images

Европын сэргээн босголтын банк Монголын арьс ширний компанийг онцлов

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-10-17


   Европын сэргээн босголт, хөгжлийн банкны албан ёсны цахим хуудсанд Монголын арьс шир боловсруулалт, үйлдвэрлэлийн талаар өчигдөр нийтлэл гарчээ. Тус нийтлэлд “Төв Азийн нүүдэлчин монголчууд удаан эдэлгээтэй, загварлаг арьсан урлалаараа алдартай. Гэвч Монголд боловсруулаагүй хэдэн тонн малын арьс хаягдаж буй. Арьс шир боловсруулах үйл явц нь хэцүү, аюултай учраас олон бизнес эрхлэгчид авахад хялбар, илүү ашигтайгаар нь ноолуурыг сонгодог” хэмээгээд 2016 оноос үйл ажиллагаагаа явуулж буй “Марис” компанийг дурдсан байна. Тухайлбал, “Марис” компани малын арьс, ширний хаягдлыг бууруулах, тогтвортой байдал, ногоон технологид суурилсан шинэ боловсруулалтыг нэвтрүүлэн, олон аюултай химийн бодисыг үйлдвэрлэлийн хэрэглээнээс хассан гэдгийг онцолжээ. Анхандаа арьсан цүнх голлон үйлдвэрлэдэг байсан тус компани 2019 онд хязгаарлагдмал хувьцаат компани болон өргөжсөн хэдий ч бүтээгдэхүүн үйлдвэрлэл, маркетинг, борлуулалтаа сайжруулах шаардлага улам нэмэгдсэн байна. Энэ үед тус компанийн удирдлага мэргэжлийн тусламж хүсэхээр ЕСБХБ-ны өндөр өрсөлдөөнтэй багц зөвлөгөө өгөх хөтөлбөрт хамрагджээ. Энэхүү бизнесийн зөвлөх үйлчилгээ нь "Марис"-ын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ISO 9001:2015 чанарын удирдлагын тогтолцоог компанийн үйл ажиллагаанд нэвтрүүлсэн ажээ. Улмаар зөвлөх үйлчилгээний дэмжлэгтэй “Марис” үйлдвэрлэлээ шинэчлэн сайжруулж борлуулалтаа нэмэгдүүлсэн байна. Монгол малын арьсны чанар сайн боловч амьд үеийн арчилгаа болон гараар нядалснаас болоод түүхий эд гэмтэх нь их байдаг аж. Тэр нь бүтээгдэхүүний үнэ цэнд нөлөөлдөг учраас "Марис" дараа нь гарах арьс ширний хаягдлыг эрс бууруулж чаджээ. Харин хаягдлаар нь компьютерийн маусны дэвсгэр, картны гэр, цүнх, түрийвч зэрэг жижиг хэрэгслүүдийг үйлдвэрлэх болсон байна. Түүнчлэн 2021 онтой харьцуулахад “Марис”-ын борлуулалт бараг 70 хувиар өсжээ. Мөн тус компани Япон дахь шинэ түншүүддээ зориулж регбийн тамирчны өмсгөлийг хүртэл бүтээжээ. Харин одоо тэд Европын орнуудад туршилтын бүтээгдэхүүнээ илгээхээр төлөвлөж байгаа гэнэ. 

   Дашрамд дурдахад, манай улсад жил бүр долоон сая ширхэг арьс ширийг хагас боловсруулан үүний 90 хувийг Итали, Испани, Турк улсад хямд үнээр гаргадаг ажээ. Харин улсын хэмжээнд 7-8 сая гаруй арьс шир хогийн цэг дээр гардаг байна.

Гэрэл зургийн эх сурвалж: EBRD

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.