Франц эмч нар: Нутагтаа очсон хойноо монгол найзуудаа их санадаг
Чихэнд чимэгтэй
2023-10-18
“Action Mongolie” ТББ-ын шугамаар Монголд өнгөрсөн зун ирж ажилласан франц эмч нартай яруу найрагч, сэтгүүлч Ж.Батцэцэг уулзжээ. Энэ нийгэмлэгийн шугамаар нүд, хараа зүй, хэвлийн хөндийн мэс засал, чих хамар хоолой, хүүхэд, сувилахуйн чиглэлийн өндөр мэргэжлийн франц эмч нар 2003 оноос хойш жил бүр манай улсад ирж байна. Ирэх бүрдээ манай аль болох алслагдсан аймаг, суманд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхээс гадна тоног төхөөрөмж бэлэглэх, түүнийг угсрах, ажиллуулах сургалт явуулах гэх зэргээр хүмүүнлэгийн олон талт үйл ажиллагаа явуулж иржээ.
- Та бүхэн өөрсдийгөө танилцуулахгүй юу?
- Намайг Шанталь Новэль гэдэг, нүдний эмч.
- Намайг Үбэр Новэль гэдэг, хэрх, үе мөчний эмч.
- Намайг Жан Лөлү гэдэг, эмнэлгийн тоног төхөөрөмж, угсралтын инженер.
- Өмнө нь ирж байсан хүний нүдээр харахад манай орон хэр их өөрчлөгдсөн байна вэ?
- Ш.Н: Би танай оронд анх 2006 онд ирсэн. Аялал жуучлалын сурталчилгааны гэрэл зургуудаас байгаль болон нүүдэлчдийн зургийг харж байлаа. Тэгэхэд авсан төсөөлөл маань ирсний дараа их өөрчлөгдсөн. Үзэсгэлэнтэй сайхан байгалиасаа гадна хүмүүс нь их таалагдаж билээ. Монголчууд их сайхан сэтгэлтэй, найрсаг хүмүүс байв. Харин өнөөдөр харахад олон зүйл өөрчлөгджээ. Гэртээ харьсан хойноо Монголын тухай бодохоор надад байгалиасаа илүүтэй монгол найзууд маань их санагддаг даа.
- Энэ удаа Монголд хэд хоног ажиллав? Ирсэн зорилгоо биелүүлж чадав уу?
- Ш.Н: Ковидоос болж төлөвлөсөн ажил зогссон байсан. Харин энэ жил санасан ажил маш сайхан бүтлээ. Эхлээд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод очиж захын хараа шалгах төхөөрөмж угсарч өглөө. Мөн Эрдэнэт хот, Орхон аймгийн нэгдсэн эмнэлэгт нүдний эмчилгээний иж бүрэн кабинет угсарч бэлэглэлээ. Улсын клиникийн I эмнэлэгт ясны эхо аппарат, Эрүүл мэндийн VII төв, Төмөр замын эмнэлэг, Япон-Монголын эмнэлэгт нүдний дуран суурилуулж, цаашид хамтран ажиллах талаар тохиролцлоо. Ер нь ковидоор алдсан боломжоо богино хугацаанд нөхлөө гэж хэлж болно.
- Ү.Н: Би Монголд хоёр дахь удаагаа ирж байна. Өнгөрсөн жил ирэхдээ, дараа жил юу хийх вэ гэдгээ бодсон. Хэрх, үе мөчний өвчний салбар Монголд бие даагаад удаагүй байна. Ясны эхо аппарат авчирснаа суурилуулж, залуу эмч нарт сургалт зохион байгууллаа.
Ж.Л: Өмнө нь авчирч байсан техникүүдээ маш богино хугацаанд угсарч өглөө. Богино хугацаанд шахуу ажиллаж, ирсэн зорилгоо биелүүлж чадлаа. Ковид болон дайны улмаас ирж чадаагүй учир тухайн үед угсарсан техникүүдээ монгол эмч нар маань сайн ашиглаж чадаагүй байсан. Угсарч ажилд оруулахаас гадна сургалт явууллаа.
- Монголын шинэ залуу эмч нарын мэдлэг, чадварын талаар ярина уу?
- Ш.Н: Анх ирж байсныг бодвол Монголын залуу эмч нар их өөрчлөгдсөн байна. Англиар
чөлөөтэй ярьж байна. Монголд нарийн мэргэжлийн тоног төхөөрөмж их дутагдалтай, хоцронгуй байсан. Гэвч маш хурдтай өөрчлөгдөж, хөгжиж байна. Шинэ боловсон хүчин, залуу эмч нараар бахархах сэтгэл төрж байлаа. Монгол улс Францаас ялгаатай нь бүх юм Улаанбаатар хотод төвлөрсөн. Хөдөө орон нутаг, алслагдсан аймаг, сум хоцронгуй байна. Эмнэлгийн нарийн тоног төхөөрөмж болон материал авах хөрөнгө мөнгө дутагдалтай гэсэн нийтлэг бэрхшээлтэй. Гэвч анх ирж байсан 2006 оныг бодвол хурдацтай хөгжиж, бүх юм сайн тал руугаа өөрчлөгдөж байгаа хэдий ч дэлхийн стандартад хүрэх болоогүй байна.
- Ү.Н: Монголын шинэ залуу эмч нарын тухай адилхан бодолтой байна. Англи хэлний тусламжтайгаар интернэт болон ном хэвлэлээс мэдээлэл авах боломж бүрдсэн нь сайн хэрэг. Хэрх, үе судлал хийгээд зүрхний эмгэг судлал бол хоёр тусдаа салбар юм. Монголд хэрх өвчний тодорхой шинжилгээ авч чадаж байгаа ч зарим эмийн олдоц муу, өндөр үнэтэй байна. Сүүлийн үеийн эм үнэтэй байдаг ч түргэн хугацаанд өвчин зовиурыг арилгах боломжтой шүү дээ.
-Ж.Л: Би бол эмч биш. Монголын эмч, сувилагчид техник хэрэгслээ хайрлаж, зөв гамтай ашиглах хэрэгтэй байна. Монголд өнөөдөр эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер дутагдалтай байгаа учир эвдрэл гэмтэл гарахад засч чадахгүй байна. Цаашдаа нарийн мэргэжлийн инженер, засварчин бэлтгэж чадваржуулах шаардлагатай байна.
- Монголд ажиллахад ямар бэрхшээл тулгардаг вэ?
- Ш.Н: Зөвхөн Монголд ч биш олон улсад ажиллахад хэлний бэрхшээл хамгийн түрүүнд тулгардаг. Заавал орчуулагчаар дамжуулж ажилладаг нь эхний бэрхшээл. Мөн дэлхий нийтийг хамарсан ковид, Орос-Украины дайнаас болоод тээврийн зардал маш их нэмэгдлээ. Бид өөрсдийн зардал болон тоног төхөөрөмж ачуулах зардлаа бүгдийг өөрсдөө даадаг. Гэтэл Монголд ирсэн хойноо дахин гаалийн татвар төлж байна. Дээр хэлсэнчлэн ковид, дайн зэрэг шалтгаанаас болоод хил хаагдаж, өмнөх жилүүдэд авчрах байсан тоног төхөөрөмж маань хуримтлагдаж овоорсон. Зардал төлөвлөж байснаас их гарлаа. Иймд гаалийн татвараас чөлөөлөх юм уу, хөнгөлөлт үзүүлвэл бидний ажилд ихээхэн нэмэр болох юм. Эдгээр тоног төхөөрөмжийг монголчуудын эрүүл мэндийн төлөө үнэ төлбөргүй авчирч байгаа тул яам болон зохих шатны байгууллагууд анхааралдаа авч хөнгөлөлт үзүүлвэл бидний ажилд их тус болно. Гэвч ирэх тоолонд хууль өөрчлөгдсөн, журам дүрэм нь өөрчлөгдсөн байдаг нь хамгийн хэцүү. “Action Mongolie” нийгэмлэгийн гол үйл ажиллагаа бол сайн санааных бөгөөд үнэ төлбөргүй тусламж үйлчилгээ юм.
- Ү.Н: Манай Лион хотод цугласан тоног төхөөрөмж нь тэтгэвэртээ гарсан эмч нарын сайхан сэтгэлийн хандив, тусламж байдаг. Өмнөх жилүүдэд бид эдгээр техникүүдийг газраар ачуулдаг байсан бол Украины дайнаас болоод одоо онгоцоор ачуулж байна. Иймд тээврийн зардал төлөвлөж байснаас маш их нэмэгдсэн. Энэ бидэнд том дарамт болж байгаа юм. Гаалийн татвараас чөлөөлж өгөхөд шат шатны байгууллага, мэргэжилтнүүд анхаарлаа хандуулаасай гэж дахин хэлмээр байна. Тэгвэл бидэнд маш их тус хүргэж, цаашид ажиллах том гарц, боломж нээгдэх юм. Бид жил ирэх тусам үйл ажиллагаагаа өргөжүүлж ажиллах зорилготой ч жил ирэх тусам юмны үнэ тооцоолсноос нэмэгдэж байгаа нь гол бэрхшээл болж байна.
- Ж.Л: Би энэ удаа Төмөр замын эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженертэй ажиллалаа. Шаардлагатай зарим техникээ засварлахын тулд Франц руу онлайнаар холбогдож заслаа. Цаашид онлайнаар ингэж засвар хийх боломж байгаа гэдгийг нээж ойлголцлоо.
- Та бүхэн “Action Mongolie” байгууллагатай хэзээ, хэрхэн холбоотой болсон бэ?
- Ш.Н: 2003 онд Лионд сурч байсан Дастан гэдэг Монголын казах залуу энэ ТББ-ыг байгуулсан түүхтэй. Тэгээд анх Баян-Өлгий аймагт эмч нар ирж нүдний болор солих мэс засал хийсэн юм. Ширүүн салхи, нарны хурц гэрлээс болж тус аймагт нүдний өвчлөл өндөр байдаг юм билээ. Дараагийн жилүүдэд нүдний эмчээр хязгаарлалгүй чих хамар хоолой, хэвлийн хөндийн өвчлөлүүд, хүүхдийн түргэн тусламж гэхчлэн үйл ажиллагаагаа нэлээд өргөжүүлсэн. Өнгөрсөн хугацаанд бидний очиж ажилласан газар бүхэнд энэ байгууллагын таних тэмдэгтэй багаж техник ажиллаж байна.
- Эмч хүний хувьд монголчуудад хандаж хэлэх үг юу байдаг вэ?
- Ш.Н: Монгол хүний эрүүл мэндийн боловсрол жилээс жилд сайжирч байна. Эмнэлгүүд ч өөр өөрийн чиглэлээр эрүүл мэндийн боловсрол олгох тал дээр сайн ажиллаж байна. Эмч хүний хувьд хэлэхэд, монголчууд мах болон давс, чихрээ хяналттай, зохистой хэрэглэх шаардлагатай нь харагддаг.
- Ү.Н: Франц хүнийг бодвол монгол хүн эмчид итгэх итгэл муу юм уу гэсэн сэтгэгдэл төрдөг. Өвчтөн эмчээс эмч дамжаад олон газар үзүүлж, нэг шинжилгээг давтан хийлгэсэн байдаг. Нэг эмчээрээ дагнаж эмчлүүлвэл зүгээр гэж хэлмээр байна. Энэ нь хөрөнгө мөнгөнд ч хэмнэлттэй шүү дээ.
- Монгол орны тухай францчууд түүхэндээ анх Гийом дө Рүбрүкийн бичсэнээр дамжуулан танилцсан. Та бүхний нүдээр харахад франц, монгол хүний ялгаатай болон адил талууд юу байдаг вэ?
- Ш.Н: Адил тал гэвэл монгол, франц хүмүүсийн аль аль нь илэн далангүй. Монголчуудын хайр энэрэл, бас уур эгдүүцэл нь ил. Гэтэл Азийн бусад үндэстэн монголчуудаас өөр шүү дээ. Наанаа дандаа инээж байвч цаанаа юу бодож байгааг нь таах аргагүй юм шиг санагддаг.
- Ү.Н: Монгол хүн ямар ч юманд маш хурдан дасан зохицдог. Ялангуяа тулгарсан гэнэтийн зүйл хэлэхээр тэр дор нь тусгаж аваад хийчихдэг. Энэ нь монгол хүний давуу чанар юм.
- Ж.Л: Монгол, франц хүмүүс анх харахад тайван амгалан, үргэлж инээмсэглэж байдаг. Гэтэл машин барихаараа хоёулаа ууртай болчихдгоороо адилхан юм билээ. (инээв)
- Монгол хэл та бүхэнд ямар сонсогддог вэ? Монгол үг сурав уу?
- Ш.Н: Чихэнд сонсголонтой сайхан хэл. Монголд олон удаа ирж байгаа мөртлөө хоёрхон үг сайн сурсан. “Байхгүй”, “маргааш” гэдэг хоёр үг. (инээв)
- Ү.Н: Орчуулагч Б.Бат-Эрдэнийн тусламжтайгаар монголоор тоолж сурч байгаа.
Ярилцсан сэтгүүлч Ж.Батцэцэг
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.