цахар

Боржгод түүхийг товчоолсон сэцэн Ломигийн Харчин

Болор эрхийг зангидсан Рашпунцагийн Баарин

 

Мянган хигээс цацруулсан Дарма гүүшийн Жарууд

Мэргэн гэгээний мэндэлсэн эрэмгий түүхтэй Урад

Эрдэнийн товчийг цэцэлсэн Сагансэцэний Ордос

Эрдэмтэн мэргэдээ тоочвол шөнийн од шиг Өвөр Монгол оо

 

Хайрлан санагалзах сэтгэлийн агаар нэг асан

Халуут эгчийн бэрлэсэн Онниудын Бор хот

Харчин ван, Хайсан гүн, Гаадай мээрин

Хамгийн дуунд мөнхөрсөн Нуунзаяагийн төрхөм

 

Богд Жавзандамбыг гамингийн шоронгоос суллаж

Буяннэмэх зохиолчийг хүний зэрэгт хүргэсэн

Зон олон Горлосоос тодорч гарсан хөвгүүн

Зоригту баатар Тогтохын үлгэр домог шиг амьдрал

 

Байлдаж олсон тусгаар тогтнолын минь төлөө

Баатарлаг үйл, эр зоригийн дууль болоод

Бат гүний гянданд зогсоогоороо нөгчсөн

Баргын манлай ван Дамдинсүрэнгийн хойчис

 

Эх нутгаа тэмцсэн Эзнээгийн хуучин Торгууд

Ээдрээ ончроо ихтэй хорьдугаар зууны үймээн

Элгэн садан монголчуудын ам дамжсан яриа

Ийш тийшээ нүүдэллэсэн эх адаггүй түүх

 

Хайлж уусахыг дохиолсон цөвүүн цагийг сөрж

Хатууг зөөлөнд урвуулах ухаан сийлсэн Өвөр Монгол

Түүхийн золиос болсон доголон нулимстай Өвөр Монгол

Төрийн сүлдэнд минь залбираад өмөрч уйлдаг Өвөр Монгол

 

Даамай сайхан хэлээ харь үгтэй хутгаагүй

Дархан Муумянган, Батхаалганы монголчууд

Дайраад ирвэл далай шиг Өвөр Монголын хээр тал

Дасаж суусан нутаг, анд нөхдөө санаж байна

 

Угсаа гарлаа яривал яахын аргагүй садан

Удаан жилийн нөхөрлөлд сэв суулгахгүй анд

Уруул дордойвч элэг дордойдгүйн үнэн

Улс тусдаа ч үндэс нэгтэй Өвөр Монгол оо

Хөх хот. 2011 он.

 

 

 

 

 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.