images

63 настай гүйгч Н.Буяндэлгэр: Цэнгэлдэхийг наян хэд тойрдог тэмцээнд түрүүллээ

Д.Бизьяа

Хөдөөгийн баясгалан

2023-08-25


Ховд аймгийн Дуут сумын алдарт цуурч Паарайн Наранцогтын хүү, аавынхаа эрдмийг өвлөж авсан цуурч Н.Буяндэлгэр гуайтай “Нүүдэлчин” фестиваль дээр уулзаж ярилцав. Гэхдээ энэ удаад цуурын тухай биш түүний өөр нэгэн эрдэм чадлын тухай хөөрөлдлөө.

- Таныг онцгой хурдан гүйдэг, морь бараг унадаггүй, явган их явдаг гэж сонслоо?

- Тийм ээ. Би багаасаа бараг морь унадаггүй, ямар ч хол газар, уул хаданд явган явчихдаг байсан. Одоо ч хэвээрээ явган явсаар, энд тэндхийн гүйлтийн тэмцээнд оролцсоор байна. Цаанаасаа заяасан юм шиг байгаа юм. Явган явах болон гүйхэд амьсгаадах, сульдах, ядрах гэдгийг мэдэлгүй өдий хүрлээ дээ. Явган явах гэдэг бол миний хувь унаа морьтой явснаас биед хамаагүй амар санагддаг юм.

- Одоо та нас сүүдэр хэд хүрч байна вэ? Гүйлтийн тэмцээнд орж байна уу?

- Би одоо жаран гурван настай. Бие эрүүл, элдэв өвчин хуучгүй. Мөн л явган явсаар, бас элдэв уралдаан тэмцээнд оролцсоор байна. 60-аас дээш насны ангилалд улсдаа эхний гурван байр алдаагүй л явна. Ховддоо бол тэмцээний тэргүүн байр алдаж үзээгүй. Нэг алдсан явдал бий. Ганцхан удаа хоёрдугаар байрт орж байсан юм. Энэ их түүхтэй. (инээв)

- Энэ түүхээсээ хуваалцаач.

- Бололгүй яахав. Би чинь суманд болон аймагт гүйлтийн уралдаан тэмцээн болно гэж сонсонгуут хөдөөнөөс алхаж орж ирээд дээлээ тайлж хүнд бариулчихаад шууд гүйгээд л түрүүлдэг байсан юм. Наяад оны сүүл үе санагдаж байна. Аймгийн бага Олимп болоод би 10 мянган метрийн гүйлтийн тэмцээнд их л бардам оров оо. Гараанаас гарснаас эхлээд урагш ахисаар байгаад түрүүнд гараад ирлээ. Тойргоор уралдаж байсан бөгөөд барианд орох дөхөж байв. Зарлагч намайг цоллон зарлаж эхэллээ. “Хамгийн түрүүнд яваа Дуут сумын харьяат Н.Буяндэлгэр бусад оролцогчдоосоо бүтэн нэг тойргоор түрүүлж явна. Нэгдүгээр байрт орох нь гарцаагүй боллоо” гээд л чанга яригчаар цангинуулж байна. Би эцэж ядрах болоогүй ид сайхан явж байлаа. Зарлагч тэгээд хэлэнгүүт стадионд байсан үзэгчид уухайлан алга ташиж баяр хүргээд, би ч жаахан сэтгэл хөөрөөд үзэгчдийн зүг гар даллаад, алга ташаад, зарим нэг ойрхон байгаа хүмүүстэй гар бариад урагшаа гүйх биш тэдэн рүү хандан гараа даллаад хажуугаараа явж байгаа юм. Замаас гарахын л наагуур явж байгаа хэрэг. Тэгж яваад бариандаа орохын дөнгөж наана гэв гэнэт хажуугаар нэг хүн сүрхийтэл орж ирээд барианы туузыг цээжиндээ өлгөн нэгдүгээр байрт орж орхих нь тэр. Тэгээд юу болов гээд хартал миний ардхан талд алдарт “Алмас” хочтой спортын мастер Ганболд явсан юмсанж. Зарлагч намайг бүтэн тойргоор түрүүлж яваа гээд зарлачихсан болохоор би ганцаараа тойргоор түрүүлж явна гээд ойлгочихсон явтал “Алмас” бас бүтэн тойргоор түрүүлж явсан байжээ. Аливаа тэмцээн уралдаанд ороход тактик, бодлого, сонор сэрэмж байх ёстой гэдгийг тэгэхэд ухаарсан юм. Зөвхөн эрч хүчээр гүйгээд түрүүлнэ гэдгээс өөрийг бодохгүй явсан хэрэг. Орж ирсэн хойноо хүмүүсээр загнуулаад өнгөрсөн.

- “Алмас” Ганболд гэж ямар хүн байв?

- Аа тэр бол хосгүй хүн байсан. Монголын холын зайн гүйлтийн хорин дөрвөн удаагийн аварга, найман удаа улсын дээд амжилт тогтоосон, Москвагийн бага Олимпын алтан медальтай, спортын мастер, аргагүй л “Алмас” хочиндоо тохирсон хүн байсан юм. Тухайн үеийн Монголын хамгийн шилдгийн нэг байлаа л даа. Тийм айхтар хүнтэй уралдаж байгаагаа ч би мэдэлгүй гүйж явсан хэрэг. Тэр лут хүний тухай дараа нь олж мэдэж байгаа юм.

- Одоо та уралдаан тэмцээнд орж байна уу?

- Оролцож байна аа. Хамгийн сүүлийн том уралдаан гэвэл “Шри шри амьдрах ухаан” төвөөс зохиосон холын зайн 70 км-ийн уралдаанд оролцоод түрүүллээ. Хотод цэнгэлдэх хүрээлэнд тойргоор уралдуулсан юм. Цэнгэлдэхийг наян хэдэн удаа тойрсон доо. Дараа нь Багахангайд болсон 50 км-ийн марафонд оролцоод гуравдугаар байранд орлоо. Мөн “Ариг” банкнаас зохиосон холын зайн гүйлтэд түрүүллээ.

- Хамгийн анх гүйлтийн ямар тэмцээнд орж байв?

- 1983 онд цэргээс ирсэн жилээ Дуут суманд болсон гурван мянган метрийн гүйлтийн тэмцээнд орж түрүүлж байснаа санаж байна. Марцат гэж газар нутаглаж байсан. Сумын төвд тэмцээн болно гэж дуулаад гэрээсээ гарч явган алхаад сум орж ирэв. Манай багийн дарга зэрэг хүмүүс морьтой надаас түрүүлж гарсан хэр нь би сумын төвд тэднээс түрүүлж ирж байгаа юм. Тэр тэмцээнд оролцохдоо бараг тоглоом тохуу хийж явав. Гараанаас гарсан хойноо урд яваа хүмүүсээ гүйцэж түрүүлэхдээ далан дээр нь жаахан алгадаад, алгадаад өнгөрнө дөө. Яг үнэндээ тэр насан дээр бол гурван мянган метр гэдэг бол миний хувьд тоглоом л доо. Тэгээд эцэж цуцах тухай бодох ч зайгүй тасархай түрүүлээд орж ирсэн. Түүнээс хойш аймаг руу уралдаан тэмцээнд явдаг боллоо. Аймгийн бага Олимпод сумаа төлөөлж оролцох болоод машинтай аймаг явтал замдаа бөөлжөөд балрав. Тэгэхээр нь Баатархайрханы тал дээр машинаасаа бууж хоцроод арваад километр алхаад орж ирснээ санаж байна. Одоогоос гурван жилийн өмнө жаран нас хүрч байхдаа нэг марафонд орлоо. Хорин хэдтэй залуусыг одоо арай барахгүй юм билээ.

- Хамгийн хол хаанаас хаа хүртэл алхаж байв?

- Увсаас Ховд хүртэл нэг алхаж ирсэн. Улаангом хотоос өглөө 11 цагийн үед гараад замдаа хоёр хоноод Ховдод ороод ирсэн. Замын айлуудаар орж цай унд уугаад, орой болохоор мөн л замын айлд орж хоноод нийт 260 километр газарт гурван өдөр яваад орж ирсэн дээ. Замд тааралдсан хүмүүс их сэжиглэж хүлээж авна. Оргодол босуул, хулгайч гэж хардаг бололтой. Тэгэхээр нь би паспортоо үзүүлээд, албаар ингэж өөрийгөө сорьж явган явж байгаагаа хэлээд явсан. Ховдын Мянгадын гүүрэн дээр орж ирээд засмал замтай золгосноос хойш хөнгөхөн шогшоод орж ирсэн дээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.