images

Наяад оны миний наадам

Б.Бат-Амгалан

Чихэнд чимэгтэй

2023-07-12


Социализмын үеийн хотын хүүхдийн Яармагийн дэнжид галигуулж наадсан өчүүхэн дурсамж 

   Үзэг цаас нийлүүлдэг үе тэнгийнхэн дундаас маань, хөдөө төрж өссөн зарим нь наадам дөхөхөөрсумын минь наадамэнэ тэр гээд аазгай хүргэсэн амттай зүйл бичиж амьтныг шагшуулах нь атаархмаар. Атаархал үнэхээр эрхгүй хөдлөөд, хотын хонхорт төрж өссөнөө хувьгүйд тооцмоор санагдах үе олон байдаг нь үнэн. Гэвч бодоод байх нь ээ, хотын бидэн ч наадамтай бол наадамтай, атаархал хөдөлгөсөн нөхдийн адилаар эдэлсэн жаргалтай бол жаргалтай ажээ. Үүнийг бичигчийн хувьд л лав бага насны нэг бус наадмын өдрүүд адууны хөлс ханхалж, хүүхдийн гийнгоо цангинасан үлэмжийн жавхлантай Яармагийн дэнжид өнгөрсөн нь, одооЮу билээхэмээн эргэж бодоход бахдан дурсах зүйл бишгүй л бололтой.

   Наадмын өдрүүдээр манайх Чингэлтэй хайрханы Жигжидийн аманд тэр үеийнГовькомбинатын зусланд гарсан байж таарах. Намайг дөрөвдүгээр ангид байхаас эхлээд аав маань наадмаар Яармагийн морь барианы газар руу дагуулан явж бид хоёр наадмын хэдэн өдрөөр тэнд өнждөг болов. Миний аав Засагт ханы уугуул, адуутай ойр өссөн хүн. Өвөө Чоймболын Рагчаа адуунд дуртай, морь уядаг, нутаг голдоо л хурдтай гэгддэг хүн байж. Түүний хоёр шарга морь сумандаа дээгүүр давхидаг, нутгаас гарч уралдан, уясан эзнийхээ нэрийг гаргасан удаа ч бий гэдэг. Том хүү нь болох миний аав багаасаа хурд унасан, эр ганц дүүтэйгээ өвөөг дагаж хурдан морины ажил ч хэр чинээндээ хийж явсан бололтой байдаг. 80-аад оны эхээр аав Төв аймгийн хэдэн суманд алба залгуулж явахдаа Сэргэлэн, Алтанбулаг, Баян-Өнжүүлийн гайгүй нэртэй уяачидтай танилцаж гэмгүй дотно болсон бөгөөд сургууль соёлын мөр хөөж хотод эрт орж ирснээс төсөөрч холдсон адуун дундах багын амьдралдаа хэсэгхэн ч болов эргэж умбахаар наадам болов уу үгүй юу тэдгээр уяачдыг зорин Яармагийн дэнж рүү тэмцдэг болсон билээ.

   Автобуснаас бууж дэнж өөд өгсөх бид хоёрын ачаа яг хоёр тор болдгийн нэгэнд нь айлын хүүхдэд өгөх чихэр жимсхэн, хоёроос доошгүй шил архи, нөгөөд нь төгрөг далын дугуй талх багтах хэмжээгээр хийсэн байна. Ерөөс тэр үед хөдөө очих хүн ахиухан талх авч очвол чухаг бэлэг болдог байсны жишгээр тэр юм. Мах голдуу хүнсэнд жийрэг хийх гурилан юм хөдөөд олдоц багатай байсан юм болов уу. А.Цэдэнбал-Филатовагийн байгуулж өгсөн гэдэг домогтой Ажилчины районы хүүхдийн эмнэлгийг өнгөрүүт асар майхан алаглаж, аргамаг хүлэгс өөд уруугүй давхилдан, агь ганга, аргалын утаа анхилсан ер бусын сайхан орчлон алгаа дэлгэн угтдагсан.

   Аав бид хоёрын хамгийн түрүүнд очдог айл бол Алтанбулагийн ланжгар уяачдын нэг М.Гэлэнхүүгийнх байв. Хүний хөл тасрах гэж үгүй, орсон гарсан бүхнийг ундалж дайлж, буугаад мордох гэсэн хүнийг суугаад үлдмээр болгодог жигтэйхэн гэгээн гэрэлтэй айл. Хадам аав нь Лувсандорж гэж сайхан хөгшин байсан. Хожим наадмын цуваа үзэхэд 1980 онд Улс хувьсгалын 59 жилийн ойн баяр наадмаар Төв аймгийн Алтанбулаг сумын Лувсандоржийн хул азарга айрагдсан гэж байхаас гадна Төв аймгийн мундаг уяачдын намтар хуучид уяач Лувсандорж гэсэн нэр олонтаа гардаг нь энэ хүн мөн бишийг мэдэхгүй, тухайн үед хүүхдийн гэнэн томоогүйн харгайгаар үүх түүхийг нь ултай сонирхож, яриа хөөрөөг нь дуулж шингээж авч чадаагүйн харгай. Айлын эзэгтэй, тэр үеийн хүүхэд миний нүдэнд л хотын гэмээр гоё эгч хэзээний л цай чаначихсан самарч зогсох, морины хүүхдийн дээл гутал сэлбэж суух, нэг харахад гадаа гал дээрээс хоол уудалж нөгөө бол алжаасан нэгний хажуулах гудас ширдэгийг бөөгнүүлж явах, энэ бүхэндээ түүртэж ядарсан шинж өчүүхэн ч үгүй, орсон гарсан болгоныг хаанаас нь гардаг юм гэмээр дүүрэн жаргалтай инээдээр мялааж байх нь нүд салгахын аргагүй. Ерөөс Яармагийн дэнжид наадмаар буусан айл болгоны эзэгтэй нарын түгээмэл галбир ийм байсан санагдана. Айлын эзэн М.Гэлэнхүүг хадам эцгээ дагаж уяачийн эрдэмд суралцсан, шулуудсан гэх. Өгүүлэн буй явдлаас гурван жилийн өмнө буюу 1983 онд улсын баяр наадамд их насны зээрд морио аман хүзүүдүүлж, удаах жил нь бор соёолонгоо тавд давхиулсан Халхын энтэй уяач байж билээ. Аав бид хоёрын Яармагт баярлах гурван өдрийн наадам энэ айлаас эхэлнэ.

   Миний ээж Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул, гүүтэй айлын гүзээтэй хүүхэд. Би гэдэг хүн мэдээ орсон цагаасаа шахуу зун болов уу үгүй юу, тэр үед Улаанбаатар хот, Бүрд хоёрын хооронд явдаг байсан айрагны машины кабинд сууж эмээдээ очоод зуны гурван сарыг идээ цагаанд булхаж өнгөрөөдөг байснаа санахад сайхан. Өвөө маань адуутай хүн байсан боловч намайг хотын эрх танхи хүүхэд, тэгээд ч хүний ганц хүү болохоор болгоомжлоод морь малд ойртуулаагүй юм шиг санагддаг. Хөдөө эрхэлж зусдаг байсан бага жаахандаа сураагүй морь унах гэдэг ажлыг тээр хойно 10 нас өнгөрсөн хойноо хийж үзсэн маань чухам аавыгаа дагаж наадамд очсон тэр үе маань юм. Хөдөө унаагүй морио, хотод унасан гэхээр одоо бодоход сонин. Аав бид хоёр очсон айлынхаа морьдоос гайгүй номхон, гэхдээ бас ч явдал хөнгөнтэйг нь бариулж, олдсон эмээлээ тохоод урагш хатируулж Богд уул руу гарна. Аавтайгаа морь унаад газрын өндрөөс холын бараа харж элдвийг хүүрнэн явна гэдэг, морь малаас хөндий хол, хот газрын цагаан гартай мань шиг амьтанд соньхон сайхан төдийгүй одоо бодоход юутай ч эгнэшгүй жаргал байж дээ. Аав заримдаа айлын морьд услахаар хэдээр нь холбож аваад хойшоо Туулын тохой руу ганцаараа ергүүлж одно. Хотынхон наадмаар ирсэн таньдаг уяач айлдаа очдог нь хүүхэд шуухдаа морь унуулж сонирхуулах, хөдөө гадаа явж тэр бүр чаддаггүй заримынх нь хорхойг дарах давхар санаатай нь лав тул Лувсандорж гуайХүүхээд, унах морь нь байна, эмээл хүрэлцэхгүй нь хэцүү шүү. Дараа жил ирэхдээ муусайн орос эмээл ч бай олоод үүрээд ирвэл ямар болгэж суудагсан. Орос цэрэг эмээл гэж хөндий төмөр хоолой матаж хийсэн бүүрэгтэй, даргар ширэн дэвс, дөрөө богинотой навтгар эмээл байсныг хэлж буй хэрэг. Тэр нь ч маньд хаанаас олдохов, дараа жил нь аанай л гар хоосон очоод, морь унадаг хүн болж бах таваа эдлэх гэхдээ, ажилтай улсыг унаандаа тохох юмгүй болгож төвөг уддаг л байсан байх.

   Нэг удаа морь ирэхийг хүлээх зуур халуунд нозоороод сүүдэр бараадан майхны хаяанд зүүрмэглэж хэвттэл хүйтэн агаар нүүр өөд гэнэт сэвхийхэд цочин үзвэл, ангийн найз маань морин дээгүүр тэнэж яваад нэг майхны хаяагаар шагайтал би гэдэг хүн тэртээ хойморт нь хөлбөрч буй гэгээн дүр үзэгдэхэд, даруй баясан тэр тушаа нь тойрч очоод майхны хаяаг сүрхийтэл сэвж манийгаа сэрээсэн хэрэг байжээ. Наадмаар морь уяж ирсэн хөдөөний айлд тарвалзаж хэвтээ хүн, наадмын талбай дээр таних хүнгүй дэмий гайхаж яваа муу найзынхаа дэргэд баатар бололгүй яахав. Гэрийн эзэн аятай цай цүй, идээ цагаа болж найзыгаа ёслоод гарч, уяан дээр бэлэн эмээлтэй байсан морийг тайлан, хоёул сундалж унаад явж өгөв өө. Тэгсэн, гурван айлын уяа өнгөрөв үү үгүй юу, өнөө морь маань яасан нь бүү мэд гэнэт бухаад мань хоёрыг шилгээж орхив оо. Тэнгэр нэг, газар нэг харагдаад нэг мэдтэл айлын чанх үүдэнд шороо үмхээд хэвтэж байх нь тэр. Өнөө морь эмээлээ гэдсэндээ хийчихсэн тэртээ хойшоо пижигнэж одох нь нүдний үзүүрт үзэгдээд өнгөрөв. Айлын морь дур мэдэн унаж яваад алдчихсан улс буцаад харьж чаддаггүй хулгаж хулгаж, аргагүй очвол өнөө морь уяан дээрээ ирчихсэн, эмээл нь ашгүй бүрэн бүтэн байж билээ. Хотын хоёр шушмааГандангийн хүр дээгүүргэдэг шиг Яармагийн дэнж дээгүүр галигуулж наадах гээд ингэж хөглөсөн явдал 1986 оныхсон. Гэрт нь очиж хичээлийг нь давтуулаад, ээж Рэнцэнхандаар нь хонины толгой битүү чануулан идэж, “Беломорканалпүүшиг нууж татан, Комбинатын Нэхмэлийн шар байруудаар аквариумын загас эргүүлж, үй зайгүй нөхөрлөж явсан алдрай багын анд Довчинмахвалын Батжаргал минь нэлээд хожим ялихгүй хэрэгт холбогдсон сураг дуулддаг, хаахна явдаг юм бол доо.

   Аав бид хоёр, доторх нь нэлээд хорсон тортой юмнаасаа бариад хавийн уяачдынхаар хэснэ. Жил бүр ёс шиг очдог нэг айл нь Алтанбулагийн Н.Даатамга гэж нэртэй уяачийнх. Дүнхийсэн цагаан гэрээр нь ороод очиход гэрт нь хэзээний хүний хөл цөөтэй байдаг. Өвгөн жигтэйхэн сайхан амттай ээзгийтэй тос тавагтай нь дөхүүлж тавьчихаад гол төлөв дуугүй л сууж байна. Үг яриа цөөтэй, үр хүүхэд ч цөөтэй хүн байсан шиг одоо санагдана. “Хурдан хул азарга нь улсад түрүүлсэн лут уяачгэж аав ярина. Үнэхээр алдарт уяач энэ хүний хул азарга Ардын хувьсгалын 60 жилийн ойгоор улсын наадамд түрүүлсэн байдаг. Рашаант өртөөний хэмээх Д.Түвдэн уяач даруй их нас, соёолон, хязаалан гурван насанд түрүү авч, Монголын их наадмуудын түүхэнд 1865 онд Сэцэн жанжин бэйсийн гурван нас нэг доор түрүүлснээс хойш 100-гаад жилийн дараа тэр их давхилыг давтан магнайлсан 1981 оны наадам юм. Улсын наадамд ойрд ирээгүй Дорноговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Дорноговийн хүлгүүд ирж уралдан морьдын шандас, уяачдын эрдмийг үнэнхүү шалгасан түүхт ойн тэр жил, өнгөлж явсан арваад азарга Айдсын даваа давуутаа буруу замаар орж одсонд, Даатамгын хулыг унасан охин хүүхэд нь замаа сайн мэддэг учраас зөв явсаар барианд орж торгон жолоо өргүүлсэн гэдэг.

   1977 онд соёолондоо улсын наадамд дөрвөлж, мөн үүний өмнө хойно нэг жилийн зайтай хоёр ч удаа зургаад давхисан энэ их хүлэг түрүүлсэн жилээ 24 км замыг 31.1 минут буюу нэг километр замыг 78 секундэд туулсан нэгэн гайхамшиг бий. Н.Даатамга гуай үүнээс өмнө ч, хойно ч улсын наадамд морьдоо дээгүүр давхиулж байсан гэх бөгөөд тухайлбал, алдарт Д.Галын хүрэн морь сүүлчийн удаа уралдсан 1960 оны наадамд хээр морь нь дөрөвт давхисан бол 1970 онд зээрд шүдлэнгээ түрүүлгэж, мөн анх айраг хүртсэнээсээ даруй 31 жилийн дараа буюу 1991 онд хээр соёолонгоо дөрвөөр давхиулж байсан аргагүй луглагар уяач билээ. Арав арван жилийн зайтай дөрвөн адууг улсын их баяр наадамд торгон жолоо өргүүлсэн энэ эрхэм хүн 1991 онд улсын алдарт уяач цол хүртсэн, анхны 13 алдарт уяачийн нэг юм. Д.Галын хүрэн гэснээс Халхын энэ их уяачийн ач хүү бид хоёр хар багаасаа тоглож өссөн хөөрхөөн намтар бий. Д.Гал гуайн хүү, одоогийн Монгол улсын алдарт уяач, ММСУХ-г үүсгэн байгуулагчдын нэг Г.Баттөмөр гуайнх манай хоёр Үйлдвэр комбинатад айл хөрш буюу зэргэлдээ орцонд суудаг байв. Тэр үеийн Ноосны үйлдвэрийн нэгдлийн намын хорооны дарга, Ардын хянан шалгах хорооны дарга Г.Баттөмөр гуайнх хүү, охин хоёртой. Миний муу дүү, охинтой нь, би гэдэг амьтан хүү Болдоотой нь үй зайгүй наадаж өссөнсөн. Охин ньМанай аав бол Цэдэнбалын даргагэж ярьдаг, тэр үеийн Комбинатын хонхортоо намын том дарга байсан Г.Баттөмөр гуай хувьдаа шарМосквич”-той, тэр хавьдаа л чинээлэгдүү хүн байсан. Хүүг нь манай байрны хүүхдүүддуучинБолдоо гэдэг, яагаад тийм хоч авсныг нь ч бүү мэд, томоотой шар хүүхэд байж билээ. Одоо сонсоод байхаддуучиннайз маань өвөө болоод аавынхаа уяачийн эрдмийг өвлөөгүй, харин Г.Баттөмөр гуайн морьдыг уяж Төв аймгийн Баянжаргалангийн цуут уяач Доноодой, Гал, Баттөмөр нарыг дөрөв дэхь үед нь залган нэрээ гаргаж буй аймгийн алдарт уяач М.Мөнхбаясгалан бол Д.Гал гуайн охин Г.Хэнчбишийн хүү юм гэдэг. Багын найз гэдэг санаанаас гардаггүй чдуучиннайзаа одоо хаана явдагийг мэдэхгүй, бодвол эрдэм номын мөр хөөгөө биз ээ.

   Навааны Даатамга гуай уул нь Төв аймгийн Баянцагааны гаралтай хүн юм гэдэг. Алтанбулагийн нэртэй уяач Ц.Доёдын адуунаас угшилтай Ж.Цэндбат гэдэг хүний унаган адууг авч хурдлуулсан нь алдарт хул азарга гэж номд бичжээ. Хул азарганы үр төлөөс олон хурдан адуу гарсан бөгөөд тэдний нэгнийг өгч авалцсан явдлын гэрч болж явсан тухайгаа аав хүүрнэсэнсэн. Одоогоос гучаад жилийн өмнө Н.Даатамга гуай Баян-Өнжүүлийн Нямжав гэж хүнд хурдан азарганыхаа төл хул даагыг өгөхөд аав байлцжээ. Нямжав уяач дааганых нь оронд Н.Даатамга гуайд нэг шил архи, 100 төгрөг өгч байсан гэж аав ярьдаг. Хожим нь энэ даага алдартай хурдан азарга болж 1987 онд Ардын хувьсгалын 66 жилийн ойгоор алдарт Маарын хээр, Гэсэрваанийн хүрнийг ардаа орхин аман хүзүүдэж, 1988 онд М.Данзаннямын цуут ажнай хүрэн гурав дахиа түрүүлдэг жил дөрөвт хурдалсан гэнэм. Энэ хулын үр төлөөс Хэнтийн Галшар луу гарсан гэх бөгөөд Галшарынхан баруун зүгээс бараг анх удаа адуу авсан нь энэ гэж учир мэдэх хүмүүс хэлэлцдэг. Яармагийн дэнжид Нямжав уяачийнхаар аав бид хоёрбууж морддогбайсан авч миний хувьд одоо тодорхой санаж хуучлах зүйл үгүй, харин хожим түүний хүүхдүүд хотод ирэхээрээ манайхаар хонож өнжөөд явдаг байсан гэдгийг мөн л сүүлд ааваас дуулсан маань санаанд бүүр түүр үлджээ.

   Тэр үеийн домогт хурдан хүлэг Баян-Өнжүүлийн Ханддоржийн хонгор халзан морины эзнийхээр бид хоёр орж айраг ууна. Д.Ханддорж гуай гэж жижигхэн улаан өвгөн их төлөв халамцуухан угтах бөгөөд гэрээр нь хүний хөл тасрахгүй. Хүүхдүүд нь гэж ам хэл түргэн, ааш авир омголондуу, олон архайж дархайсан залуу шавиралдаж байдагсан. Ханддоржийн хонгор халзан хэмээх алдар нь цээжинд яруу шүлгийн мөр шиг хоногшсон тэр их ажнайг үүрсэн баясах, үүрэглэн зогсохоос эхлээд баатрын хөшөө шиг бат амгалангийн шинжийг үзүүлэх, үлгэрийн гуурст хүлэг мэт газар цавчлан эрэгцэх хүртэл ид шидийн гоо үзэмжийг цацруулан гайхуулахыг их наадмын уяа дэвжээн дээр нь аавыгаа дагаж олон үзсэн азтай хүн би. Галшарын угшилтай энэ их хүлгийг Д.Ханддорж гуай багад нь төдийлэн уяагүй бөгөөд нэлээд бүдүүрсэн хойно нь тулж уясан ч, бяр хүч ихтэй аварга морь учраас уяа нь дутдаг, эзэн нь хайрлаад гүйцэд уядаггүй байсан гэдэг. Ингэсээр нас бие ч гүйцэж, эзнийх нь уяаны арга барил тогтсон хойно 12, 13, 15 насандаа улсын наадмын дэвжээнд магнайдаа тоосгүй түрүүлсэн домогт хурдан аргамаг билээ. Хурдан хурцаараа төдийгүй гоёмсог сайхнаараа монгол түмэнд шагшигдсан энэ хүлгийн эндэж хальсан түүх Д.Галын хүрэн, Д.Сүрэнхорын хээрийн зэрэг цуут хүлэгсийн нэгэн адил эмгэнэлтэй. Голын мөсөн дээр хальтиргаснаас, аарцаг нь тэлж эндсэн гэх яриа олны ам дамжиж ирсэн хэдий ч хожим Д.Ханддорж гуайн хүү Х.Мижидийн ярьсныг хэвлэлээс үзэхэдТариан талбайд үлдсэн хаягдал идсэн байхгэсэн бий.

   Цуут хурдан хүлэг хальсан домгийг сонсоход хязгааргүй уй төрдгийн адилаар наадам дуусч Яармагийн дэнж эзгүйрэх туйлын уйтайсан. Уяачид адуугаа тууж явуулсны сүүлээр майхан саваа ачаалж хөдлөөд, тэрэг хөсөгнийх нь хойноос хэд хоногийн их наадмын хөлд цуцаж дүйнгэтсэн ноход пөг пөг шогшсоор хөтөл давж одохыг аав бид хоёр автобусны цонхоор харсаар Яармагийн гүүр давж хот руу орно. Миний наадам ингээд дуусч байгаа ч юм биш. Аавтайгаа морь руу явсан анхны зундаа би Жигжидийн зуслан дээрээ хүүхдүүд уралдаж тоглоход бариан дээр нь амдаж зогсоод тэднийг морь болгон цоллож сурсан байв. Ерөөс тэр үеийн зуслангийн багачуудын гол зугааны нэг нь хэдэн байшингаа тойрч, сүлжиж уралдах байсан бөгөөд тийн тоосоо өргөх болгонд нь биАрдын хувьсгалын жаран хэдэн жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдааны их насны морьдын түрүүч Алдар толгой өнгөрч Айдсын даваа өгсөн...” гэхчлэн уянгалуулан дуудахад өнөө хэд маань дор бүрнээ л нэг болХанддоржийн хонгор халзан”, үгүй болМаарын хээр”, эсвэлДашийн хүрэн” “болчихсанаатай шүд зуун сунадаг байж билээ. Сүүлд зуслангийн ах нар миний энэсод авьяас”-ыг мэдчихээд юм л бол хүүхэд уралдуулах, тэрморьдооманиар тайлбарлуулах гэж зовоодог болсонсон. Морин дээр наадаж ирээд хэд хоног адуунаас өөр юм зүүдлэхээ байчихдаг болсноо тодхон санана. Унаж, уяж, уургалж, усалж есөн шидээр нь зүүдэлнэ. Ижий минь ямар сайндаа нэг удааЭнэ хүүхэд өвчин тусч байгаа юм биш байгаагэж айсан мэт хэлж байж билээ. Эдүгээ Энэтхэгт номын мөр хөөж одсон Батжаргалын Одгэрэл анд маань нэгэнтээСайхан охидыг харах сайхан өвчтэй бигэж бичсэн шиг, үнэхээр л нэг сайхан өвчтэй болж билээ би тэгэхэд.

2011 он.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.