images

Х.Бүүвэйбаатар: Сүрэг нь унаа, сүү нь ундаа болсон тэмээний ашиг тус их

Б.Бадамзул

Хөдөөгийн баясгалан

2022-10-31


Дундговь аймгийн Хулд сумын иргэн, Монгол улсын зөвлөх мал зүйч, малын бага эмч Тайж овогт Ханддоржийн Бүүвэйбаатар манай энэ удаагийн “Хөдөөгийн баясгалан” буланд зочлов.

     “Буурын бохь эмэгтэйчүүдийн хавдарт их сайн. Дархлаа тогтоож илааршуулахад хэрэглэдэг юм. Би хүний эмч биш учраас бүдүүн бааргаар хэлэхэд хавдар үүсгэсэн вирусийн идэвхжилийг бууруулж, эсэргүүцлийг сайжруулдаг гэсэн үг” гэсээр Х.Бүүвэйбаатар гуай яриагаа эхлүүлэв. Тэрбээр авдраасаа буурын бохь гаргаж үнэрлүүлэнгээ “Энэнээс ганц ширхэг үс стакан усанд дүрээд авахад яг хар цай шиг болдог” гэлээ. Хэрэв та “Буурын бохь гэж юуг хэлж байна вэ” хэмээн гайхаж байгаа бол энэ нь орсон буурын шилэн хүзүү буюу дагзны булчирхайгаас ялгардаг шүүрэл юм.

     “Тэмээний бөхний үзүүрийн болон тавагны өөх хавдарт их сайн. Мөн халгай гурван хуруу ургах үед тэмээний борцтой холиод хуушуур хийж идэхэд хаван бууруулдаг” хэмээн Х.Бүүвэйбаатар гуай ярьж байна. Мөн ингэний ундаа буюу хоормог эрүүл мэндэд маш тустай бөгөөд зүрхний өвчтэй хүн харин хэрэглэж болохгүй. Ханиад хатгаа, уушгины өвчинд буцалгаж уухад их сайн. Буцалгасан хоормогийг сүрьеэтэй хүн тунг нь тааруулж уудаг гэнэ. Хоормогоор хийсэн “ингэний цэнхэр” хэмээх архи сахар бууруулдаг аж. Тиймээс ч Х.Бүүвэйбаатар гуай “Сүрэг нь унаа, сүү нь ундаа болсон тэмээний ашиг тус их” хэмээн бахдаж байна.

     Тэрбээр “Монголчууд сайхан дуутай нохой гэж ярьдаг даа. Тэгвэл орсон буурын сахруулсан цагаан хөөсийг найруулаад гөлгөн нохойдоо өгөхөөр хүнгэнэсэн дуутай болдог юм” хэмээн сонирхуулав. Тэмээний мах, сүү, хөөс, шүүрлийн ач тус ийм аж. Харин ноосыг нь ямааных шиг самнаж аваад тэмээний ноосон утас хийж эсгий туурга, ширдгийг зээглэж оёдог. Маш нарийн микронон ширхэгтэй учраас ноолууран хувцас ч нэхнэ. Мөн хурдан морины жолоо хийвэл хүүхдийн гарт зөөлөн байдаг гэнэ.

     Манай улсад одоогоор Галбын говийн улаан, Ханын хэцийн хүрэн, Төхөм тунгалгийн хүрэн, Төгрөгийн хос зогдорт тэмээний үүлдэр бий. Харин Олдохын хүрэн бор тэмээг 2020 онд Хөдөө аж ахуйн яам үүлдрийн өмнөх шат буюу омог хэмээн үзэж баталгаажуулсан юм. Энэ омгийн талаар Х.Бүүвэйбаатар гуай “Энэ тэмээ мах, ноос, сүү гурваараа бусад омгийн тэмээнээс өндөр үзүүлэлттэй. Нас гүйцсэн атнаас нь 18 кг, ингэнээс 6-8 кг, торомноос 3.5-5 кг ноос гардаг. Харин атнаас 400-450 кг, ингэнээс 300 кг мах гарна. Их сүүтэй ингэнээс 1.5-2 литр сүү саадаг. Дөрвөн хөхнийх нь хоёрыг сааж, хоёрыг ботгонд нь үлдээдэг” гэсэн юм. Тэрбээр Олдохын хүрэн бор омгийн тэмээний судалгааг аймаг, сумын ЗДТГ-ын тусламжтайгаар Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаачидтай хамтран хийжээ. Энэ омгийн тэмээ нь Хулд сумын Олдох багийн тэмээн сууриас үүсэлтэй бөгөөд гарал үүслийг нь дөрвөн үе хуваан үзэж байна.   

     Нэгдүгээр шат, 1942-1962 он. Тухайн үед тэмээг өвчнөөс урьдчилан сэргийлж, өсгөх бодлого баримтлав. Ингээд ээлжийн 60-62 ингэнээс таван жил дараалан төл мэнд бойжуулсан тэмээчин эмэгтэй Банзрагчийн Эс 1962 онд Монгол улсын Хөдөлмөрийн баатар болж улс аймаг даяар шагшигджээ. Улмаар тэмээн сүргийг өсгөж, сүү саамыг нь ашиглах, эмнэг хангал сургах ажил эрчимжив.

     Хоёрдугаар шат, 1963-1976 он. “Энэ арав гаруй жилд тэмээг эрүүлжүүлье, эрүүл мал л өснө гэсэн бодлого барьсан юм. Тэгэхийн тулд малыг гаднаас нь иддэг хамуу, дотроос иддэг паразитуудыг туулгалт, угаалтаар арилгаж, 1978 он гэхэд тэмээг бүрэн эрүүлжүүлсэн” хэмээн Х.Бүүвэйбаатар гуай ярилаа. Тэр үед малын их, бага эмч, зоотехникчид баг болж хавар намрын арван гурван ажил гэдгийг хийдэг байжээ. Энэ нь хаврын ажлаа намар, намрын ажлаа хавар нь дүгнэх зорилготой өвөлжилтийн бэлтгэл, хадлан, ангилалт, зааглалт, угаалт, туулгалт, жинлэлт гэх зэрэг ажлуудын цогц юм.

     Гуравдугаар шат, 1978-1999 он. Энэ үед тэмээний биеийг томруулах, сүүний гарцыг нэмэгдүүлэх, зүсийг сайжруулах үржил селекцийн ажил хийжээ. “Энэ ажлыг хийсний үр дүнд сумаараа тэмээгээ зуун хувь бойжуулж, гурван жил дараалан улсдаа тэргүүлсэн. Тухайн үед нэгдүгээр байр эзэлсэн сумыг чиргүүлтэй “Зил-130”, “Газ-53”, трактораар шагнадаг байлаа. Манай сум эхний жил “Зил-130”, дараагийн жил “Газ-53”-аа авсан ч, ардчилал гараад 1989 онд трактораа авч чадаагүй. Мал ч хувийн өмчид тарж эхэлсэн” гэв. Тэгэхэд Олдох багаас улсын аварга тэмээчин тав, аварга саальчин арав гаруй төрж “Мөнгөн буур”-ын эзэд болжээ. Ингээд өмч хувьчлал болоход Олдох багийн 20-30 өрх гучаад суурь тэмээ авч хоцорсон байна.

     Дөрөвдүгээр шат, 2000 оноос өнөөдрийг хүртэл. Энэ хугацаанд Олдохын хүрэн бор тэмээн сүрэг 7000 гаруй болж тус багаас аймгийн аварга малчин арав гаруй, “Мөнгөн буур”-ын эзэн гурав тодорчээ. Мөн Дундговь аймгийн Адаацаг, Говь-Угтаал, Эрдэнэдалай, Дэрэн, Өлзийт, Булган аймгийн Могод сум энэ омгийн буурыг сайжруулагчаар авсан түүхтэй ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.