images

Малчин, цаг уур шинжээч Т.Батсүх: Агь азаргалж ургасан тул ирэх өвөл цас их унаж зуд болох нь

Б.Бадамзул

Хөдөөгийн баясгалан

2022-11-03


Ховд аймгийн Мөнххайрхан сумын Алаг багийн малчин Тосноогийн Батсүх байгаль цаг уур шинжих ардын уламжлалт аргуудын талаар манай сурвалжлагчид ингэж ярилаа.

     Би байгаль цаг уурын байдлыг шинжих ухааныг өвөг дээдсээсээ сурсан юм. Манай аав Чимидийн Тосноо гэж өнөр өтгөн айлын эзэн байлаа. Миний ээж Цогтын Нэмэндээ 94 насандаа бурхан болсон. Нас өндөр болж, хараа муудсан ч гадаа сууж, дурангаар од мичдийн тохиолго хардаг байв. Одоо би нутгийнхандаа хэлдэг юм. Од мичдийн тохиолго ийм байна, энэ сард тэнгэр ийм байх нь гэж. Тэнгэрийн байдлыг одоогоор шинжвэл ирэх жил цас их унаж зуд болох нь. Яагаад цас их унах вэ гэхээр агь, дэрвэн өвс азаргалж ургажээ. Цаг агаар шинжих аргууд доорх байдалтай байна.         

Өглөөний нараар шинжихүй

     Өглөө нар тусаж байхад үүл улайсан байвал тэр өдөр шуурна. Нар тунгалаг, тогтуун байвал дулаан. Өглөө үүл их байвал бороо, цас ордог. Нар чагталж буюу хоёр талд нь их туяа татаж мандвал мөн тэнгэр муудна. Оройн нар чагталж жаргавал маргааш нь дулаарна.

Сар мичдийн тохиолгоор шинжихүй

     Намрын эхэн сарын 22, дунд сарын 19, адаг сарын 17-нд, өвлийн эхэн сарын 15, дунд сарын 13, адаг сарын 11-нд, хаврын эхэн сарын 9, дунд сарын 7, адаг сарын 5-нд сар мичдийн тохиолгоо ажна. Харин зуны эхэн сарын шинийн 3-нд гуд мөргөнө гэдэг юм. Энэ нь зуны сардаа тохиолго хэсэг завсарлахыг хэлж байна. Жишээлбэл, шинийн гуравны сар босоо байвал дулаан, хэвтээ, далаараа унасан байвал тэр сардаа өвөл нь цасан шуургатай, зун нь бороотой гэж үзнэ. Мичид зургаа сартай ойрхон, доогуур нь зөрвөл хүйтэн, холуур дээгүүр нь зөрвөл дулаан байдаг.

Ан амьтнаар шинжихүй

     Тарвага намрын цагт нүхээ дүүртэл шороо овоолбол зуд болно. Нүхээ дундуур дүүргэвэл өнтэй өвөл болдог. Янгир, аргаль хавар эрт ишиглэж, хургалбал хаврын урь эрт орох нь гэж шинжинэ. Хойлог, ахууна шувуу дор газар орж ирвэл тэнгэр муудах нь, шилд байдаг шувууд доошилжээ гэж дүгнэнэ. Сохор номин намар арван сар дотор шороогоо түлхвэл тааваар ичиж байна, өн болох нь гэдэг. Шилээсээ эхэлж тарвага цоолбол хавар эрт ногоорч дулаарна. Тарвага доод газраас эхэлж ичээнээсээ гарвал ногоо голоосоо эхэлж ургадаг. Мөн нүүдлийн шувууд хадтай газар бараадвал цас, бороо ихтэй байна.

Таван хошуу малаар шинжихүй

     Тэмээ, үхэр их хэвтвэл цас их удахгүй ордог. Тиймээс “Малаа нөмөр нөөлөгтэй газар бэлчээ” гэж өвгөд зөвлөдөг байжээ. Унага даага, хурга ишиг, тугал их тогловол бороо, цас баараггүй ордог юм даа.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.