images

Хөвсгөл нуурын байгаль хамгаалагчид шинэ завьтай боллоо

Б.Бадамзул

Хөдөөгийн баясгалан

2023-08-24


   Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалтын газрын захиргаа, аймгийн Онцгой байдлын газар тус бүр нэг шинэ усан завьтай боллоо. Ингэснээр нуурын байгаль хамгаалагчид хууль бус загас агнууртай тэмцэх, Онцгой байдлын алба хаагчид усны ослоос сэргийлэх, нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх боломж нэмэгдэж байна. Энэ талаар Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын захиргааны дарга Г.Энхбаяр “Манай байгууллага эргүүл хяналт хийх, хууль бусаар тавьсан загас агнуурын торыг илрүүлэхэд ашигладаг нэг завьтай байсан. Ганц завь маань Хөвсгөл нуурыг тойрсон Ханх, Хатгал хоёр том суурин, таван сумаар дамжин орж ирэх жуулчдын тавьсан торыг олох, хойноос оросууд завьтай орж ирж хууль бусаар дэгээ шидэж буйг илрүүлэх зэрэг эргүүл хяналтын ажил хийхэд хүрэлцдэггүй байв. Тиймээс ЮНЕСКО-гийн дэмжлэгтэй Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр дахин нэг жижиг завьтай боллоо” гэв.

   Тус завь нь найман хүний суудалтай, 115 морины хүчин чадалтай, “Yamaha” брэндийн мотортой, Хятадад их биеийг нь үйлдвэрлэсэн бага оврын усан тээврийн хэрэгсэл юм. Ийм жижиг завь хоёр ирсний нэгийг Хөвсгөлийн Онцгой байдлын газарт өгсөн. Тус байгууллага өмнө нь хоёр завьтай байсан бөгөөд түүгээрээ байнгын эргүүл, хяналт хийдэг. Учир нь, Хөвсгөл нуурт завь, усан онгоц нийлсэн 124 тээврийн хэрэгсэл зорчдогоос энэ зуны байдлаар 64 нь тогтмол үйл ажиллагаа явуулсан байна. Тиймээс жуулчид ихээр ирж усан тээврээр зорчих үед усны осол гарахаас сэрэмжилж хоёр завиараа байнгын эргүүл, хяналт шалгалт хийдэг. Мөн энэ зунаас нуурт осолдоод удсан тээврийн хэрэгсэл, ёмкостийг уснаас гаргах хайгуулын ажлыг эрчимтэй хийж буй тул нэмэлт завь хэрэгтэй байсан аж. Түүнчлэн Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын захиргаанд ачааны жижиг завь хэрэгтэй байгааг БОАЖЯ энэ онд багтаан шийдвэрлэж өгөхөөр болсон байна. Энэ тухай Г.Энхбаяр “Хулгайн загас агнуурчид хийлдэг завиар ирж тор тавьчхаад хуурай газарт гараад нуугдчихдаг. Тиймээс байгаль хамгаалагчдад мотоциклио ачаад явах багтаамжтай ачааны завь хэрэгтэй байгаа юм. Хэрэв тэгвэл хууль бус торыг хураачхаад эрэг дээр бууж тор тавьсан эздийг нь мотоциклоороо хөөх боломжтой болно. Өдөржин туулах газрыг мотоциклоор цагийн дотор туулна” гэлээ.

   Тус хамгаалалтын захиргаа нийт 27 байгаль хамгаалагчтай бөгөөд ес нь Ханх сууринд, тав нь Даяндээрхид, үлдсэн нь бусад сум, сууринд хамгаалалтад гардаг ажээ. Хөвсгөл нуур нь Монгол улсын цэвэр усны нөөцийн 70, дэлхийн цэвэр усны нөөцийн нэг хувийг эзэлдэг, ЮНЕСКО-д бүртгэлтэй шим мандлын нөөц газар билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.