Нямбуугийн Нямдоржийн мэндэлсний 89 жилийн ойг тэмдэглэж байна
Чихэнд чимэгтэй
2023-10-12
Монгол улсын Төрийн соёрхолт яруу найрагч Нямбуугийн Нямдоржийн мэндэлсний 89 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр болж байна. МУИС-ийн Номын сангийн хурлын танхимд болж буй уг хуралд Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Ч.Дагвадорж, МУБИС-ийн багш, утга зохиол судлаач, доктор Г.Батсуурь, доктор Р.Чойномын “Өд” сангийн тэргүүн, доктор Д.Ганболд, МУИС-ийн багш, утга зохиол судлаач, доктор А.Мөнх-Оргил, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн судлаач, доктор Б.Мөнхбаяр, утга зохиол судлаач, доктор Г.Бямбажав, СУИС-ийн багш, утга зохиол судлаач, яруу найрагч, зохиолч Ч.Баяраа, СИТИ дээд сургуулийн багш, утга зохиол судлаач Х.Чойдогжамц нар илтгэл тавьж хэлэлцүүлэх юм. Илтгэлүүдийн зонхилох сэдэв нь Н.Нямдоржийн яруу найраг дахь эрх чөлөөний үзэл санаа, постхюманист сэтгэлгээ, түүний шүлгүүдийн хэлний онцлог, Н.Нямдорж, Р.Чойном нарын нөхөрлөл, уран бүтээлийн харилцан нөлөөлөл зэрэг өргөн хүрээг хамарч байна. Хурлын үеэр Н.Нямдорж найрагчийн анхны бүтээлүүд болох “Үүлэн бор”, “Онон хатан ээжий” номуудыг 60 гаруй жилийн дараа нэгтгэн эмхэтгэж гаргасан “Онон хатан ээжий” номын нээлт, найрагчийн гарын үсгийн дардас бүхий номын худалдаа болох аж.
Яруу найрагч Н.Нямдорж 1934 оны аравдугаар сарын 12-нд Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг Бүрхийн төгөл хэмээх газар мэндэлжээ. Тэрбээр яруу найрагч Д.Сэнгээ, Б.Явуухулан нарын дараа 1957-1962 онд Москва хот дахь М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд суралцан төгссөн байна. Анхны ном нь 1959 онд “Үүлэн бор” нэртэйгээр хэвлэгдсэнээс хойш 1992 оныг хүртэл яруу найргийн нийт 13 ном хэвлүүлж, 1992 онд шилдэг шүлгүүдээрээ Монгол улсын Төрийн соёрхол хүртжээ.
Н.Нямдоржийг Монголын яруу найрагт чөлөөт сэтгэлгээний салхи оруулсан яруу найрагч гэж зүй ёсоор үнэлдэг. Тэрбээр 1960-1970 онд Монголын яруу найрагт хэлбэр, агуулгын хийгээд сэтгэлгээний шинэчлэлийг авчирсан, өвөрмөц, давтагдашгүй яруу найрагч юм. Тиймээс 1980-1990-ээд оны Монголын яруу найрагт ч түүний нөлөө асар их бий. Их найрагчийн төрөлх нутаг Хэнтий аймгийн Батширээт сумын дунд сургуулийг Н.Нямдоржийн нэрэмжит болгосон бөгөөд сургуулийн өмнөх талбайд босгосон гэрэлт хөшөөнд “Онон хатан ээжий” шүлгийнх нь шадыг сийлэн мөнхжүүлсэн билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.