images

Г.Мэнд-Ооёо нарын орчуулсан гурван швед шүлэг

Д.Бизьяа

Чихэнд чимэгтэй

2023-06-22


     Монголын Соёл, яруу найргийн академи “Улаанбаатар” олон улсын яруу найргийн форум болон Швед-Монголын яруу найргийн орчуулгын хөтөлбөрийг өнгөрсөн тавдугаар сард зохион байгуулсан билээ. Яруу найргийн орчуулгын хөтөлбөрт Швед улсаас гурван яруу найрагч, Монголоос Г.Мэнд-Ооёо, М.Уянсүх, Б.Баясгалан нарын өөр өөр үеийн гурван яруу найрагч оролцсон юм. Яруу найргийн уншлага болон орчуулгын семинаруудыг МУИС-ийн номын сан, Гандантэгчэнлин хийдийн номын сан, Үндэсний номын сан зэрэг Монголын түүх, соёлын голомт болсон газруудад зохион байгуулсан нь гадаадын яруу найрагчдад Монголынхоо соёлын олон талт байдлыг танилцуулахад илүү дөхөмтэй байсан тухай зохион байгуулагчид ярьж байна. Яруу найргийн орчуулгын энэ хөтөлбөр дараа жил Швед улсад болох бөгөөд монгол яруу найрагчид Шведэд очиж шүлгээ унших бол Шведийн тал Монголын найрагчдын шүлгийг орчуулж гаргана. Мөн манай яруу найрагчдын бүтээлүүд Шведийн уран зохиолын сэтгүүлийн ирэх оны эхний дугаарт хэвлэгдэхээр болсон тухай мэдээ саяхан иржээ. Уг мэдээгээр бол ирэх жилийн арга хэмжээний үеэр монгол уран бичлэгийн үзэсгэлэн гаргах аж. Яруу найргийн орчуулгын хөтөлбөрийг Соёл, яруу найргийн академи цаашид уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөөд байгаа ажээ. Ингээд Монголд ирсэн Шведийн яруу найрагчдын бүтээлээс дээр дурдсан гурван үеийн монгол найрагчдын орчуулгаар танилцуулж байна.

Магнус Уильям-Олссон

Цаг үеийнхээ хамгийн чухал яруу найрагчдын нэг гэгддэг. 1987 оноос хойш яруу найраг, өгүүллэгийн хорь шахам ном хэвлүүлж, уран бүтээл нь хорь орчим хэлнээ орчуулагджээ. Өдгөө Шведийн утга зохиолын сэтгүүлийн редактораар ажилладаг бөгөөд Грекийн эрт, эдүгээ үеийн найрагчид болох Сафо, К.Кавафи, Аргентины А.Писарник, Данийн П.Тафдруп нарын бүтээлээс эх хэлнээ орчуулжээ.

Би шувуу харваагүй ээ.

Тэгэхдээ л гар салганаж, өвдөг чичирч байсан.

Тэнгэр цэлмэг байсан.

Тэр шувуу тод харагдаж байсан.

Тэгэхдээ бүр нүд нь гэрэлтэж байсан.

Тэр л бага нас тэртээд үлдсэн. Тэр л...

 

Эрх танхи л байж дээ.

Эр хүний уруулыг үнсэхэд ямар байдаг бол гэж, бас шилбийг нь илэхэд яадаг бол гэж төсөөлдөг л байж дээ.

 

Гэхдээ, миний нар намайг харж байснаас биш, бусдын нар намайг хараагүй.

Гэрэл зургийн дуранд ч өртөөгүй.

Тэр ч бүү хэл ээжийн минь зүүд зөнд ч ороогүй.

 

Бага л байж дээ.

Найзын авч явдаг чинжаалыг хоёр иртэй хор гэж жийрхдэг байж.

Миний хэл бол миний л хэл.

Миний секс бол миний л секс. Миний гар бол миний л гар.

Миний бодол бол миний л бодол.

Миний нар бусдад харагдахгүй, миний бурхан ч бас танихгүй.

 

Ганц хувь.

Би л байсан.

Орчуулсан Г.Мэнд-Ооёо

Женни Тунедал

Яруу найрагч, орчуулагч, хэвлэн нийтлэгч. Шведийн яруу найргийн Lyrikvännen сэтгүүлийн эрхлэгч, профессор. Америкийн Сильвиа Плат, Эмили Дикинсон, Этель Аднан, Клаудиа Рэнкин нарын бүтээлээс эх хэлнээ орчуулж нийтлүүлсэн.

Зүүдэнд минь хуучин бүхэн аанай л янзаараа

Галт тэрэг тогтсон цагтаа явдаг шиг

Орчлон дүүрэн гэрлүүд дотор

Хэн нэгний үхэл хаа сайгүй байдаг                     

Харин би галт тэнгисийг гатлаад, орон гэртээ байнам

Гэвч надад хамаг бүхэн үнс нурам болсон мэт үхмэл санагднам

 

Шөнөжин нойргүй тарчилж, дотроо хашгирсаар үүрээр дугхийхэд

Зүүдэнд минь хуучин бүхэн аанай л янзаараа:

Найзууд минь намайг инээмсэглэн хүлээж байна

Надад солиортлоо дурласан чи далайн хөвөөгөөр хэсүүчилж байна

Нохойтойгоо тоглоод ээж, аав хоёр минь юу ч болоогүй мэт ажиггүй

 

Хуучин бүхнээ янзаар нь хараад би амьд байгаадаа эргэлзэж байна

Өхөөрдөм хүүхэд шиг, үнэнч хоточ нохой шиг гэм зэмгүйдээ эргэлзэж байна

Хоёулаа л тэд чинь ариун, бас торгомсог арьстай, зөөлөн хацартай шүү дээ

 

Нохойн хоншоорт цагариг үүсэх мэт,

Үүссэн цагариг нь сэм замхрах мэт

Зүүд минь цааш хөвөрсөөр л       

Гэм хоргүй худал үг, нимгэн ногоон навч, нярай хүүхэд шиг бүхэн

Эргийн хөөсөн хөвөөн дээр дун, хясаа болж хаягдах шиг

Далайн ёроол сувдаар дүүрч, тэр сувд нь давлагаа болох шиг

Эрэг дээрх цав цагаахан дуганыг, талийгч шиг гэм зэмгүй нэгнийг санан үгүйлэх шиг   

Зүүд гэдэг нь ой дурсал юм болов уу, эсвэл ой дурсал нь зүүд юм болов уу?

Дандаа л бид нигүүлсэгч зөөлөн оршихуй буй мэт дүрийг эсгэнэм

Орчуулсан М.Уянсүх

Мерима Диздаревич  

Яруу найрагч, зохиолч. Бас хөгжимчин, жүжигчин бөгөөд урлагийн олон төрлийн нийлэмжээр уран бүтээл туурвидаг. Урлаг болон урлаг судлалаар багшилдаг. Түүний шүлгүүд олон улсын антологиудад хэвлэгдэж, хэд хэдэн хэлнээ орчуулагдсан байна.

***

Амин чухлаа эхлээд цуглуулъя

Лаванда, шар дэр, ганга, розмарин

immortelle, immortelle, карри хэмээх мөнх наст ургамал

Дэлхийн хамгийн үнэтэй амин тосыг Балканд боловсруулдаг

Висээс түүсэн зэрлэг затаар тэндэхийн зуун насттай зэрэгцэн ургана.

Навчнаас нь тасдаж авчирсан суулгац

Манай цонхны тавцан дээр ургаж л байна.

Германаар дамжуулаад Аз-Завияагаас арван таван литр оливийн тос авчрууллаа.

Ээж бид хоёр энэ хавиасаа бяцхан хумс түүнэ.

Эрж эрж олсон ургамлаа би усанд дүрээд

Тавцан дээр тавина.

Алив аа,

Алтан нар минь илчээ хайрла, ум тат сат

Урмыг минь бүү хугал

Abbracciami forte.

Газар дундын тэнгис хавийн гаралтай цэвэр тос гаргаж аваад

Наранд биеэ шарахдаа түрхэх гэсэн юм, би.

Эрэг нэг бүр нь,

Өвс нэг бүр нь

Арал нэг бүр нь

Энэ биед минь тэгж шингэг...

Ćao.

Орчуулсан Б.Баясгалан

Гэрэл зургийг Монголын Соёл, яруу найргийн академиас.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.