images

Засаг дарга Ц.Чогсомжав: Хэнтий аймгийн хүн ам залуужиж байна

Д.Бизьяа

Хөдөөгийн баясгалан

2023-07-05


    100 жилийн түүхт ойгоо угтаж буй Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавыг ойн хүрээнд "Чингис хаан" музейд зохион байгуулсан “Хан Хэнтий уулын аймгийн түүх, соёл, хөгжил: Эрт, эдүгээ” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд оролцохоор ирээд байхад нь уулзаж цөөн асуултад хариулт авлаа. 

- Хэнтий бол Монголын аймгууд дундаа харьцангуй цөөн хүн амтайд ордог. Сүүлийн үед танай аймгийн хүн ам хэр өсөж байна вэ?    

- Хэнтий аймгийн хүн ам сүүлийн үед нэлээд өссөн. Өнөөдрийн байдлаар нийт 97,3 мянган хүн амтай болжээ. Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалтад 700 гаруй хүүхэд оролцсон байна. Мөн энэ жил нэгдүгээр ангид 1600 гаруй хүүхэд элсэн орно. Эдгээр тоон үзүүлэлтээс харахад манай аймгийн хүн ам залуужиж буй нь харагддаг. Энэ бол сайхан мэдээ юм. Тийм ч учраас бид сүүлийн дөрөв таван жилд боловсролын салбарт нэлээд хөрөнгө оруулалт хийж байна. Сүүлийн таван жилд ерөнхий боловсролын таван сургууль шинээр барилаа. Энэ жил мөн таван цэцэрлэг шинээр хүлээж авна. Ингээд ирэхээр манай аймагт сургууль, цэцэрлэгийн хүртээмж 100 хувь болж байгаа юм. Ердөө саяхан, гурав дөрөвхөн жилийн өмнө бид хүүхдээ цэцэрлэгт өгөх гэж нэлээд юм болдог байлаа. Одоо бол энэ асуудал үндсэндээ шийдэгдсэн.

- Боловсролын салбарын хөрөнгө оруулалт нэмэгдсэн нь сайн хэрэг. Харин бусад салбарт энэ үзүүлэлт ямар түвшинд байна?

- Бид дэд бүтцийн салбарт онцгой анхааран ажиллаж байна. Монгол улсын Засгийн газраас түүхэн аялал жуулчлал хөгжүүлэх бодлогын хүрээнд томоохон цогцолборууд барьж байгуулж байгааг бид мэднэ. Манай хувьд 18 сумынхаа төвлөрсөн дулаан хангамжийн асуудлыг үндсэндээ бүрэн шийдвэрлэсэн. Хуучин бол байгууллага болгон дэргэдээ нэг уурын зуухтай байлаа. Хувийн хэвшилтэйгээ хамтран ажилласнаар одоо манай бүх сум дэргэдээ төвлөрсөн уурын зуухтай болсон. Үүний зэрэгцээ гурван сум цэвэрлэх байгууламжтай боллоо. Энэ жилдээ багтаад зургаан сум цэвэрлэх байгууламжтай болох юм. Мөн 18 сум, 4 тосгоноо шилэн кабельд холболоо. Хэнтий аймагт хийгдэж буй хөрөнгө оруулалтын дийлэнх нь дэд бүтцийн салбарт орж байгаа. Дулааны цахилгаан станцын ажил эхэлсэн, 2024 он гэхэд ашиглалтад хүлээж авна. Аймгийн төв буюу Хэрлэн сумын дулааны сүлжээний бүх коллекторуудыг шинэчилж байна. Авто замын төслүүд эрчимтэй хэрэгжиж байна. Өндөрхаан-Бэрхийн болон Бор-Өндөр-Даланжаргалангийн авто замууд ашиглалтад орсон. Өндөрхаан-Бэрх-Батноров-Норовлин болон хилийн Ульхан боомт руу тавьж буй 200 гаруй км авто замын ажил ид өрнөж байна. Ирэх жил Өндөрхаан-Бор-Өндөрийн 180 км зам ашиглалтад орно.  

- Уул уурхайн хувьд?

- Аймагт одоогоор Бэрхийн жоншны үйлдвэр, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр ажиллаж байна. Манай аймагт 2016 онд уул уурхайн 331 лиценз олгогдсон байсан. Үүнийг бид 205 болгож буурууллаа. Уул уурхайн лиценз замбараагүй олгохгүй гэдэг бодлого барьж байна. Манай аймаг түүхэн аялал жуулчлалын нутаг учир уул уурхайн лиценз олголтод маш болгоомжтой хандах ёстой юм.

- Энэ жил танай аймгийн 100 жилийн ой тохиож байгаа. Ойн бэлтгэл ажил бүрэн хангагдсан уу?  

- Бид түүхт ойн наадмаа долоодугаар сарын 26, 27, 28-ны өдрүүдэд хийхээр төлөвлөж байна. 1988 онд баригдсан цэнгэлдэх хүрээлэнгээ энэ наадмыг угтан шинэчилж байна. Цэнгэлдэх хүрээлэн дагасан амралт, зугаалгын цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Зөвхөн наадмын үеэр ажиллаад бусад цагт нь хаалттай байдаг биш жилийн дөрвөн улиралд ажилладаг, хүүхэд залуусын амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөхөд зориулсан байнгын ажиллагаатай болгохоор төлөвлөн шинэчилж байгаа юм. Мөн “Хан Хэнтий” чуулгын шинэ байрыг ашиглалтад оруулж байна. Энэ жил улс даяар Архангай, Төв, Завхан, Хэнтий дөрвөн аймгийн ой зэрэг тохиож байгаа тул бөхчүүд болон хурдан хүлгүүд энэ дөрвөн наадамд хуваагдан хурд хүчээ сорих байх. Хэнтий аймаг үүсч байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд бид "Чингис хаан" музейд “Хан Хэнтий уулын аймгийн түүх, соёл, хөгжил: Эрт, эдүгээ” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа. Энэ удаагийн хурлыг тус аймгийн Засаг даргын тамгын газар, Хэнтий аймгийн нутгийн зөвлөл санаачлан Соёлын яамны харьяа Чингис хааны өв, соёлын хүрээлэн, “Чингис хаан” үндэсний музей болон ШУА-ийн Археологийн хүрээлэнтэй хамтран хийсэн юм. Хан Хэнтий уулын аймгийн түүх, соёл, тус аймгийг бүрдүүлэгч хошуудын түүхэн газар нутаг, шашин, сүм хийд, зан заншил, ноёдын угсаа гарвал зэрэг соёл, түүхийн олон салбарын эрдэмтэн мэргэд оролцож илтгэл тавьж хэлэлцүүллээ.

- Ерөнхийлөгч болон ерөнхий сайдын төрсөн нутагт төсөв их хуваарилагддаг гэсэн яриа нийтлэг байдаг. Энэ үнэхээр тийм үү?

- Тийм яриа байдаг. Үнэндээ бол бусад аймгуудаас ялгарах зүйлгүй адилхан. Гэхдээ бас учиртай. Зөвхөн төрийн тэргүүний нутаг биш эзэн хааны өлгий нутаг, монгол үндэстний онцгой түүхэн газар орон шүү дээ. Тийм болохоор түүхэн аялал жуулчлал хөгжүүлэх тал дээр төрөөс онцгой анхаарч байгаа. Үүнийг дагаад авто зам, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалтууд хийгдэж байна. Түүхэн аялал жуулчлалын бүс нутаг учраас гадаад болон дотоодын аялагчид жил ирэх бүр нэмэгдэж байгаа. Үүнтэй уялдан дэд бүтэц, авто зам, үйлчилгээний салбарыг эрчимтэй хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа тул энэ тал дээр онцгой анхаарч ажиллаж байна.

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.