images

25 жилийн өмнө: Бригадын генерал Г.Болорын оюутан байхдаа өгсөн ярилцлага

Duuren.Life

Чихэнд чимэгтэй

2023-06-30


     Монголын анхны эмэгтэй генерал, Зэвсэгт хүчний жанжин штабын Сургалт, бэлтгэлийн газрын дарга, бригадын генерал Г.Болор хэвлэлд анх удаа ярилцлага өгсөн нь одоогоос 25 жилийн өмнө ажээ. 1998 онд тэрбээр тухайн үеийн Цэргийн их сургуулийн холбооны инженерийн ангид суралцаж байсан бөгөөд энэ ангид ганцхан эмэгтэй оюутан нь байсан явдал сурвалжлагчийн анхаарлыг татсанаар энэ ярилцлага хэвлэлд гарчээ. Монголын орчин үеийн цэргийн гарамгай зүтгэлтэн Г.Болорын өнгөрсөн хугацаанд туулсан замналыг энд тоочих илүүц болов уу. Өнгөрөгч гуравдугаар сард тэрбээр АНУ-ын Төрийн департаментаас жил бүр олгодог “Олон улсын эмэгтэйчүүдийн эр зоригийн шагнал” буюу "International Women of Courage Award" шагналыг хүртэж, дэлхийн 11 орны эмэгтэйчүүдтэй хамт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкенээс Цагаан ордонд гардаж авсан билээ. Ярилцлагыг Монголын цэргийн шилдэг сэтгүүлч Гомбын Баатарнум “Улаанбаатар” сонинд ажиллаж байхдаа авчээ. Сонирхолтой нь тэрбээр өнгөрөгч 23-ны өдөр болсон Г.Болорын бригадын генерал цолны цайллагад уригдан оролцохдоо 25 жилийн өмнөх ярилцлагын хайчилбарыг дурсгал болгон гардуулснаа манай сайтад хүүрнэлээ. Ингээд уг ярилцлагыг “Улаанбаатар” сонинд нийтлэгдсэн эхээр нь хүргэж байна.     

Г.Болор оюутан байхдаа

Цэргийн холбооны инженерийн мэргэжил эзэмших анхны эмэгтэй

     Эмэгтэй хүн цэргийн сургуульд суралцана гэдэг нь үлгэр домог шиг санагддаг байлаа. Тэгвэл өнөөдөр энэхүү сонин төсөөлөл нэгэнт биеллээ олж цэргийн дүрэмт хувцас өмссөн цэмцгэр охид хотын гудамжаар явж байх нь цаанаа л нэг жавхаалаг. Сүхбаатарын ба Байлдааны гавьяаны Улаан тугийн одонт, Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Цэргийн их сургууль, тус сургуулийн дэргэдэх Хилийн цэргийн дээд сургуульд охидууд суралцах болсноор багагүй хугацаа өнгөрчээ. Хэдийгээр цэргийн дээд мэргэжил эзэмшиж төгсөх охидуудын маань хугацаа хараахан болоогүй ч ирэх онд Монгол улсын армийн түүхэнд цэргийн холбооны инженерийн дээд мэргэжил эзэмшиж байгаа ганц эмэгтэй оюутан байдгийг сонсоод сэтгүүлч хүний сониуч зандаа хөтлөгдлөө. Цэргийн дүрэмт хувцас нь донжтой нь аргагүй зохисон тэр дэслэгчийг Ганболдын Болор гэдэг аж. Тэрбээр ямар учраас ЦИС-д суралцах болсон, цаашдын ирээдүйнхээ талаар болон цэргийн сургуульд суралцах хүсэлтэй охидууд сэтгэлийн хөөрлөөр бус, сэтгэл зүйн өндөр бэлтгэлтэй байх зэрэг асуудлаар илэн далангүй хөөрөлдсөнийг уншигчдадаа хүргэж байна.

- Та хэдэн онд аль арван жилийг дүүргэсэн бэ. Танай ар гэрийнхэнд тань цэргийн хүмүүс байдаг уу. Ер нь яаж яваад цэргийн сургуульд орсон тухайгаа хуучлахгүй юу?

- Би 1994 онд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 жилийн 33 дугаар сургуулийг дүүргэсэн. Манай ар гэрийнхэнд цэргийн хүн байхгүй. Аав маань жолооч, ээж багшийн  ажилтай, би дороо 3 дүүтэй. Айлын том нь. Миний хувьд япон хэлийг сонирхдог байсан. Тийм учраас нэгэн дээд сургуулийн япон хэлний ангид элсэлтийн шалгалт өгч тэнцчихээд байсан. Гэтэл наадмын дараахан Цэргийн сургуульд охидууд элсүүлнэ гэсэн зар түгж, намайг тэр сургуульд ор гэж ээж ятгаж эхэлдэг юм байна. Тэр талаар ямар ч төсөөлөлгүй байсан надад үнэндээ сонин санагдсан. Аав маань цэргийн хүн сайхан шүү дээ гэж байсан ч яг таг зөвшөөрөөгүй. Харин маргааш нь улсын сургууль найдвартай, ямар ч байсан элсэлтийн шалгалтад ороод үзвэл яасан юм гэснээр ер нь тэгдэг ч юм билүү гэсэн бодол төрсөн. Ээж ч тэр дор нь харайж очоод л бүртгүүлчихсэн. Зуу гаруй охид бүртгүүлж шалгалтанд орсноос 20 нь тэнцсэн. Манай мэргэжлийн ангид таван охин авах байснаас би яг тавд нь орж тэнцсэн юм. Ингэж л цэргийн сургуулийн оюутан болсон түүхтэй. Япон хэлний сургуулиа тэгээд л тас орхисон.

- Элсэлтийн шалгалт өгч байхдаа ямар бодолтой байв?

- Шалгалт өгөхөөр сургуулийн хашаа руу ортол гэнэт буутай цэргүүдийн “Зогс” гэсэн командаар аягүй их цочирдож, ямар аймаар газар вэ гэж санагдсан. Тэгээд ч тэр үү тэнцсэн ч яахав, байсан ч яахав гэсэн бодолтой байсан даа. Харин шалгалт өгч байсан охидууд цэргийн хувцас гоё, энээ тэрээ гэж яриад байхаар нь тэнцэхгүй бол яана аа гэсэн сэтгэл төрж байсан шүү.

- Ямар ч л байсан элсэлтийн шалгалтдаа тэнцчихсэн. Дараачийн даваа болох шинэ дайчдын сургалтын бэлтгэл тийм ч амар биш. Эмэгтэй хүн гэж эрчүүдээс ялгагдах хөнгөлөлт байх уу?

- Бид наймдугаар сарын нэгний өдөр сургуулийнхаа хотхонд хуучнаар карантин буюу цэргийн анхан шатны бэлтгэл сургалтад гарсан. Эхлээд бэлтгэлийн хувцастай байснаа дунд хэрээс нь дүрэмт хувцсаар хангасан. Цэргийн хувцас эмэгтэй хүнд сайхан зохидог болохоор бидний хэдэн охид ёстой л сарнай цэцэг шиг болоод явчихсан. “Эмэгтэйчүүдийн батальоны захирагч” гэж Оросын кино байдаг даа. Түүн шиг анхны эмэгтэйчүүдийг цэргийн эрдэмд сургах хүндтэй бөгөөд бас хариуцлагатай үүргийг дэд хурандаа Д.Пүрэвдорж, Б.Жуваа, ахмад В.Даваадорж нарын туршлагатай дарга нар нуруундаа үүрсэн. Эдгээр дарга нарын уйгагүй зааж сургаснаар бид цэргийн хэргийн анхны мэдэгдэхүүнд амжилттай суралцсан. Харин ямар нэгэн хөнгөлөлт гэж байхгүй. Усан бороо, цасан шуурга, шатаам халуун алинд нь ч эрчүүдийн нэгэн адил л үүрэг хүлээнэ. Тэгээд ч цэргийн  дүрэм бол дүрэм л байх ёстой шүү дээ.

- Цэргийн дүрэм, дэглэм эмэгтэй хүнд тийм ч амар биш болох нь ойлгомжтой. Шантарч няцах үе гарч байв уу?

- Мэдээж байлгүй яахав. Өглөө сайхан унтаж байхад “Сэрээд” команд ёстой яс янгинам сонсогдоно гээч. За тэгээд оройн тоо байна. Гадаа идэр есийн хүйтэн тачигнаж байсан ч жагсаалын дуугаа дуулаад л алхаж өгнө. Хэрвээ би энгийн хүн байсан бол өдийд сайхан амарч байгаа даа гэж бодогдох үе зөндөө, зөндөө. Харин тэр бүхнийг тэвчээр зааж туулсандаа өнөө хэр бахархдаг.

- Бас өлсөж цангах ...?

- Оройдоо л нэлээд өлсдөг байсан. Гэхдээ манай гэр ойрхон байсан болохоор хааяа “гялалздаг” байснаа нуугаад яахав.

- Ангийнхан тань эргэж ирдэг байсан биз. Тэд юу гэдэг байв?

- Чамд цэргийн хувцас сайхан зохисон байна гэхээр нь аягүй их баярлана. Бас заримдаа нар салхинд борлоод хав хар царайтай болдог болохоор битүүхэндээ ичдэг байсан.

- Та нар тавуулаа орсон гэсэн. Яагаад ганцаараа үлдчихэв ээ?

- Манай курс 5 охин, 18 хөвгүүнтэй байсан. Тэд маань шаталсан сургалтаар цэргийн анги, салбарт хуваарилагдсаар, одоо хоёр хөвгүүн үлдсэн. Дэслэгч Р.Энхнасан, Д.Пүрэвсайхан бид гурав нийлээд нэг курс болж байгаа юм.  Бид таван жил сурсан анхны төгсөгчид болно.

- Багш орж ирээд гуравхан хүнд хичээл заах ямар санагддаг вэ?

- Мэргэжлийн хичээл голдуухан бид гуравт орно. Ерөнхий эрдмийн болон төрөл мэргэжлийн бусад хичээлүүдэд “поток”-оор ордог.

- Амьдралдаа тохиолдсон хамгийн баярт мөчөө дурсвал ...?

- Цэргийн тангараг өргөж байхад л нэг их том гавьяа байгуулчихсан юм шиг санагдаад маш сайхан байсан. Ер нь түүнээс хойш л цэргийн хүн больё гэж эргэлт буцалтгүй шийдсэн.

- Эмэгтэй хүн олон эрчүүдийн дунд байхад ааш зангийн хувьд өөрчлөгддөг тал ажиглагддаг?

- Их л эршүүд төрхтэй болдог нь мэдрэгддэг.

- Эмэгтэй хүн гоо сайхан байх нь будаг шунхаа зөв тохируулахтай холбоотой байдаг. Та нарын хувьд тийм боломж бий юу?

- Бид гоо сайхныг нэг их тоохгүй дээ. Хамгийн гол нь дүрэмт хувцсаа л цэвэр, үзэмжтэй өмсөж байвал бидний гоо сайхан тэр.   

- Цэргийн даргыг тархиндаа тактиктай, ташаандаа нагаантай гэж ярьдаг. Үнэндээ газрын зураг дээр ажиллах нь цэргийн хүний нэг гол бахархал байдаг?

- Тэр үнэн. Батальоны хэмжээний холбоо зохион байгуулалтыг бараг хийгээд дуусч байна. Бас шрифтээр бичиж сурсан.

- Сүүлийн үед цэргийн сургуульд суралцах хүсэлтэй охидууд их болжээ. Та юу гэж зөвлөхсөн бол?

- Манай сургуульд сурах нь үнэхээр бахархал. Хамгийн гол нь тэвчээртэй, хүний үгийг сонсож сурах хэрэгтэй. Их л дуулгавартай болдог юм даа.

- Цэргийн сургуульд суралцах нь эмэгтэй хүний хувьд бахархал, таны хувьд чухам юугаар бахархах вэ?

- Монголын Зэвсэгт хүчний түүхэнд цэргийн дээд мэргэжилтэй анхны эмэгтэй гэж бичигдэх нь миний хувьд бахархаад ч баршгүй  аз завшаан юм.

- Та ямар дуунд илүү дуртай вэ?

- Жагсаалын дуунууддаа л илүү дуртай.

- Өөрийн тань хамгийн их хүндэтгэж явдаг хүн?

- Намайг дунд сургуулийн сурагч байхад “Ялалт” кино театрт нэгэн киноны нээлт болж, би Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд эгчид цэцэг барьсан юм. Тэр үеэс л Н.Сувд эгчийг хамгийн сайхан хүн гэж ойлгож бишрэн хүндэтгэж явдаг.

- Сүүлчийн хариултыг танд нээлттэй үлдээе.

-Цэргийн хүн болоход чин сэтгэлээсээ тусалсан эрдэмтэн багш нартаа баярлаж явдгаа л хэлмээр байна.

- Танд гялайлаа. Сургуулиа амжилттай дүүргээрэй.

 

Гэрэл зургийг “Voice of America” радио станц.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.