images

Монголоор аялсан Норвегийн худалдаачны талаарх судалгааны эрдэм шинжилгээний хурал боллоо

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-10-16


   Монгол, Норвеги улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг тохиолдуулан энэ сарын 12-нд Осло хотноо "Оскар Мамены монгол дурсамж" эрдэм шинжилгээний хурал боллоо. О.Мамен нь гучин жилийн турш Монгол, Өвөр Монгол, Хятад, Оросын нутгаар хөндлөн гулд аялсан Норвегийн худалдаачин юм. Тэрбээр хамгийн анх 1911 онд Монголд ирсэн нь Манж Чин гүрний 220 жилийн дарлалаас манай улс тусгаар тогтнож байсан үе юм. Түүний Монголын тухай гар бичмэл, гэрэл зургуудыг тэр үеийн тухай бичсэн бусад барууны жуулчдынхтай ижилгүй, өөр өнцөгтэй гэдэг. Учир нь, түүний бүтээл тусгаар Монгол улсын соёл уламжлал Зөвлөлт ертөнцийн нэг хэсэг болохоос өмнө үнэхээр цэцэглэн хөгжиж байсан тухай өгүүлдэг ажээ. Тиймээс Монгол улс тусгаар тогтнох үеийг баримтжуулсан О.Мамен зэрэг Европын аялагчдын цуглуулгыг монголчууд төдийгүй Европын судлаачид өндөр үнэлдэг байна. Тэгвэл 2017 онд О.Мамены үр хойчис түүний цуглуулгыг Ослогийн Түүх, соёлын музейд хандивласан байна. Түүний цуглуулгад 8000 гэрэл зураг, 500 орчим өдрийн тэмдэглэл, эд хэрэглэл, захидал, аяллын баримт, гурван гар бичмэл багтдаг бөгөөд гэрэл зургуудыг нь 2019 онд Ослогийн Түүх соёлын музей дижитал хэлбэрт оруулжээ. Тиймээс Монгол-Норвегийн холбоо, Норвеги дахь Монголын Элчин сайдын яам, Монголын ШУА-ын Олон улсын судалгааны хүрээлэн, Ослогийн Түүх соёлын музейн хамтран зохион байгуулсан "Оскар Мамены монгол дурсамж" эрдэм шинжилгээний хурлыг тус музейд хийжээ. Улмаар хурлыг музейн захирал Хокон Глорстад, Монголын Элчин сайд Т.Жанабазар нар нээсэн юм. Ингээд эхний илтгэлийг ШУА-ын Олон улсын судалгааны хүрээлэнгийн судлаач, түүхч О.Батсайхан “1911 оны Монголын тусгаар тогтнол, Оскар Мамены дурсамж дахь Богд хаан” сэдвээр тавьсан байна. Түүний дараа Ослогийн их сургууль, Түүх соёлын музей, Түүхийн их сургуулийн сонгодог археологи, эртний зоос судлал, угсаатны зүйн тэнхмийн эрдэм шинжилгээний ажилтан, докторант Мариа Картвейт “Оскар Мамены амьдрал” гэдэг илтгэл тавьжээ. Мөн хуралд цахимаар Японы Үндэсний угсаатны зүйн музейн профессор Конагаяа Юүки “XX зууны эхэн үеийн Өргөө хотын эдийн засгийн үйл ажиллагаа: Оскар Мамены гэрэл зурагт буусан зах зээлийн ландшафт” сэдвээр илтгэлээ хэлэлцүүлсэн юм. Түүний дараа Норвегийн шинжлэх ухааны судалгааны зөвлөлийн профессор Мариа Магдолна Татар “XX зууны эхэн үе: Норвегийн аялагч Секиз мөрөнд (Найман голд)”, Кэмбрижийн их сургуулийн Археологи, антропологийн музейн Гэрэл зургийн цуглуулгын менежер Жослин Даддинг “Өчүүхэн ба аварга: Өвөр Монгол дахь Оскар Мамен, Этель Линдгрены хээрийн судалгаа” илтгэлээ тавьжээ. Ингээд үдийн зоогийн дараа Их Британийн судлаач Сью Бирн “Судалгааны цоорхойг Оскар Маменаар дүүргэх нь” илтгэлээ цахимаар хэлэлцүүлсэн байна. Мөн Монголын гэрэл зурагчин Д.Давааням “Оскар Мамены анхны бөгөөд сүүлийн зургуудад гэрэл зурагчны ур чадвар, техник сайжирсан байгаа нь” илтгэлийг цахимаар хэлэлцүүлсний дараа Монгол, Норвегийн хоёр судлаач илтгэлээ хэлэлцүүлснээр өндөрлөжээ. Энэ хурлыг сонирхсон хүн бүхэнд нээлттэйгээр үнэ төлбөргүй хийсэн аж. 1911-1928, 1845 онд Монголд ирсэн О.Мамены гар бичмэлд тулгуурлан “Зүүнш зорчсон нь: Богд хаант Монгол улсын тухай Оскар Мамены тэмдэглэл” ном гарч байжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.