images

Монгол нохой үржүүлэгч А.Нямпүрэв: Надаас гөлөг авсан хүмүүст би “Монгол нэр өгөөрэй” гэж захьдаг

Duuren.Life

Хөдөөгийн баясгалан

2023-08-24


Дархан-Уул аймагт монгол банхар өсгөж, үржүүлж буй өв тээгч А.Нямпүрэвтэй ярилцлаа. Тэрбээр өөрийн байгуулсан “Дархан тайж” төвд 30 гаруй  монгол банхар, тайга нохой үржүүлдэг бөгөөд энэ жилийн “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд монгол банхар, тайга нохойгоо авчирч наадамчин олонд танилцуулсан юм.

- Сайн байна уу. Та хэзээнээс монгол нохой үржүүлсэн бэ?

- Сайхан наадаж байна уу? Би Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрж өссөн, монгол банхартай нутгийн хүн. Одоо Дархан-Уул аймагт гэр бүлээрээ ажиллаж амьдарч байна. Үржүүлгийн зорилгоор нохой тэжээгээд таван жил болжээ. Хар багаасаа л нохойнд хайртай, хамт тоглож, малдаа цугтаа явж өссөн хүүхэд. Өвөг дээдэс маань ч ан ав хийхдээ монгол банхараа дагуулан явдаг байсан түүхийг олон хүнээс сонсож байв. Тэгээд л улам хайртай, хүндэлдэг болсон. Харамсалтай нь орчин цагт цэвэр монгол банхар ховор болжээ. Эрлийзжээд, устгалд өртөж, цаг бусаар хорогдоод байгаа. Тиймээс одоо л өсгөж үржүүлэх хэрэгтэй гэж үзээд анх охин гөлөг, дараа нь эр нохой аваад энэ ажлыг эхлүүлж байлаа. Манай хашаанд тайга, банхар нийлсэн 30-аад нохой бий. Тайга нохой Хэнтий, Дорнод, Сүхбаатар гээд зүүн аймгуудаас гаралтай. Харин монгол банхар Завхан, Говь-Алтай, Ховд гэсэн гурван аймгаас гаралтай гэдэг.

- “Нүүдэлчин” наадамд авчирсан нохойнуудаа танилцуулаач?

- Би гурван банхар, нэг тайга нохойтойгоо ирсэн байна. Энэ хажууд буй тайга нохойг маань Язгуур, хамгийн цаана байгаа нохдыг Хасар, Соёо, Аргай гэж нэрлэдэг. Энэ гурвын маань хоёр нь тэмцээн, уралдаанд их ордог. Жишээ нь, Хасар 2020 онд анхныхаа тэмцээнд улсад оролцоод шууд түрүүлсэн. Шүд, үс, ясны бүтэц, зан ааш, нүдний өнгө гээд бүгдийг нь шалгаад цэвэр монгол банхар гэж үнэлүүлсэн. Нөгөө нэг нь тулааны тэмцээнд ороод амжилт гаргаж байв. Монголчууд тулааныг бас зөвөөр ойлгох хэрэгтэй. Арваад жилийн өмнө бол тулалдаж буй нохдыг заавал нэгийг нь бариулж, дуусгадаг тохиолдол олон байсан. Одоо дүрэм нь энгийн болчихсон. Ноцолдож эхэлсэн хоёр нохойны нэг нь орилвол шууд очоод салгана. Ингээд түрүүлж хазуулсан нохойг ялагдсанд тооцдог. Цус нөжтэй нь холиогоод байна гэж үгүй. Хэрвээ зодолдохгүйгээр айгаад зугтаах юм бол бас л ялагдлаар шийднэ. Монгол нохойд тулааны болоод хоточ чанар заавал суулгах ёстой. Хоттой хонио чононоос хамгаалах зүрх зориг нь удамшдаг юм.

- Язгуур нэртэй тайга нохойныхоо талаар яриач. Ийм төрлийн нохой ямар зан араншинтай байдаг вэ?

- Хүнд номхон, дөлгөөн. Харин өөр араатан чоно, үнэгтэй ойртвол сүүлээ хавчаад зугтах нохой биш. Монгол банхар ч гэсэн адилхан зоригтой, дайчин чанартай. Дэлхийн шилдэг 10 нохойг тодруулахад эхний нэг хоёрт монгол банхар, тайга нохой орсон байдаг. Тайга нохой зээр, үнэг мэтийн ан хөөхөд урт, туранхай бие галбиртай учир нь дор нь бариад авдаг. Гол нь их суналт сайтай, хурдан. Ямар ч хоол өгөөд таргалдаггүй юм. Туранхай ч гэсэн их иддэг. Шинэ төрсөн гөлөг нь ч гэсэн нарийхан жижиг амьтан гарч ирнэ. Хоол ундыг нь мэдээж зохих хэмжээнд тааруулна. Надтай “Нүүдэлчин” наадамд ирээд буй Язгуур хоёр настай, эм амьтан. Тайга нохойны өв соёлыг нутгийн хүмүүс нь одоо хүртэл үргэлжлүүлээд явж байгаа.  Би энэ төрлийн нохой тэжээгээд хоёр жил болж байна. Манай хашаанд ерөөсөө л хоёр охин, нэг эр тайга байдаг. Энэ жил эмийг нь нийллэгт оруулна. Уул нь нэг нас хүрээд ороо нь ордог, төллөх ёстой байсан ч хариуцлагатай байх үүднээс нэг жил өнжөөсөн.

- Танай ноход хүн рүү дайрдаг уу?

- Би бүгдийг нь нийгэмшүүлдэг. Хүн рүү дайрдаггүй, хүнээс хэт айж гаслаад байхааргүй л сургадаг.

-  Монгол нохойг өсгөж, үржүүлэх уламжлалт арга гэвэл юу байдаг вэ?

- Малын дайвар бүтээгдэхүүн буюу гүзээ, толгойны шулсан мах, өвчүүний ясаар хооллоно. Элэг, уушги өгдөггүй, хордлого авна. Бас уул уурхайтай газраас нядалж авчирсан малын дайвар өгөхөөс зайлсхийдэг. Үр төл, удамшилд нь ч нөлөөлж болох асуудал учраас болгоомжтой, хянамгай хандах хэрэгтэй. Охин нохдоо төрөхөд сүү оруулахаар үйлдвэрийн зориулалтын хоол авчирч өгдөг. Нэг уут нь 200 мянгаас 300 мянгын хооронд үнэтэй. Монголчууд ихэвчлэн шар будаа нохойдоо өгөөд сэрүүдүүлдэг. Энэ их зохимжгүй хоол. Тэгээд бүх нохойгоо вакцинд тогтмол хамруулна. Элдэв янзын өвчин тусгахгүйн тулд улирлын болон тогтмол хийдэг вакцинд хамруулж аливаа өвчнөөс сэргийлдэг. 

   Түүнчлэн монгол нохойг өв соёл, ахуйтай нь ойрхон нэрлэх нь зүйтэй. Надаас гөлөг авсан хүмүүстээ би “Монгол нэр өгөөрэй. Хариуцлагатай хандаж ёс журмаар нь аваачаарай!” гэж захьдаг юм. Наад зах нь гэртээ анх аваачихдаа нар зөв тойруулж, нэрийг нь зүүн чихэнд нь шивнээд, шар тос түрхээд, сүү амсуулдаг ёстой.

- Нохойны арчилгаа, тордолгооны талаар яривал?

- Эр, эм нохдыг жилд нэг л удаа тусгаарлаж, хуваарийн дагуу нийллэгт оруулна. Монгол банхар чонотой адил ороо нь 12 дугаар сард ордог. Бусад цагт холилдоод байж байсан ч санаа зовох зүйлгүй. Намайг эзгүйд хоорондоо муудалцаад зодолдчих гээд байдаг зарим хэдийгээ тусдаа торонд хийнэ. Бусад томоотой нохдоо хашаандаа сул явуулдаг. Заримдаа хашаанд байгаа нохдоо бүгдийг нь машин дээрээ ачаад зэлүүд газар аваачаад долоо хоногт хоёр удаа тоглуулдаг. Гөлөг байхаас нь тэгж аваад явахаар өөрсдөө сүүлдээ сурчихдаг. Машинаас буулгаад би өөрөө хөдлөөд явахаар бүгд араас дагаад гүйчихдэг юм. Тэгээд хэсэг гүйж тоглож байгаад гэртээ харьчихна.

- Тэгвэл хүндрэлтэй байдаг зүйл гэвэл?

- Хүмүүсийн хандлага. Нохойндоо олигтой хоол өгдөггүй, угаадас, яс өгчихөөд л гөлгийг нь зараад баяжаад байна гэж ярих энүүхэнд. Гэвч энэ бол миний бизнес биш, цэвэр хүсэл сонирхол дээр тогтдог учраас тийм биш. Ноход маань нэг дор олон гөлөг гаргадаг болохоор заримыг нь авья гэсэн хүнд тохирсон үнээр нь өгчихдөг юм. Тэр мөнгөөрөө нохойны хоолныхоо 80 хувийг авна. Үлдсэн 20 хувийг нь өөрөөсөө гаргаад явна даа. Тэгж байж нохойг аятайхан тэжээнэ шүү дээ. 2020 оны улсын аваргад түрүүлсэн нохойгоо хоёр настай байхад нь авч байлаа. Ер нь уралдаан тэмцээнд байр эзэлдэг, улсын аварга болсон нохойны гөлгийг өндөр үнэлдэг. Дор хаяж нэг сая төгрөгөөс эхэлдэг бол би хэрэгтэй хүнд нь хагас үнээр өгөөд явуулдаг. Тэр мөнгөө эргээд нохойныхоо урсгал зардалд зориулаад л таардаг.

“Нүүдэлчин-2023” дэлхийн соёлын биет бус өвийн наадамд

- Танай нохойны идүүр модон юм байна. Энэ ямар учиртай вэ?

- Монгол хүн өөрийн хоол унд, идээ цагаандаа модон сав суулга хэрэглэж ирсэн. Нохойндоо мөн модны ур буюу үндсээр идүүр хийдэг байсан. Гараараа ухаж хонхойлгоод хийчихнэ. Эрүүл мэнд талаасаа ч нохойд сайн, урт наслахад дэмтэй.

- Танай хамгийн хөгшин нохой хэдэн настай вэ. Зүс царайны хувьд яаж ялгадаг вэ?

- Хамгийн ахмад нь одоо зургаан настай байна. Ер нь би залуу ноходтой. Бүгд өөр өөр цусных. Манай үржүүлгийн газар халтар, хар, шар, цагаан банхар гээд бүгд бий.

- Монгол нохойтой холбоотой өөр ямар өв соёл байдаг вэ?

- Монголчууд нохойгоо нас бие гүйцэхэд сүүлийг нь тасдаж “Дараа төрөлдөө хүн болж төрөөрэй” хэмээн ерөөгөөд аманд нь шар тос үмхүүлээд энгэр газар оршуулдаг. Малаа мянга хүрэхэд нохойндоо хүндэтгэл үзүүлж, идүүрэнд нь хүрэл зоос хадаж өгдөг. Мал хоёр мянга хүрвэл мөнгөн зоос хадаж өгдөг. Улмаар гурван мянга хүрвэл алтан зоос хадна. Би нэг нохойныхоо идүүр дээр хүндэтгэлийн ёсоор хүрэл зоос хадчихсан. Нохойнд цусны шугам гэсэн ойлголт байдаг. Хүнээр бол ургийн бичиг хөтлөхтэй адилхан зүйл. Цус ойртуулж болохгүй. Цусыг нь холдуулж, алийг алинтай нь нийлүүлж үржүүлбэл чанартай байх вэ гэдгийг би өөрөө зохицуулалт хийх шаардлагатай болдог. Өндөр уул хадтай газрын малчдыг хонь хот, барааг нь сахих банхаргүйгээр төсөөлөхийн аргагүй. Үржүүлэгч хүн маш хариуцлагатай байж л хоттой хонь маллах, ан авд явах монгол нохой гараас гаргана даа.

- Ярилцсанд баярлалаа.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.