images

Монголын буган хөшөөг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэлээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-09-18


   Саудын Арабын Риад хотноо энэ сарын 10-25-ны өдрүүдэд болж буй ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн хорооны 45 дахь удаагийн чуулганаар Монголын буган хөшөө, хүрлийн үеийн дурсгалуудыг Дэлхийн соёлын өвийн жагсаалтад бүртгэлээ. Дэлхийн өвийн хороонд 1972 оны Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай конвенцид нэгдсэн 21 улс байдаг. Тэд энэ жилийн чуулганаараа хэлэлцсэн асуудлуудын нэг нь Монголын нутаг дэвсгэрт амьдарч байсан хүрэл зэвсгийн үеийн хүмүүсийн бүтээсэн буган хөшөөг Дэлхийн өвд бүртгэж, хамгаалалтад авах тухай байв. Тус хуралд Монголын талаас МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн багш Ц.Төрбат оролцож буй. Тэрбээр буган хөшөөний соёлын тухай дорвитой судалгаа хийсэн, уг дурсгалыг дэлхийн өвд бүртгэхэд чухал гавьяа байгуулсан бөгөөд МУИС-д Археологийн керамик анализ, Керамик судлал, Хүннүгийн археологи, Хадны зургийн археологи, Төв ба Дундад зуун, Сибирь, Өрнөд Азийн археологийн хичээл заадаг байна. Мөн Ц.Төрбат, Ж.Гантулга, Н.Баярхүү, Д.Батсүх, Н.Төрбаяр, Н.Эрдэнэ-Очир, Н.Батболд, Ц.Цэлхагарав нар "Монгол ба бүс нутгийн буган хөшөөний соёл” боть ном гаргажээ.

   Манай улс буган хөшөөнөөс өмнө таван дурсгал дэлхийн өвд бүртгүүлээд байсан юм. Тухайлбал, 2003 онд Увс нуурын сав газар, 2004 онд Орхоны хөндий, 2011 онд Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор, 2015 онд Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг, 2017 онд Дагуурын ландшафтыг бүртгүүлжээ. Харин буган хөшөө нь гол төлөв хэдэн зуун кг-аас дөрвөн тонн хүртэлх хүнд жинтэй чулууг дөрвөлжлөн засаж орой хэсэгт нь нар, сар, доод хэсэгт нь хутга, зээтүү, нум сум дүрсэлж, бугын угалзарсан эвэр сийлж чимсэн байдаг. Мөн ирвэс, адуу, гахай зэрэг өөр амьтныг дүрсэлсэн байх нь бий.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.