images

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Хонконгийн хамгийн том англи сонинд ярилцлага өгчээ

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2023-06-22


     Хонконгод англи хэлээр гардаг хамгийн том сонин “South China Morning Post” Монгол улсын Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндоржийн өгсөн ярилцлагаар тусгай сурвалжлага бэлтгэн нийтэлсэн байна. Ярилцлагыг тус сонины сэтгүүлч Ральф Жэннингс авчээ. Эдийн засагт нь уул уурхайн салбар давамгайлдаг байдлыг өөрчлөхөөр зорьж буй Монгол улс хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбартаа гадаадын хөрөнгө оруулалтыг шаргуу татахаар чармайж байгааг уг сурвалжлагад онцолсон байна. Ялангуяа хөдөө аж ахуйн салбарт буй өргөн боломжийг ашиглах үүд хаалгыг гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө Монгол улс нээж буй бөгөөд тэр дундаа мах боловсруулах, сүүний аж ахуй, ноос, ноолуурын салбарт хөрөнгө оруулалт татахыг онцгойлон анхаарч байгаа талаар сайд Г.Түвдэндоржийн ярьсныг тус сонин эш татжээ. Мөн казиног оролцуулаад аялал жуулчлалын салбартаа Монгол улс гадаадынхны өмнө илүү нээлттэй бодлого баримтална хэмээн сайд ярилцлагадаа онцолсон байна. Монгол улсын гадаад худалдааны 80 хувийг Хятадтай хийх худалдаа бүрдүүлдэг. Гадаад улсуудын, тэр дундаа Хятадын хөрөнгө оруулалт дээрх салбаруудад улам нэмэгдэнэ хэмээн найдаж байгаагаа Г.Түвдэндорж мөн хэлжээ.   

     Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн оны 11 дүгээр сард БНХАУ-д айлчилсан бөгөөд сайд Г.Түвдэндоржийн ийн хэлсэн нь уг айлчлалын үр дүнтэй холбоотой хэмээн тус сонин үзсэн байна. Тэрхүү айлчлалын үеэр талууд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ эрин үед урагшлуулан хөгжүүлэхээ нотолж, энэ тухай хамтарсан мэдэгдэл гаргасныг сэтгүүлч онцлон дурджээ.

     Дэлхийн банкны тайланд дурдсанаар, хөдөө аж ахуйн салбар Монгол улсын 15.3 тэрбум ам.долларын эдийн засгийн 13.2 хувийг эзэлдэг. Монгол улс нийтдээ 70 орчим сая малтай бөгөөд энэ нь эдийн засгаа төрөлжүүлэх томоохон боломжийг тус улсад олгож байна хэмээн Дэлхийн банк үзэж байгаа юм. Мөн тус банкны хамгийн сүүлийн үеийн тоо баримтаас харахад 2020 оны байдлаар Монгол улсын нийт тариалангийн талбай 1.34 сая га байна. Энэ талаар Г.Түвдэндорж хэлэхдээ “Монгол улсад одоогоор 260 мянган га талбайд тариалан эрхэлж байгаа бөгөөд гадаадын компаниудын хувьд манай хөдөө аж ахуйн салбарт ашигтай бизнес эрхлэх асар их боломж байна” гэжээ. Тэгвэл аялал жуулчлал нь Монгол улсын эдийн засгийн 11 орчим хувийг бүрдүүлдэг бөгөөд Азийн хөгжлийн банкны тооцоолсноор 2028 он гэхэд тус салбарын эргэлт 2.1 тэрбум ам.долларт хүрч, 149 мянган ажлын байр бий болгох боломж бий гэнэ. 2017 онд Монгол улсад 471239 гадаадын жуулчин ирсэн бол 2028 он гэхэд энэ тоо нэг саяд хүрэх бололцоотой аж.

     Хятадын Худалдааны яамны тоо баримтыг үзэхэд 2020 оны эцэст тус улсаас Монгол улсад оруулсан нийт хөрөнгө оруулалт 5.16 тэрбум ам.долларт хүрч, 2020 онд дангаараа 70 сая ам.доллар болсон байна. Энэ нь ихэвчлэн уул уурхай, эрчим хүч, барилга, санхүү, мал аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах салбарт хийгджээ.  

     Гадаадын хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх үүднээс Монгол улсын парламент ил тод байдлыг сайжруулахыг зорьж, үүний тулд сонгуулийн тогтолцоогоо өөрчлөхөөр Үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулаад байна. Энэ талаар Г.Түвдэндорж ярихдаа “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь Монгол улсад эдийн засгийн хувьд ашигтай томоохон төслүүдийг УИХ-аар баталж, гаднын болон дотоодын хөрөнгө оруулалтад нийтлэг эрх зүйн баталгаа олгох зорилготой” гэжээ.

     Бээжинд төвтэй “Economist Intelligence Unit” судалгааны хүрээлэнгийн эдийн засагч Шью Тяньчэн хоёр улсын худалдааны хэтийн төлвийн талаар хэлэхдээ “Хятадын эдийн засгийн өсөлт нь импортын махны эрэлтийг бий болгож, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний бизнес эрхлэгчдэд шинэ боломж олгож байна” хэмээснийг сэтгүүлч Р.Жэннингс эш татсан байна. Шью Тяньчэн цааш нь ярихдаа “Монгол улс мал аж ахуйгаа сайжруулж, энэ салбараа илүү эскспортод чиглэсэн чиг баримжаатай болгохын тулд гадаадын хөрөнгө оруулалтыг түлхүү татах шаардлагатай. Ингэж чадсанаар Хятадын зах зээлийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах бүрэн бололцоотой юм” гэжээ. Мөн бэлчээрийн доройтлыг бууруулахын тулд олон улсын бэлэн туршлага, технологийг нэвтрүүлэх хэрэгтэй хэмээн тэрбээр үзэж байгаа аж. Цаашилбал “Монгол улс салхи, нарны зэрэг сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй, харин Хятадын компаниуд технологийн давуу талтай" хэмээн Шью Тяньчэн хэлсэн байна.

     АНУ-Хятадын худалдааны харилцаа хурцадмал болоод буй өнөөгийн нөхцөлд Бээжин Төв Азитай харилцах харилцаандаа ихээхэн анхаарал хандуулж байна. Хятадын удирдагч Ши Жиньпин өнгөрөгч тавдугаар сарын сүүлээр Шэньси мужийн Шиань хотод Казахстан, Киргизстан, Тажикстан, Туркменистан, Узбекистаны удирдлагатай хоёр өдрийн дээд хэмжээний уулзалт хийсэн юм.

     Р.Жэннингс энэ сурвалжлагыг бэлтгэх явцдаа Шэньжэн хотод төвтэй “Dezan Shira & Associates” санхүүгийн зөвлөх үйлчилгээний фирмийн олон улсын бизнесийн зөвлөх Гильермэ Кампостой ярилцжээ. “Монгол улсын хувьд Хятадын “Бүс ба Зам” санаачилга чухал ач холбогдолтой” хэмээн Г.Кампос тэмдэглээд “Энэхүү санаачилгыг эхэлснээс хойш Хятад улс Монголд үзүүлэх тусламжаа эрс нэмэгдүүлж, тус улсын нийгэм, эдийн засгийн өсөлтөд үр нөлөө бүхий хэд хэдэн чухал төслийг хэрэгжүүлсэн” гэж хэлснийг “South China Morning Post” сонин сурвалжлагадаа эш татсан байна.

     “South China Morning Post” нь 1903 оноос хойш англи хэлээр тасралтгүй гарч буй, Хонконгийн хамгийн олон хувь хэвлэгддэг, нөлөө бүхий өдөр тутмын сонин юм. Түүхийнхээ туршид Хонконгоос гадна АНУ, Малайзын хэвлэл мэдээллийн компаниудын эзэмшилд байсан тус сонин өнөөдөр “Alibaba Group”-ийн эзэмшилд байна.

     Сэтгүүлч Ральф Жэннингс нь АНУ-ын Бэрклийн их сургуулийг олон улсын харилцааны мэргэжлээр дүүргэсэн. Тайванийн Тайбэй хот дахь “Reuters” агентлагийн салбарт ажиллаж байгаад 2022 оноос “South China Morning Post” сонины Улс төрийн эдийн засгийн албанд ахлах сурвалжлагчаар ажиллаж байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.